БАЙР СУУРЬ: Засгийн газар инфляциас татвар авч эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Засгийн газар инфляциас татвар авч эхэлж байна

БАЙР СУУРЬ: Засгийн газар инфляциас татвар авч эхэлж байна

Монгол Улсын эрчим хүчний салбар 2020 оны жилийн эцсийн тайлангаар 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2021 онд 5.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ онд алдагдал улам өсөх мэдээллийг мэргэжилтнүүд өгч буй юм. Өндөр алдагдалтай эрчим хүчний салбар засвар, шинэчлэлээ бүрэн хийж чадахгүй, нэг зуух, генератор эвдрэхэд улсаараа цахилгаангүй болох бодит эрсдэлтэй нүүр тулаад буй билээ.

Бодлого тодорхойлогчид 2023 оноос цахилгаан, дулаан, усны мөнгийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэн, ирэх оны төсвийн төсөлд тусгасан. Гэхдээ айл өрхийн цахилгаан, дулааны тарифыг ирэх жилдээ нэмэхгүй, харин ААН, байгууллагын цахилгаан, дулааны тарифыг чөлөөлөхөөр тусгасан. Энэ талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.


"МАНАЙХ ИЙМ ЭНЭРЭНГҮЙ БОДЛОГО ЕРӨӨСӨӨ ХИЙДЭГГҮЙ, ХИЙХГҮЙ 30 ЖИЛ БОЛЖ БАЙНА"

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.ЛХАГВАЖАВ: 

-Эрчим хүчний яам цахилгааны дундаж үнэ болох 175.0 төгрөг/кВт.ц-ийг 28.0-30.0 хувиар нэмэгдүүлж, бодит өртөгт нь нийцүүлэх саналыг 2023 оны төсвийн төсөлд тусгажээ. Эхлээд аж ахуйн нэгжийн хэрэглэсэн цахилгаан, дулаан, усны тарифыг нэмнэ гэлээ. Хэр цагаа олсон, зөв шийдэл вэ? 

-Төлөх ёстой. Бид Covid-19-ийн үед "Эрдэнэт"-ээс мөнгө авч, цахилгааны төлбөрөө төллөө. Тухайн үедээ Covid-19-д хэрэглэсэн боловч яг үнэндээ улсын салбарыг доошоо унагасан юм. Тэгэхээр төлөхөөс өөр арга байхгүй. Гэхдээ төлж байгаа үнэ нь яг нарийндаа инфляцийн л дүн байна. Нэг их ялгаа байхгүй, нэгдүгээрт. Хоёрт, манай Засгийн газар инфляциас татвар авч эхэлж байна. Төгрөгийн ханш унасан үед татвар нэмнэ гэж байгаа боловч яг үнэндээ инфляцид идэгдсэн мөнгөнөөс өндөр татвар авахаар орж ирж байгаа харагдаж байна. Яг бодит байсан үнэ цэнээрээ тэрийг нөхөж чадахгүй.

-Хувь хүний орлогын албан татварын орлогыг өмнөх жилүүдийн орлогын гүйцэтгэл, цалин хөдөлмөрийн хөлсний өсөлт зэрэгтэй уялдуулан энэ оны батлагдсан дүнгээс 11.5 хувиар нэмэгдүүлэн, 1,262.8 тэрбум төгрөгт хүргэхээр тооцсон байна. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү? 

-Инфляцийн татвар гэж яг наадахыг чинь хэлж байгаа юм. Хэдийгээр засаг төр, аж ахуйн нэгжүүд ашигтай ажилласан юм шиг харагдаж байгаа боловч Covid-ийн 2 жил, дайны нэг жил, өмнөх 2013-2017 оны хямрал гээд аж ахуйн нэгжүүд сүүлийн есөн жил бүх нөөцөө шавхаад дуусч байна. Тэсч үлдсэнийх нь төлөө дахиж өндөр татвар авах гэж байгаа байдал юм. Энэний оронд хамгийн шилдэг арга бол НӨАТ-ын 5-7 хувийг иргэддээ буцааж өгөх. Одоо хоёр хувийг буцааж өгч байна. Энэ бол цэвэр хувь хүний орлогын албан татвар. Үүнийг манай ихэнх иргэд буюу 1.2 сая иргэн цэвэр цалингаасаа төлдөг. Бүх даатгал, татвараа төлчихөөд, гараад худалдаа үйлчилгээ авахад НӨАТ-ын татвар төлдөг. Тийм учраас тэр татварыг энэ жил буцааж өгөх хэрэгтэй, нэгдүгээрт. Хоёрдугаарт, зарим аймгийн төсөв зарим газрын хахуульд авдаг мөнгөнөөс 10 дахин илүү харагдаад байна. Төсвийн тендер, нийтийн мөнгөний дахин зарцуулалтыг авлигагүй болгохын тулд НӨАТ-ыг төр өөрөө 100 хувь буцааж авах ёстой байдаг. Тэгвэл тендер, концесс, нийтийн мөнгөөр хийж байгаа ажил, үйлчилгээний голоос луйварчид авлига авч чадахгүй. Ийм аргыг нийтийн шинэчлэлээс хойш зөндөө хэлж байгаа, төр засгийнхан нэг нь ч хүлээж авахгүй байгаа юм. Төрийнхнийг би авлигад дуртай байна гэж бодож байна.

Шатлалын системийн тухайд 2018 онд ОУВС-тай хамтран ажиллаад, Чойжилсүрэн Сангийн сайд байхдаа хувь хүний орлогын албан татварыг оруулж ирж байсан. 25 хувийн татвар тавина гээд. Тухайн үедээ хамгийн сайн ажиллаж байсан уул уурхайн ажилчид хэлмэгдэхээр байсан. Тухайн хүний орлого цалингаараа өндөр харагддаг боловч нэг уурхайчны орлого ард нь яваа гэр бүлд нь хуваахаар бага гарна. Манайх одоо хувь хүний албан татварыг гэр бүлийн гишүүдийн тоонд хуваах шаардлагатай. Нэг хүн хэдийгээр 10 саяын цалинтай боловч 10 ам бүл тэжээдэг бо яах вэ? 10 саяын цалинтай боловч ганц бие бол нэг өөр хэрэг. Тийм учраас хувь хүний орлогын албан татварыг гэр бүлийнх нь гишүүдийн тоонд хувааж гаргаж үзэх ёстой юм. Манайх ийм энэрэнгүй бодлого ерөөсөө хийдэггүй, хийхгүй 30 жил болж байна.

-2023 оны төсвийн төсөл үнэхээр хэмнэлт хийж чадсан, чамбай төсөв гэж та бодож байна уу? 

-Наадах чинь Covid-19-ийн хоёр жилийн 8 их наядын алдагдлыг наагуураа л цайруулах гэж байгаа төсөв шүү дээ, өөр юм байхгүй. 4, 4 их наядын алдагдал байсан, тухайн үеийн Сангийн сайд мэдэж л байгаа. 2020, 2021 онд дайны байдал гээд, сонгуульд зориулсан. Халамжаас эхлээд бүх юм Ардын намын дөрвөн жилд хийсэн ажлын үр дүн. Иргэд өөрсдөө бэлэн юм руу орсон юм шиг мэдээлэл нийгэмд тараагаад байх юм. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ажлын үр дүнд ажилгүйдэл гаарч, ажил хийхийг хүсэхээ байсан халамжийн маш олон иргэнтэй болсон. Төсвийн хувьд энэ жил алдагдлаа баталчих хэрэгтэй юм. Өмнөх гурван засгийнхаа макро эдийн засагт юу хийснийг хараарай, юу ч байхгүй. Одоо иргэд рүүгээ буцаад дайрч байна. Иргэд халамж авдаг боллоо, ажлаа хийхээ болилоо гээд. Энэ бүгдийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр зургаан жил сургасан.


"ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ АВРАХААС ӨӨР АРГАГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ БАЙНА"

СЭЗИС-ийн багш, дэд профессор Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

-Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны төсөвт төрийн байгууллага, ажил үйлчилгээ эрхлэгчдийн цахилгаан, дулаан, усны зардлыг нэмэгдүүлсэн дүнгээр тооцож оруулсан талаар мэдээлсэн. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу? 

