Орос-Украины дайныг үл харгалзан барууныхан Энэтхэг-Номхон далайд өсөн нэмэгдэж буй Хятадын сорилттой тулгарахад бэлэн байгаа бололтой. Умард Атлантын гэрээний байгууллага (NATO) Энэтхэг-Номхон далайн бүс рүү орох бодолгүй гэдэг ч олон улсын аюулгүй байдлын төлөө анхаарахаас өөр аргагүй гэж мэдэгджээ. Зарим нь Хятадтай холбоотой асуудалд НАТО ямар ч үүрэг оролцоогүй гэж маргадаг. Харин энэ 2022 онд тус цэргийн эвсэл дээрх маргаанд албан ёсоор санал нийлэхгүй гэдгээ онцлов.
БНХАУ ойрын ирээдүйд Европ эсвэл Хойд Америкт "халдах" магадлал бага мэт санагдаж болно. Гэсэн ч олон улсад өөрийгөө батлан харуулахыг зорьж буй Бээжингийн итгэл үнэмшил нь НАТО-гийн үнэт зүйлс, ашиг сонирхол, аюулгүй байдалд "системийн сорилт" гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
Тиймээс хаяанд нь тулж ирсэн Орос-Украины дайны нөхцөл байдлыг үл харгалзан Хятадын сорилттой тулгарах шаардлагатай болов.
ГАНЦ ӨГҮҮЛБЭРЭЭС СТРАТЕГИЙН СОРИЛТ ХҮРТЭЛ
Хятад NATO-гийн харилцаа 2000-аад оны эхэн үе хүртэл бараг байгаагүй. Тухайн үед ч ихэвчлэн албан бус айлчлал, цэргийн албан хаагчдын яриа хэлэлцээ хэлбэрээр явагдсан. Харин 2019 онд NATO-гийн удирдагчдын уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд Хятадын талаар ердөө ганц өгүүлбэр байв. Гэхдээ 2021 онд тус эвсэл дээд хэмжээний уулзалтаараа Хятад улс дүрэм журамд суурилсан олон улсын дэг журамд аюул учруулж болзошгүйг АНУ-ын хүсэлтээр хүлээн зөвшөөрсөн.
Үүнтэй давхцан Хятад бол “тагтаа” эсвэл “шонхор”-ын аль нь болохыг тодруулах маргаан эвсэлд өрнөжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нд Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хоёр орны хамтын ажиллагаанд хязгаар гэж байхгүйг онцлон мэдэгдсэн. Барууны өнцгөөс тус уулзалтыг NATO-гийн өргөжин тэлэлт, үйл ажиллагаанд өдөөн хатгасан хандлага гаргадаг Оросын үйлдлийг Хятад дуурайна гэж харжээ. Дээрх мэдэгдэл, Москвагаас цэргийн ажиллагаа нэрийн дор Украинд эзлэн түрэмгийллийн дайн эхлүүлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө гарсан. Гэвч өнөөдрийг хүртэл Хятадын талаас засч залруулсан тайлбар хийгээгүй байна. Магадгүй энэ нь Оросыг дэмжсэн зүгээр нэг ёсорхсон үг биш байсныг гэрчилж байгаа болотой. Москва, Бээжингийн үйлдлүүдийг одоо барууны удирдагчид "дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг зөрчих гэсэн оролдлого" гэж үзэх нь улам бүр нэмэгдсээр байна.
ЗАЙЛШГҮЙ ТҮНШЛЭЛ
Харамсалтай нь NATO-гийн хувьд "Хятадын сорилт" нь хөрөнгө оруулалтыг шалгах, эдийн засаг, технологийн бодлого зэрэг тус эвслийн чадваргүй, туршлагагүй салбарт хамгийн хүчтэй байдаг. Гэсэн ч мэддэг, чаддагаар нь дамжуулан ажлаа амжуулах аргыг хэрэглэж байна. Тухайлбал, Европт тус эвслийн улс төр, эдийн засгийн салбар дахь үндсэн түнш нь Европын холбоо (ЕХ) бөгөөд сүүлийн үед Хятадын асуудалд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс NATO нь аюулгүй байдлын дүн шинжилгээ, стратегийн алсын хараа, цэргийн эрсдэлийн үнэлгээ чиглэлд давуу боломж олгохыг ЕХ-нд санал болгож болно. Түүнчлэн Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөллийн эсрэг Евро-Атлантын холбоог илүү сайжруулж, албан бусаар мэдээлэл солилцох байдлыг илүү бүтэцжүүлэх ажлыг эхлүүлжээ. Энэхүү түншлэл нь Хятадаас Европ дахь хөрөнгө оруулалтын аюулгүй байдлын үр дагаварт онцгой ач холбогдолтой байх болно.
Эцэст нь Газар дундын тэнгист Хятадын барьж, эзэмшдэг боомтуудыг ашиглана гэвэл цэргийн ажиллагаа явуулах нь нэлээд хэцүү болж магадгүй юм.
Хятад-Европын харилцаа сүүлийн хэдэн жилд эрс муудсан. Тухайлбал, Хятадын “махчин” зан авирыг бууруулахад чиглэсэн бодлогын хэрэглүүрийг бий болгохоор Брюссель шаргуу ажиллаж байна. ЕХ-ноос хэрэгжүүлж буй олон арга хэмжээний дотроос "албадлагын эсрэг арга хэрэгсэл" гэж нэрлэгддэг арга хэрэгсэл нь онцгой юм. Үүний зорилго нь Бээжин энэ оны эхээр Литватай хийсэн шиг эдийн засгийн шантаажинд гадны улс орнууд ЕХ-ны улс орнуудыг оруулахаас урьдчилан сэргийлэх явдал юм. ЕХ нь Хятадыг "системийн өрсөлдөгч" гэж нэрлэснээс хойш энэхүү үнэлгээ нь европчуудын олон улсын харилцааг үзэх гол призм болж байна.
NATO ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН ЧИГТ НҮҮЖ БАЙНА
NATO “Өмнөд Хятадын тэнгис рүү нүүх” хүсэлгүй байгаа хэдий ч тус эвсэл Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудалд хэр удаан оролцохгүй байх нь эргэлзээтэй байна. Учир нь тус бүс нутаг нь дэлхийн эдийн засгийн таталцлын төв болоод зогсохгүй 21-р зууны геополитикийн өрсөлдөөний гол цэг болж байна. Нэмж дурдахад, Тайваньтай холбоотой цэргийн ажиллагаа хурцдах нь АНУ-д нөлөөлж, Европт сүйрлийн үр дагавар авчрах нь гарцаагүй. Иймээс NATO-гийн Европын гишүүн орнууд ч бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалах сонирхолтой байдаг. Европын хэд хэдэн тэргүүлэх гүрнүүд Энэтхэг-Номхон далайн стратегиа аль хэдийн боловсруулсан бөгөөд тус бүс нутагт цэргийн оролцоогоо эрчимжүүлж байна.
Чухамдаа NATO нь Энэтхэг-Номхон далайн олон улстай албан ёсны түншлэл тогтоогоод байгаа бөгөөд тэдгээрийн хэд хэдтэй нь цэргийн хамтарсан ажиллагааг зохион байгуулах болсон. Хэрэв Оросын Украин дахь дайнаас суралцъя гэвэл цэргийн түрэмгийллээс урьдчилан сэргийлэх нь түүнийг эргүүлэхээс хамаагүй хямд юм.
Түүхэн дэх хамгийн хүчирхэг цэргийн эвсэл нь Хятадын Тайванийн эсрэг түрэмгийллийг таслан зогсоох шаардлага тулгарна. Одоохондоо Орос улс НАТО-д заналхийлсэн гол хүчин хэвээр байх болно.
Гэсэн хэдий ч Оросыг хар салхи гэвэл Хятад цаг уурын өөрчлөлттэй илүү төстэй юм. Эхнийх нь илүү тулгамдсан асуудал бөгөөд маш их хор хөнөөлтэй байж болох ч нөгөө нь илүү ноцтой урт хугацааны аюул занал учруулж байна.
Холбоотой мэдээ