Говьд урт хийгээд налгар намар болж байна. Ёстой л
“Намрын наран ээж хоёрын
Ээзгий ааруул амттайг яана
Бурам шигээ…” гэж дуулмаар.
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд "Нүүрс баяжуулах үйлдвэр"-ийг барьж, ашиглалтад оруулах төслийг эхлүүлжээ.
Үйлдвэр ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” компани түүхий нүүрс биш баяжуулсан нүүрс экспортод гаргах юм. Энэ нь улс оронд ч ашигтай. Нүүрс баяжуулах үйлдвэрийг “Эрдэнэс Тавантолгой”-н 2020, 2021 оны ногдол ашгаар барьж байгаа аж. Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчид. Нэг удаа Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж байсан билээ.
“Эрдэнэс Тавантолгой” компани 20 гаруй төсөл хэрэгжүүлж байсан. Нүүрс баяжуулах үйлдвэр барихаас гадна тус компанийн ногдол ашгаар Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн байдаг.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр баригдсанаар нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, ордыг иж бүрэн ашиглах боломж бүрдэхийн зэрэгцээ ажлын байр нэмэгдэх тооцоо бий. Мөн улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамж, орлого өснө. Цаашлаад Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны үнэ цэн нэмэгдэх боломжтойг албаны хүмүүс тодотгож байлаа.
Үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 30 тонн нүүрс баяжуулах юм байна. Тус компани 2010 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Цанхийн зүүн болох баруун уурхайгаас нийт 75 сая тонн нүүрс олборлож, 71 сая тонн нүүрс зарж, есөн их наяд төгрөг олжээ. Улсын төсөвт нийтдээ 2.2 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна.
Үйлдвэр баригдаж буй талбай дээр очиход суурь бүтцийн газар шорооны ажил явагдаж байлаа. Төслийн үйл явцыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баттөр “2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна” гэж тусгасан тухай ярив.
Нүүрсээ түүхийгээр нь биш угааж, баяжуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Монгол Улсын үе, үеийн Засгийн газрын мөрөөдөл байсан. Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах асуудлыг тусгасан билээ. Тухайлбал, “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрээс гадна Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулах том мөрөөдөлтэй.
“Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй нээлттэй тендерийг холбогдох журмын дагуу 2021 оны наймдугаар сард зарласан байдаг. Нүүрс баяжуулах үйлдвэрийг хятадууд барьж байгаа аж.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн агаад эхний шатанд жилд 10 сая тонны хүчин чадалтай нэг үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах аж. Эхний үйлдвэрийг 2024 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн байна.
Төсөл одоогоор 15 хувьтай хэрэгжиж байна. Үйлдвэр барихад 875.7 сая ам.доллар шаардлагатай аж. Үүнээс нэгдүгээр модулийн барилгын ажилд 335.6 сая ам.долларыг өөрийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ. 2025 онд нэмэлтээр 540.1 сая ам.доллар хөрөнгө оруулалт хийж, 30 сая.тн нүүрс баяжуулах чадалтай үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулах аж.
Үйлдвэр баригдсанаар орон нутагт шинээр 928 ажлын байр шинээр бий болно. Жилд дунджаар 306.5 сая ам.долларын татвар, төлбөр төвлөрүүлнэ. Олон улсын зах зээлд шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлж, Монголын нүүрсний өрсөлдөх чадвар сайжрана гэж албаны хүмүүс “төслөө” ам хуурайгүй магтаж байна.
Тавантолгойн орд нь нөөцийнхөө хэмжээгээр дэлхийд тавдугаарт, металлургийн нүүрсний чанарын хэмжээгээр нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Тиймээс ийм сайн чанарын нүүрсээ түүхийгээр нь, хямдхан зарах биш нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож, гуравдагч зах зээлд гаргана гэж мөрөөдөх биш, мөрөөдлөө бүтээн байгуулалт болгохоор ажиллаж буй говийнхон завгүй, говийн намар дулаахан.
Холбоотой мэдээ