Зарим шатахуун түгээгүүрийн газар өнгөрсөн сараас АИ-92 бензин зарахгүй гэж мэдэгдэл гаргасан. Үүнийг Ашигт малтмал газрын тосны газраас тодруулахад “Улсын хэмжээнд аравдугаар сарын 5-ны байдлаар нийт 104 мянга 500 тонн шатахууны үлдэгдэл байна. Үүнээс А-80 автобензин 7850 тонн, АИ-92 автобензин 24 мянга 600 тонн, АИ-95 автобензин 4239 тонн, Дизель түлш 70 мянга гаруй тонн үлдэгдэлтэй байгаа.
Зарим аж ахуй нэгжийн нийлүүлэлтэд тасалдал үүссэн асуудал гарсан. Энэ нь шатахууны нөөцгүй болсон гэсэн үг биш.
Одоогоор А-80 автобензин 47 хоног, АИ-92 автобензин 18 хоног, АИ-95 автобензин 32 хоног, Дизель түлш 26 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна. Зарим аж ахуйн нэгж дотоод нөхцөл байдлаас шалтгаалж бензин зарахгүй байгаа гэх гомдол ирж байгаа ч энэ нь тасалдал үүсч, үнэ өснө гэсэн үг биш” гэв.
МТ ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ Л АИ-92-ЫГ ТАЛОНООР ОЛГОЖ БАЙГАА
АИ-92 бензин зарахгүй байгаа асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, АИ-92 бензин зарахгүй байна гэх иргэдийн гомдол болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн мөрөөр холбогдох газруудаас тодруулсан.
МТ шатахуун түгээх станцад нийлүүлэлтийн доголдол үүсч, наймдугаар сарын сүүлээс АИ-92 бензинийг нийтэд худалдаалахгүй байгаа тул хэрэглэгчид бусад шатахуун түгээх станцаас авч ачаалал нэмэгдсэн байна.
Үүнээс болж бусад компанийн шатахуун түгээх станцуудын тухайн өдрийн бензин хэвийн хэрэглээнээс өмнө дуусаж байгаа бөгөөд өдрийн цагаар хот дундуур тээвэрлэх хориотой учир цаг тухайд нь сумлах боломжгүй, шөнийн цагаар сэлбэж байна гэх мэдээллийг өглөө.
"Магнай Трейд" ХХК улсын хэмжээнд 150 шатахуун түгээх станцтайгаас 30 нь Улаанбаатар хотод байдаг. Эдгээрийн зарим нь АИ-92 зарахгүй байгаа хэвээр аж.
Дээрх асуудлаас үүдэж шатахуун түгээх станц нэг бүрд ирэх ачаалал өндөр болсон учир нөөц буурсан мэт харагдаж, иргэд банкаа дүүргэж, нөөцлөх, дараалал үүсгэх явдал гарсан байна. "Магнай Трейд" ХХК-ийн бүтээгдэхүүний нийлүүлэлт ойрын хугацаанд хэвийн болох тул энэ хугацаанд бусад аж ахуйн нэгжүүдээс бүтээгдэхүүн авч талоноор зарах зохицуулалт хийсэн байна. Тус компаниас тодруулахад АИ-92 шатахууныг хэзээнээс хэвийн олгох нь тодорхойгүй байна гэлээ.
Холбоотой мэдээ