-Хоёр талтай л хариулах байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, Монгол Улсын эдийн засгийг сэргээх, дэмжих шаардлага бидэнд бий. Энэ "шийдвэр" бүхний эсрэг байгаагаараа жаахан эргэлзээтэй. Хоёрдугаарт, өнөөдөр бид эрчим хүчний салбараа яах вэ гэсэн маш том тулгамдсан асуудалтай болоод байна. Үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй хэмжээний эрчим хүчний эх үүсвэртэй. Өнөөдрийн ажиллаж буй эрчим хүчний тогтолцоо төрийн зохицуулалттай, Эрчим хүчний зохицуулах хороо зохицуулаад, үнийн хувьд зардлаа нөхөж чадахгүй түвшинд очсон байгаа нь бидний хувьд өнөөдрийн байдлаар хамгийн том тулгамдсан асуудал. Энэ нь эдийн засаг сэргэхгүй байгаа шалтгаан болоод байна. Тийм учраас бид эрчим хүчний хувьд зоримог шийдэл гаргахаас өөр аргагүй. Энэ хүндрэлтэй үед огцом нэмэх нь хэр үндэслэлтэй вэ гэдэг тооцоо судалгаа хийх нь маш чухал. Эдийн засгийн бага зэргийн өсөлт ажиглагдах гээд байгаа үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих ёстой гэсэн "бөөрөнхий" байр суурьтай болчихоод сууж байна. Чойжилсүрэн нарын яриаг харлаа. Гол нь эрчим хүчний салбарыг аврахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байна. Бидний өнөөдрийг хүртэл явсан буруу бодлогын үр дүн энэ.

-Арайхийн хөл дээрээ тогтож ядаж буй аж ахуйн нэгжүүдэд илүү дарамт болохгүй юу?

-Дарамт болно, энэ нь эргээд ч олон сөрөг үр дагавартай. Юмны үнэ өснө, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Гэхдээ том эрх ашгаа харвал яалт ч үгүй эрчим хүчний салбарт дорвитой шийдэл хийхээс өөр аргагүй. Эрчим хүчний үнийг харьцангуй чөлөөт тогтолцоо руу чиглүүлэх, эх үүсвэрийг тасралтгүй нэмэгдүүлж, зөвхөн хэрэгцээгээ хангах төдийд биш, цаашдаа Улаанбаатар хот, бүс нутагт эдийн засаг тэлэх суурь дэд бүтэц гэдэг утгаар эрчим хүчний нөөц эх үүсвэртэй байх ёстой болчихоод байна.

-Хувь хүний орлогын албан татварын талаар орсон төсөөллийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдрийн хувьд хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцооны хувьд арай эрт юм болов уу гэж бодож байна. Учир нь өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн тогтолцооны нөхцөл байдал өөрөө гажуудсан. Өнөөдөр чинээлэг гэж хэнийг тодорхойлох вэ гэдэг эргэлзээтэй. Чинээлэг дундаж давхарга бий болгох гэсэн том зорилго бий. Бодит нөхцөл байдалд чинээлэг, дундаж давхарга бүрэлдэн бий болж чадаагүй байна гэж хэлнэ. Тийм учраас өнөөдөр бид тийм тогтолцоо нэвтрүүлэх нь төсөвт том орлого бий болгож чадахгүйгээс гадна хамгийн бүтээлч хэсэг рүүгээ халдсан татварын дарамтыг шинээр үүсгэнэ. Иймд цаг хугацааны хувьд хойшлуулсан нь зүйтэй юм болов уу гэсэн байр суурьтай байна. Хоёрдугаарт, татвар гэдэг зүйл өөрөө тодорхой зарчим, цаг хугацаатай байдаг.

-Гаднын орнуудын туршлага ямар байдаг вэ?

-Татварын орчин шударга, тэгш. Шаталсан татварууд, түүнээс ч өндөр татварууд ашигладаг тохиолдлууд бий. Гэхдээ тэдгээрийн татварын өөрчлөлт, хөгжлийн үйл явцыг харвал нийгмийн хөгжил нэлээн өндөр түвшинд очсон, хүн амынх нь орлого нэлээд дээд түвшинд хүрсэн, дундаж давхаргын эзлэх байр суурь нэмэгдсэн, эдийн засаг харьцангуй тогтсон учраас өндөр, шаталсан татвар ашиглаж ирсэн байдал ажиглагддаг. Тийм учраас бид татварын бодлого дээр энэ бодлогоосоо илүү Сангийн яамнаас төсвийн төсөлд оруулж өгсөн татварын бааз суурийг тэлэх, далд эдийн засгийг ил болгох тал руу хандах нь зүйтэй. Ингэвэл илүү их үр ашигтай татварын шинэчлэл болох болов уу.

-2023 оны төсвийн төслийг харахад хэмнэлтийн хуулийн дагуу хэмнэж чадаж уу? Эдийн засгийн бодит нөхцөл байдалд хэр нийцсэн төсөв болж чадсан гэж та бодож байна вэ?

