Төсөв-2023: Асуудал нь тэгш хуваахдаа биш!

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

Төсөв-2023: Асуудал нь тэгш хуваахдаа биш!

Төсөв-2023: Асуудал нь тэгш хуваахдаа биш!

Ирэх оны улсын төсвөөс хүлээж буй гол реформ энэ. Төрийн өмчийг хяналтад оруулахгүйгээр хулгай, луйврыг нь зогсоох боломжгүй. Хөгжлийн банкийг тонож идсэн хэрэг бол төрийн өмчийг хяналтад оруулах цаг болсны дохио.

Засгийн газраас өнгөрсөн онд Шинэ сэргэлтийн бодлогоо зарлаж, алсын хараагаа тодорхойлсон. Улсын төсвийг ч энэ хүрээнд боловсруулж, батлах болсон билээ.  Ирэх 2023 оны улсын төсвийг ч Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боловсруулснаа эрх баригчид онцлох болсон агаад хэмнэлтийн хүрээнд, тойргийн жижиг хуваарилалтаас татгалзсан, хөрөнгө оруулалтыг танасан төсөв болсныг тайлбарлаад буй.

Эсрэгээрээ эдийн засагчид дагуу хэт хөөсрөлттэй, зардал ихтэй үрэлгэн гэж дүгнэж байгаа. Ямар ч байсан боловсруулсан төлөө Сангийн сайд Б.Жавхлан  “Монгол анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарласан нь олон жил ярьсан төсвийн реформын эхлэл цэг болсон” гэж тодотгож байна лээ.

Төсвийн төслийг уншихад ирэх онд эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр Засгийн газар төлөвлөжээ. Түүнчлэн төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулж, хөрөнгийн зах зээлээр дамжуулж олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг ирэх онд идэвхжүүлэхээр болжээ. Жишээ нь, Банкны тухай хуульд заасны дагуу Төрийн банк нээлттэй хувьцаат компани болохоор үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслолыг арваадхан хоногийн өмнө зохион байгуулсан. Ингэснээр банкны салбарт нээлттэй болохоос гадна олон нийтийн хяналт тогтож, дотоодын хөрөнгийн зах зээлийн өрсөлдөх чадвар сайжирна. Сангийн сайдын яриад байгаа реформуудын нэг.

Ирэх жил Хэнтийд 271 тэрбумын 92 төсөл, Төв аймагт 163 тэрбумаар 48 төсөл, Архангай аймагт 107 тэрбумаар 49 төсөл, Дорнод аймагт 92 тэрбумын 31 төсөл, Дархан-Уулд 90 тэрбумаар 39 төсөл, Ховдод 42 төсөл хэрэгжүүлэхэд 82 тэрбумыг, Хөвсгөлд 61 тэрбумын 62 төсөл, Баянхонгорт 34 төслийг 57 тэрбумаар, Баян-Өлгийд 56 тэрбумын  43 төсөл, Өвөрхангайд 52 тэрбум төгрөгөөр 31 төсөл, Увс аймагт  43 төслийг 44 тэрбумаар, Өмнөговьд 43 тэрбумын есөн төсөл, Говь-Алтайд 43 тэрбумын 54 төсөл, Булганд  40 тэрбумын 30 төсөл, Дорноговьд 36 тэрбумаар 13 төсөл, Сэлэнгэд 34 тэрбумын 33 төсөл, Сүхбаатарт  28 тэрбумаар  23 төсөл, Завхан аймагт 24 тэрбумын 40 төсөл, Дундговь аймагт 24 тэрбумаар 29 төсөл, Орхон аймагт 19 тэрбумын 15 төсөл, Говьсүмбэрт 11 тэрбум төгрөгөөр есөн төсөл хэрэгжүүлнэ гэж улсын төсөвт суулгаж өгчээ.

Жил, жилийн төсөв дээр хуваарилалт нь шог тухай яриа байнга л гардаг. Хэн сайд болно, түүний нутагт том  хөрөнгө оруулалт хийгддэг тухай  иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилж байна.  Тийм ч биз, үгүй ч биз. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтайдаа хамаг том төсөв хуваарилах ёстой баймаар. Хэнтийн хувьд эх түүхээ эргэлтэд оруулахаар бүтээн байгуулалт эхлүүлсэн. Түүнийгээ олон он дамжуулалгүйгээр дуусгах ёстой. Он дамжих тусмаа төсөвт хорлонтой. Үүнийг л болиулахаар 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарласнаа Сангийн сайд тодотгоод байгаа хэрэг.

Ирэх оны төсөв жижиг тойрог руу чиглэсэн гэхээсээ том асуудлаа шийдвэрлэхэд анхаарсан болохыг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцолсон нь “Улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, шилжих төслүүдийн урсгал зардалд төсвийн дарамт үүсдэг байсан тогтолцоог халж, цаашид шинээр санхүүжүүлэх төслүүдийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, Эдийн засгийн хөгжлийн яам нэгдсэн байдлаар төлөвлөж, Сангийн яам санхүүжүүлдэг тогтолцооны реформ руу шилжинэ” гэх тайлбар.

Улсын мөнгө ёолдоггүй биш. Улстөрчид ингэж ойлгодог болохоос улсын мөнгө ёолдог. Ёолдог байсан нь эдийн засагт хямрал, өвдөлтөөр илэрч байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын төсөв ерөнхийдөө “тойрог услах” зориулалттай явж ирсэн нь худлаа биш.

“Тойргийн мөнгө” нэрээр гишүүдийг авлигаддаг, гишүүд нь сонгогчдоо авлигаддаг нь гэм биш зан болсон. Анх 2004 онд 10 саяас эхэлсэн энэ мөнгө дөрвөн тэрбум болтлоо нэмэгдсэн. Гэлээ гээд хөдөөд ажлын байр нэмэгдсэн нь үгүй.  Иймээс төсвийг орон нутагт  жигд хүртээмжтэй хуваахаас илүү улсын хөгжилд нэн чухал төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулахыг эдийн засаг өөрөө ч шахаж, шаардаж эхэллээ. Зуу хүрэхгүй хүүхэдтэй хөдөөд 250 хүүхэдтэй сургууль барьж өгөх үү, эсвэл хотод ангидаа 50-60-уулаа, хоёр, гурван ээлжээр сурдаг сургуулиуддаа өргөтгөж, шинэчлэх үү гэдгийг “тэгш хүртээмжээтэйгээр” нь биш нэн чухлаар нь шийддэг байх ёстой юм. Сонгуулийн өмнөх жилийн төсөв элбэг, дэлбэг, элдэв амлалтаар дүүрдэг байсан. Энэ удаад эрх баригчид жижиг тойргоор нь хуваах биш том зургаар нь харж төсөвлөсөн болохоо хэлж байна. Тийм бол яамай, ямар ч байсан  болсон болоогүй бурхан, суварга, хөшөө, дурсгал, хэрэгтэй хэрэггүй бассейн, саун барьж байхаар том төслүүдээ хөдөлгөж, гол рефомоо хийх хэрэгтэй. Сонгуульд зориулж амлаж, ажиллах биш хөгжилд зориулсан хөтөлбөр, төслийг л хэрэгжүүлэх цаг болсоон, болсон.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж