Москвагийн "цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрлэсэн Украины дайнд Оросын Батлан хамгаалах яамны удирдах чадвар муу байгааг Чечений удирдагч Рамзан Кадыров тэргүүтэй Путины ойрын хүмүүс шүүмжлэх болов. Украины дайнтай холбоотойгоор ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг буруутгасан шүүмжлэл их байна. Үүний дээр Крымийн хойгийг ОХУ-тай холбосон Керчийн гүүрийг дэлбэлсэн хэрэг гарсан ч Шойгуг албан тушаалаас нь огцруулсангүй. Харин оронд нь Украины дайнд Оросын цэрэг армийг удирдах нэгдсэн командлагчаар Сергей Суровикинийг томилов.
Сергей Шойгуг албан тушаалаас нь буулгах, баривчлах зэрэг асуудалд Путин тодорхой бүлгүүдийн улс төрийн нөлөөнөөс болгоомжилж байгаа аж. Тодруулбал, "FSB" буюу ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба болон армийн нөлөөллийг тэнцвэржүүлэх нь Путинд чухал гэнэ. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба нь хуучин ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо (КГБ)-ны суурийг залгамжилсан гол байгууллага юм. Путин өөрөө КГБ-ын гишүүн байсан.
Шойгу, Герасимов нарыг "зайлуулж", тойрон хүрээллээсээ оронд нь томилох байдлаар Холбооны аюулгүй байдлын албыг хүчирхэгжүүлэх нь эргээд Путины хүч сулрана гэсэн үг гэж Украины дотоод хэргийн яамны зөвлөх дүгнэжээ. Тиймээс Путин ийм эрсдэлтэй алхам хийхийн оронд Суровикинийг гаргаж ирсэн гэж үзэж байна. Сергей Суровикин нь 30 жилийн турш цэрэг, армийн салбарт ажиллахдаа авлига, харгислал үйлдсэн гэх хэргүүдэд буруутгагдаж явсныг Их Британийн батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Тэрбээр өмнө нь ОХУ-ын Сири улсад явуулсан цэргийн ажиллагааг удирдсан.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