ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2022.10.10/ Аюулгүйн зөвлөлийг хуралдуулна гэдгийг Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Оросын Аюулгүйн зөвлөлийн өнгөрсөн сард болсон хурлын дараа Путин орон даяар хэсэгчилсэн цэрэг татлагыг зарласан юм. Харин энэ удаагийн уулзалтын сэдэв тодорхойгүй байна.
Крымийн хойгийг ОХУ-тай холбосон Керчийн гүүрийг дэлбэлсэн хэрэгт Украиныг буруутгасан мэдэгдлийг өчигдөр хийсэн. Тэрбээр уг хэргийг мөрдөн шалгах хорооны даргатай өчигдөр уулзжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Керчийн гүүрэн дээр ачааны автомашинд дэлбэрэлт болж, араас нь ирсэн шатахуун тээвэрлэсэн галт тэрэг шатсанаар гүүрийн зарим хэсэг нь нурсан байна. Керчийн гүүр нь Крымийн хойгийг 2014 онд ОХУ-ын мэдэлд авсны бэлгэдэл байсан. Крымийн хойгийг булаасан жишгээр Путин Украины эзлэгдсэн дөрвөн мужид бүх нийтийн санал асуулга явуулах замаар ОХУ-д нэгтгэх ажлыг зохион байгуулсан.
Уг дэлбэрэлтийг Украин зохион байгуулсан эсэх нь тодорхойгүй. Харин Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Керчийн гүүрийн дэлбэрэлт Путины 70 насны төрсөн өдрийн дараахан болсон учраас хувийн чанартай халдлага байх магадлалтай гэжээ.
Үүний зэрэгцээ Европын хамгийн том цөмийн эрчим хүчний үйлдвэрийг тойрон Запорожье хотод Оросууд агаарын цохилт өгснөөс 17 хүн амь үрэгдсэн гэж Украины албаныхан өчигдөр мэдээллээ. Энэ нь Керчийн гүүрийн дэлбэрэлтийн хариу цохилт гэж харж байна.
ЭХ СУРВАЛЖ: TELEGRAM POST, THE ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