-Яах вэ, төсөв дээр дэвшил бол бий. Харьцангуй шинэ хөрөнгө оруулалт оруулаагүй, өнөөдрийн хуульчилсан түвшнээсээ төсвийн алдагдлыг бага түвшинд оруулж ирсэн сайн талууд бий. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал маш эмзэг байна гэж би хувьдаа үзэж байна. Тийм учраас төсөв дээд зэргийн хэмнэлттэй байх ёстой. Хэмнэлтийн тухай хуулийн дагуу орон тоо,  автомашин, бусад зүйлс гээд 1 их наяд төгрөг хэмнэнэ гэсэн зүйл төсвийн баримтад бий. Энэ хэмнэлт сайн боловч төсвийн тэлэлт гэдэг нэг ойлголт байна. Төсвийн орлого, зарлагыг 20 гаруй хувиар тэлсэн байсан санагдаж байна. Төсвийг тэлэхгүй, ялангуяа зардлыг өсгөхгүй байх чиглэлд илүү анхаарах шаардлагатай. Дараагийн асуудал нь Монгол Улсын төсвийн шинэчлэлийн тухай яригдаж байгаа энэ үед бид уламжлалт төсвийн орлого, зарлага, халамж, тэтгэвэр тэтгэмж, өрийн тухай асуудал, хөрөнгө оруулалтын гурван зүйл дээр төвлөрч яриад байна. Гэтэл яг үндсэн суурь бодлого төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан гэсэн гол салбарууд нь хаана явна вэ гэдэг ойлголт орхигдчихсон. Та бүхэн ажиглаж байгаа байх, УИХ дээр төсөв ярихаар тэр тойргийн төсөв их, тэр тойргийн хөрөнгө оруулалт бага байна гэж ярьж буйг. Төсөв гэдэг бодлогын хувьд ямар байх ёстой вэ, тэр бодлогодоо хэр нийцэж байна вэ гэдэг асуудлыг бид илүү их анхаарах шаардлагатай байна.


-ОРЛОГЫН ШАТАЛСАН ТАТВАРЫН СИСТЕМ ЗҮЙТЭЙ-

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Б.БАТ:

-2023 оноос аж ахуйн нэгжүүдийн хэрэглэсэн цахилгаан, дулаан, усны мөнгийг нэмэгдүүлэх талаар ирэх оны төсвийн төсөлд тусгажээ. Та байр сууриа илэрхийлэхгүй юү? 

-20-30 хувь нэмнэ гэсэн байна лээ. Асуудлын гол нь гэнэт, огцом нэмэгдэх гээд байна. Ерөнхийдөө манай цахилгаан эрчим хүч татаастай явдаг. Цахилгаан, эрчим хүчний үнийг олон жилийн өмнөөс бага багаар нэмээд, инфляцитай уялдуулаад явах ёстой байсан. Улстөрчид үнийг барьсаар байгаад, одоо эрчим хүч маань өөрөө зах зээлийнхээ системээр ажиллаж чадахгүй, дампуурахад хүрээд байгаа учраас нэмэхээс өөр аргагүй болж байна.

-Хувь хүний орлогын албан татварын шаталсан системийг та дэмжиж байна уу? 

-Ер нь орлогын шаталсан татварын систем зүйтэй. Их орлоготой нь өндөр, бага орлоготой нь бага татвар төлнө. Цар тахал болоод, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ маш бага боломжтой байгаа бол шинээр аж ахуйн нэгж үүсгэж буй тухайд татварын асуудлыг дахиж харах асуудал бий гэж бодож байна. Татварын, нийгмийн даатгалын хөнгөлөлт гэх мэт хөнгөлөлт байх ёстой.

-Хэр бодит төсөөллүүд байна вэ?

-2023 оны төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээн нэмэгдсэн төсөв байна лээ. Ерөнхий дүнг нь харсан. Нэгдүгээрт, төсвийн реформ буюу шинэчлэл гэж ярьж байгаа нь бодит утгаараа ерөөсөө байхгүй байна. Бид хэзээ төсвийн реформ хийгдлээ гэж ярих вэ гэхээр алдагдалгүй төсөв баталсан үед. Одоо манайх төсвөө алдагдалтай батлах гээд байна. Төсөв алдагдалтай баталсан тохиолдолд Монголбанкнаас явуулж буй мөнгөний бодлого ямар ч үр дүнд хүрэхгүй. Нэгд, инфляцийг алдах, хоёрт, өрийн дарамтад орох, тухайлбал, Шриланкийн араас орохгүйн тулд, гол нь валютын ханшаа алдахгүйн тулд бид төсвөө алдагдалгүй батлах ёстой. Ингэж чадаагүй тохиолдолд бид төсвийн реформ, шинэчлэл гэж ярих угаасаа утгагүй юм.


