Шинэчлэлийн тусгал: “Urbanization” бидэнд юуг, хэрхэн ойлгуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

Шинэчлэлийн тусгал: “Urbanization” бидэнд юуг, хэрхэн ойлгуулах вэ?

Шинэчлэлийн тусгал: “Urbanization” бидэнд юуг, хэрхэн ойлгуулах вэ?

“Urbanization” гэхээр орчин үе, хотжилтын тухай санаа ой тойнд бууна. Сошиалд эзлэгдсэн, шигүү, бохир, төлөвлөлтгүй, хүн зон нь аз жаргалгүй хотын “үнэн” төрхийг зураач илчлэхээр хурц, зоримог илэрхийллүүд ашигласан байх болов уу гэсэн бодол төрнө. Ийм сэдвийг ингэж л хийдэг сэн дээ.

Харин үзэсгэлэнгийн танхимд хөл тавьсны дараа тэр хүлээлт жаахан өөрчлөгдөж байна. Элементүүд хотын өндөр, өндөр барилгуудыг илэрхийлж байгаа ч тэр нь ердөө дүрс төдий л гэлтэй. Сошиал орчныг харуулсан хэд хэдэн лого-тэмдэгт ч байна. Үүний дээр хөх, хөхөлбөр бараан өнгө зургуудын үндсэн дэвсгэр, уур амьсгалынх нь суурь болж байв. Ингээд л хотын тухай илэрхийлэмж нь болчихлоо гэж хармаар.

Сонирхолтой нь, энэ энгийн тэмдэгт төдий гэмээр дүрслэлүүд нь яах ч аргагүй хотын өнөөгийн дүр төрхийг илэрхийлж байхын сацуу тэндээс нэг л тийм хөлбөрөлтгүй, үнэнч шударгуу бөгөөд ямар нэг “чичрээ”-гүй, аж тайван хандлагыг мэдэрнэ. Өөрөөр хэлбэл үзэсгэлэнгийн гол бүтээлүүд дэх хотын тухай дүрслэл нь үзэгч рүү хэтийдэн хашгираагүй, дэндүү энгийн гэмээр… Гэвч тэр нь хотоо энгийн нэг үдэш зүгээр л байгаагаар нь ажиж зогсох шиг энгүүн мэдрэмж өгнө. Зургийн ерөнхий зохиомжоос ч үүдэн, ерөнхийдөө хотын агуулгыг алсаас, хүмүүсийн ярьдгаар “том зургаар” нь ажих мэт.

Гэхдээ энэ гол биш, учир нь хотын дүрслэл энэ зурагт бүх үүргийг хүлээгээгүй байна. Энд морь унасан, нүүдэл хийсэн монгол хүмүүс харагдана. Тэд монгол зургийн гэгддэг үндсэн арга, техникийн дагуу зурагдсан нь анзаарагдана. Зургийн дүрүүд сэтгэл, мэдрэмжийн ил шулуун илэрхийлэмжгүй. Сүг, сүүдрийн шинжтэй дүрслэгдсэн нь ч байх юм. Энэ дунд монгол гэр, маш том гэр, нүүдлийн гэр, цуваа гээд монголчуудын үндэс, уг гарвалаас татан гаргаж ирсэн дүрслэлүүд нэлээд тод, гол дүрийн шинжтэйгээр орж ирнэ.

Гэвч дахиад л “том зургаар” нь дэлгээд харвал энэ хүмүүс, монгол ахуйн илэрхийлэмжүүд нь нөгөө том хотын хөхөлбөр хөндий дүрслэлээсээ хол уу, өөр шугамаар ялгарч байна уу, гэвэл үгүй. Маргаангүй “микс” харагдах бөгөөд бүгд нэг орон зайд зэрэгцэн орших мөртлөө “гүйдэл, суудал”-аа олохгүй буцалж, байршлаа өөрчилж, нэг наана, нэг цаана орж байгаа нь: Үргэлжийн динамик орчинд чимээгүй, үл ялиг анзаарагдам хөдөлгөөний дор байсаар байсан шиг мэдрэмж төрнө.

Энэ мэт зохиомж нь зураач “Urbanization” үзэсгэлэнг “байдаг л нэг” болгоогүй, энэ сэдэвт хэт субъектив хандаагүй, үзэгчдэд тулгаагүй, илэрхий зүйлсээр зодоогүй, харин машид чимээ имээгүйг нууцлаг, хоржоонтой ч гэмээр дүрслэлүүдийн нийлбэрээр нэг тийм ажин түжин, сэтгэлд үйл явдлын өрнөл, догдлол авчирч, хаа нэгтээгээс морин төвөргөөн сонсох лугаа мэдрэмжийг бүтээжээ.

Зураач Д.Азжаргал 2017-2018 оноос хотжилт болон нүүдэлчдийн соёл иргэншлийн асуудлыг өнөө цагт буулгах оролдлого хийж эхэлжээ. Тэр “Бид хэдий нэг нутагт амьдарч буй хэдий ч цагийн баримжаа өөр, зөрүүтэй. Хотод амьдардаг бид нь цаг хугацааны араас элдэж, хөөж гүйцэх гэж амьдардаг бол хөдөөнийхөн маань цагийнхаа өмнө амьдардаг”. Мөн тэрбээр жиглаж, харж, сэтгэлдээ мэдэрч явдаг зүйлсээ цоо шинэ хэв маягаар илэрхийлэхийг зорьжээ. Түүнчлэн “Бүтээлийнхээ концепцыг ихэвчлэн симболизм, бэлгэдлээр харуулахыг зорьсон. Би өөрөө ч ялгаагүй энэ бүхний дунд оршиж буй нэгэн эд эс, шилжилтийн үеийн гэрч. Иймд хурлын протокол хөтөлж буй нэгэн шиг л хандаж, зурахыг хичээсэн” гэнэ. Энэ нь ч эхэнд бичиж байсанчлан хотын дүрслэлүүд нь үзэгчдээ тулган хүчирхийлсэн шинжгүй мөртлөө үнэн, ажин түжин санагдсан сэтгэгдэлтэй ийнхүү холбогдлоо.

Зураач Д.Азжаргалын “Urbanization” үзэсгэлэнг тольдохыг хүсвэл ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН Галерейг зориорой. Үзэсгэлэн 10-р сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: eguur.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж