Иранд орон даяар үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал, бослого тэмцлийн үеэр амь үрэгдсэн хүний тоо 185-д хүрснийг хүний эрхийн байгууллагаас мэдээлэв. Ираны нийслэл Тегеран хотноо 22 настай Махса Аминиг ёс журмын цагдаа нар толгойн алчуураа буруу зүүсэн гэх шалтгаанаар баривчилсны дараа бүсгүй нас барсан юм. Гэр бүлийнхэн нь охиныг цагдаа нарт зэрлэгээр зодуулсан байсныг хэлсэн бол хууль сахиулах албаныхан түүнийг зүрхний шигдээс болсон гэж мэлзэж буй.
Жагсаал, тэмцлийг дарахын тулд Ираны олон мужид цагдаа нар хүч хэрэглэн, нулимс асгаруулагч хий, металл бороохой, зарим тохиолдолд байлдааны сумаар гал нээж буйгаар хүмүүс олноороо амь үрэгдсээр байгаа аж. Хохирогчдын 19 нь өсвөр насны хүүхэд гэдгийг Ираны хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ. Түүнчлэн хохирогчдын олонх нь Ираны зүүн өмнөд хэсгийн Балучистан, Систан мужид болсон жагсаалын үеэр амь үрэгдсэн аж.
Норвегид төвтэй Ираны хүний эрхийн байгууллагын үүсгэн байгуулагч Махмуд Амири-Могхаддам НҮБ-ын Хүний эрхийн комисст хандан амь үрэгдсэн жагсагчдын хэргийг мөрдөн шалгаж, хариуцлага хүлээлгэхийг уриалжээ.
Хэрэг 1:
Ираны хууль сахиулагчид жагсагч охидын эсрэг гэмт хэрэг үйлдэж буйг тус байгууллага онцолжээ. Тухайлбал, 15 настай охиныг цагдаагийн дарга хүчирхийлсэн хэрэгтэй холбоотойгоор Зехедан хотод есдүгээр сарын 30-нд нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Чабахар хотын цагдаагийн дарга, хурандаа Эбрахим Хоучакзай нь хөрш зэргэлдээ Зехедан хотод аллагын хэргийг мөрдөх ажлаар очсоныхоо дараа 15 настай охиныг хүчирхийлсэн аж. Тус охин нь аллагын хохирогч эмэгтэйн хөрш айлын охин юм. Охины мэдүүлгээр, түүнийг байцаалтанд дуудаж өрөөндөө авчирсныхаа дараа хурандаа нэгжлэг хийх нэрийдлээр хувцсыг нь тайлуулж, дараа нь хүчирхийлсэн байна. Үүний дараа охины гэр бүлийн гурван хүнийг "барьцаалан" тэднийг хурандаагийн эсрэг гомдол гаргахгүй байх, нийтэд уг хэргийг үгүйсгэхийг тулгасан байна.
Хэрэг 2:
16 настай Сарина Эсмайлзадех гэх "YouTube"-д алдартай влоггер охин өнгөрсөн есдүгээр сарын 23-нд Гохардашт хотноо жагсаалын үеэр аюулгүй байдлынханд бороохойгоор зодуулж, амь үрэгдсэн болохыг Эмнести интернейшнл байгууллага мэдээлжээ. Дуулж, бүжиглэх авъяастай, аялах мөрөөдлийнхөө тухай ярьсан түүний бичлэгийг олон мянган хүн үздэг байв. Сүүлд тэрбээр гэр бүлийнхээ хамт автомашинд явж байхдаа "Take Me to Church" дууг дуулж буй бичлэгээ оруулжээ. Энэ хэргийг эсэргүүцэн Ираны сургуулийн охид жагсаал зохион байгуулсан аж.
Хэрэг 3:
17 настай Ника Шакарами өнгөрсөн есдүгээр сарын 20-нд сураггүй алга болсон. Дараа нь түүнийг Ираны аюулгүй байдлын албаныханд зодуулж, амь үрэгдсэн байхыг олжээ. Охиныг цагдаа нар хүчирхийлсэн байсныг гэр бүлийнхэн нь мэдэгдсэн. Гэвч түүний шарилыг хулгайлж, гэр бүлийнх нь зөвшөөрөлгүй өөр газар оршуулсан хэрэг гарчээ. Цагдаа нар охиныг барилгын дээвэр дээрээс үсэрч амиа хорлосон гэж мэдэгдэж буй.
Энэ мэтээр шашны бурангуй үзлийн эсрэг, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн олон охид амь насаараа хохирч байна. Үүнээс гадна дээвэр нь онгорхой автомашинтай явж байсан энгийн иргэд рүү цэргийн нисдэг тэргээс буудсанаас дөрвөн хүн амь үрэгджээ.
Ёс журмын цагдаа гэж нэрлэсэн хүчнийг Ираны Ерөнхийлөгч Эрбахим Райси өнгөрсөн жил төрийн эрхэнд гарсныхаа дараа байгуулсан юм. Талибаны мэдэлд буй Афганистан улсад үүнтэй төстэй хүчин ажилладаг. Харин Саудын Араб зэрэг олон оронд эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан шашны олон заалтыг зөөлрүүлж эхэлсэн.
ЭХ СУРВАЛЖ: THE HILL