"ЗАХ ЗЭЭЛИЙНХЭЭ ҮНЭ ХАНШААР Л ТОГТОХ ЁСТОЙ"

Санхүүч Г.БАТЖАРГАЛ:

-2023 оны төсвийн төсөлд эрчим хүчний тарифыг чөлөөлөх санал туссан. Эхний ээлжид зөвхөн аж ахуйн нэгжүүдийн хэрэглэсэн тог, дулааны үнэ нэмэгдэх бөгөөд аажимдаа иргэдийн хэрэглээний тарифыг шаталсан байдлаар өсгөх нь. Зөв үү? 

-Зах зээлийнхээ үнэ ханшаар л тогтох ёстой гэж бодож байна. Хамгийн гол нь үндэслэлтэй. Нэмэхгүй байхаар цахилгаан станцууд, нүүрсний станцууд бүгд хоорондоо өр, авлагатай. Хямдхан үнэ төлөөд байгаа юм шиг мөртлөө цаагуураа бид татвараараа төлөөд байгаа юм. Яг бодит үнээр нь тогтоохгүй болохоор нөгөө байгууллагууд хугацаандаа мөнгөө авч чадахгүй, том станцууд урсгал зардал их. Тоног төхөөрөмж эвдэрсэндээ биш байнга сэлбэг хэрэгсэл, техникийн шинэчлэл хийх шаардлага байдаг. Түүнийгээ хийж чадахгүй болохоор яваандаа өндөр үнэ төлж авахад хүрч байна. Хэвийн цахилгаан дулаанаа авах ёстой ч багаар төлсөөр байгаад сүүлдээ ачаалал ихэссэн, жишээлбэл, эрчим хүчний салбарт. Ноднин тоолуурынхаа бүр дээд цэгт хүрснийг Эрчим хүчний яамнаас мэдээлж, телевизээр үзүүлээд байсан нь энэ жил бас давтагдсаар байна. Тиймээс зохих ёсоор нэмэгдэх ёстой. Англи бил үү, Австралид 120 еврогоор авч байсан эрчим хүчний үнэ одоо 2000 ам.доллар болоод, түрүүчээсээ эсэргүүцээд эхэлж байна. Тэгэхээр зах зээлийн зарчмаараа шийдэх ёстой. Ерөнхийдөө халамжийн бодлогын л нэг хэлбэр болчихоод байгаа юм. Гэхдээ далд хэлбэрээр буюу татвар хураамжаар бид тэр мөнгөө төлөөд л байгаа шүү дээ. Татвараа бид илүү хэрэгцээтэй зүйлд хийх ёстой байтал станц, уурхай руу татаас хэлбэрээр гүйлгэчихээд байгаа юм. Нэг, хоёр удаадаа байж болно. Гэтэл олон жил барьчихаар урсгал зардал, техник шинэчлэл, станцуудын хүчин чадлын нэмэх зэргээр ерөөсөө хөрөнгө оруулалт хийж чадахгүй.

-Аж ахуйн нэгжүүд тийм ч таатай хүлээж авахгүй байна. “Дайран дээр давс” гэгч болох нь гээд?

-Үгүй, дарамт болно шүү дээ. Өөр яах вэ…

-Хувь хүний орлогын албан татварыг өөрчлөхөөр 2023 оны төсвийн төсөлд тусгасан. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Нарийн юмыг нь хараагүй. Сошиалаар бичээд байгаа шиг арай ч тийм бүдүүлэг юм хийхгүй байх гэж бодож байна. Орсон орлого болгоноос нь татвар авна гэсэн юм байхгүй байх аа. Харин тэрийг судалмаар байгаа юм. Хэнээс тийм юм сонсчихоод яваад байна вэ. Татварын тухай хуульд л өөрчлөлт оруулахгүй бол угаасаа шийдэхгүй л дээ. Хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс шууд дансаа өгөөд, том гүйлгээ хийдэг. Тэдгээрийг л хамруулах гэж буй санаа байх. Тэднийг оруулах гэж буй бол НӨАТ-аар нь ялгаж салгах хэрэгтэй. Бүгдийг нь НӨАТ-ын баримт өгдөг болгоод, тухайлбал, би "Нарантуул"-аас 100 мянган төгрөгийн худалдан авалт хийлээ гэхэд түүндээ таарсан НӨАТ-ын баримт авдаг болбол энэ цэвэр худалдан авалт юмаа гэдгийг нотлоод, тэндээс нь татвар авах шаардлагатай болох байх. Тэрнээс биш миний данс руу цалин орлоо, манай нягтлан татвар суутгана. Дахиад мөнгө орж ирлээ гэж бодъё. Эцэг эх, үр хүүхдүүд хоорондоо байнгын гүйлгээ хийж байгаа шүү дээ. Тэр болгоноос татвар авна гэсэн тийм бүдүүлэг систем байхгүй байх аа.

