Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд “Урлагийн их наадам” зохион байгуулах тухай өнөөдөр /2022.10.10/ үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаар наадмын удирдамжийг танилцуулж, иргэд байгууллагуудад мэдээлэл хүргэв.
Сонсголгүй иргэдийн соёл урлагийн холбоо нь 1986 онд байгуулагджээ. Түүнээс хойш сонсголын бэрхшээлтэй иргэдийн авьяас чадварыг хөгжүүлэх, нийгэм дэх соёлын орон зайг бий болгох арга хэмжээг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Энэ жил арваннэгдүгээр сарын 8-нд урлагийн наадмыг дөрөв дэх удаагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн их наадам нь энгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтын ажиллагаа, эв найрамдлыг бэхжүүлэх зорилготой юм.
Сонсголгүй иргэдийн соёл урлагийн холбооний ерөнхийлөгч Ө.Амарзаяа:
-Урлаг уран сайхны бүх л салбарын бүтээлүүдийг хүлээж авахаар төлөвлөж байна. Сонсголгүй иргэд өөрсдийн онцлогтой байдаг. Хараан дээр суурилсан мэдээ мэдээлэл хүлээн авах чадвартай учраас уг наадмын хугацаанд та бүхнийг хамтран ажиллаж, хүний эрхийн мэдрэмжтэй хандахыг хүсч байна. Өмнөх жилүүдийн сургалт, тэмцээн, үйл ажиллагааг бид өөрсдийн хөрөнгөөр, ар гэрийхний тусламж дэмжлэгээр явуулдаг байсан. Энэ удаагийн арга хэмжээнд иргэд, албан байгууллагууд, төрийн бус байгууллагуудыг хамтран ажиллахыг чин сэтгэлээсээ хүсч байна.
Нийгмийн бусад үйл ажиллагаанаас ангид байдаг иргэдийн авьяас чадвар, нийгмийн оролцоог хөгжүүлэхэд бидний зорилго оршдог. Гэр бүлд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг айл өрхийн бусад гишүүн ч дохионы хэлийг сайн түвшинд сурсан байдаг. Энэ хүмүүс ч мөн уг наадамд оролцох боломжтой гэлээ.