Улаанбаатар хотын түгжрэл үеийн үед толгойны өвчин байсаар ирсэн. Түгжрэлийг бууруулахад 420 тэрбумыг зарцуулсан ч хотын гудамжинд автомашинтайгаа хонох нь холгүй хэвээр. Улаанбаатарын түгжрэлд шилжилт хөдөлгөөн, тээврийн хэрэгслүүдийн тоо, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын соёл, сургууль цэцэрлэг, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал гээд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Тэгвэл Оросоос автомашинтайгаа орж ирж буй иргэд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчихөөс гадна түгжрэлд нөлөөлж байна гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд иргэдээс гарах болсон.
Цэргийн дайлчилгаанаас болж ОХУ-аас цөөнгүй иргэн Монголд орж ирсэн. Тухайлбал, есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 4-ний хооронд нийт 4896 автотээврийн хэрэгсэл Монголын хилээр орж ирж, мөн хугацаанд 4646 автотээврийн хэрэгсэл гарсан” гэх мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлэлд дурджээ.
Ингээд ОХУ-ын дугаартай автомашиныг Улаанбаатарт дугаарын хязгаарлалтад орж байгаа эсэх, оросууд замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл ямар арга хэмжээ авах талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.
-Улаанбаатарт явж буй автомашинууд дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцдог. Тэгвэл Оросоос орж ирж байгаа авто машинуудад дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа юу?
-ОХУ-ын иргэн Монгол Улсын виз олгох журмын дагуу Монгол Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Тиймээс энэ хугацаанд ОХУ-ын автомашин дугаарын хязгаарлалтгүй зорчино гэсэн үг. Визний хугацааг сунгуулсан түр оршин суух эрх авсан тохиолдолд автомашины бүртгэлийг Монгол Улсад бүртгэж, дүрэм журамын дагуу хөдөлгөөнд оролцоно.
-ОХУ-ын автомашинд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авч байгаа вэ. Тэд ихэвчлэн ямар зөрчил гаргаргаж байна вэ?
– Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын газар нутагт зорчиж байгаа аль ч улсын иргэн хууль, шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй байна. Дүрэм журам зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу зохих арга хэмжээг авч хариуцлагыг хүлээлгэнэ. Иймд ОХУ-ын зөрчил гаргасан жолооч, тээврийн хэрэгсэлд зохих торгуул шийтгэлийг оноож байна.