-2023 оны төсвийн төсөл бодит нөхцөл байдалтай нийцэж байна гэж бодож байна уу? 

-Төсөв зөвхөн 2023 ондоо биш л дээ. Хүмүүс яг тийм зардал тэрэн дээр тохогдсон байна, энэ дээр тохогдсон байна гээд тухайлчилсан юм яриад байна. Энэ нь хэрэгтэй зардал уу, хэрэггүй юу гээд. Би бүгдтэй нь адил юм яримааргүй байна. Ер нь төсөв тооцож байгаа улсууд хамгийн түрүүнд гарах зардлаа тооцдог. Тэр зардал дотор юу сууж байна вэ гэхээр 76 гишүүн, сайд дарга нар бүгд юмаа тохирно. Бүгд тэр аймгийн тэр гүүр, хүмүүсийн яриад байгаа соёлын төв, хөшөө гээд бүх юмаа тусгачихна. Тэгэнгүүт хий зардал маш өндөр болно. Түүний санхүүжилтийг төсвийн орлогоор гаргана шүү дээ. Энгийнээр, 20 их наядын зардал гарвал 18, 19 дээр нь орлогыг нь төлөвлөөд, зөрүүг нь төсвийн өр болгоод суулгачихаж байгаа юм. Ямар ч тооцоогүй гэх юм уу даа. Тэр өрийг дарахаар энд тэндэхийн зээл тусламжаар санхүүжилт хийнэ. Бид ерөөсөө орлогод суурилсан төсөв зохиодоггүй. Дандаа зардалд суурилдагаараа алдаа гаргадаг.

-Орлогыг яаж өндөр төсөөлөөд байна вэ?

-Ямар ч байсан энэ 20 их наядын зарлагыг давсан орлого байх ёстой гэдэг. Гол орлого олж буй нь нүүрс. Нэг хэсэг 42 сая, энэ жил 36 сая гээд аймаар өндөр өндөр төсөөлөөд, үнэ ханшийг нь зах зээлийн гаднын таамагласан хамгийн өөдрөг төсөөллөөр аваачиж тавиад, хооронд нь үржүүлээд, за ингээд болгочих юм байна гэдэг. Үнэхээр бид 36 сая тонн нүүрс зарж чадах уу гэдэг асуудалтай. Төмөр зам маань мухар, дамжуулан ачих терминал жилийн дараа ашиглалтад орно. Тийм байж дахиад 30, 40 саяар нь зарах боломж бий юү. Дээр нь гадна, дотнын нөхцөл байдлаа бодох хэрэгтэй. Хятадын эдийн засаг агшаад ирэхээр коксжих нүүрсний хэрэглээ тэнд буурч таарна. Тэгж бас их авах уу, үгүй юү. Хажуугаар нь ОХУ болон бусад орнуудаас Хятад руу нүүрс экспортлож буй хэмжээ нэмэгдээд, хойшоо ухраад байна. Тэр өрсөлдөөнд бид амжилттай өрсөлдөж чадах уу, үгүй юу гэдгийг ерөөсөө тооцохгүйгээр шууд тэр гишүүний тийм санхүүжилтийг нэмсээр байгаад нэг тоо гаргана, түүнийг автоматаар давуулсан төсөв хийнэ. Давуулж чадахгүйгээ мэдээд арай багаар төсөөлөөд, зөрүүг нь өр болгочихоод байгаа юм. Ингээд жил бүр өр нэмэгддэг. Тэгэхээр 2023 он гэхээсээ илүү ерөөсөө төсөв зохиож буй арга, аргачлалаа өөрчилж, төсвийн реформ хийхгүй бол 2024 онд дахиад л ийм байдалтай гарна. Сонгуулийн жил наадуул чинь байдаг юмаа тавина, зөрүүд нь өр л өснө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж