УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг харсан ч, мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын нээлтээр хэлсэн үгийг сонссон ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яриа МАН-ынхан давхар дээл нөмөрснөөр дуусгавар болжээ гэлтэй. Өөрөөр хэлбэл, энэхүү “яриа”-наас хамгийн их хожсон нь эрх баригчид юм. Ингээд МАН цатгалан, сүрэг бүтэн үлдэж, АН-ынхан “их санасан газар…” гэгч боллоо. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрөгч долоо хоногт Ардчилсан намд сайдын суудал өгөхгүй гэдгээ товч агаад тодорхой хэлсэн. Тиймээс албан тушаалын төлөө Ардын намын “утсан хүүхэлдэй” болсон АН-ынхны хохь, одоо яая гэхэв.
Өнгөрсөн хаваржин эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шалтаг, шалтгаанаа цөөнгүй ярьсан. Тэд тайлбарлахдаа 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дутуудуулсан бүхнээ засч залруулснаар сонгодог парламентын тогтолцоо бэхжинэ, бий болно гэж байв. Гэвчиг энэ нь ердөө давхар дээл нөмрөх гэсэн заль байжээ.
Хэдийгээр МАН 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа танхимын сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг Ерөнхий сайдад олгосон ч, Л.Оюун-Эрдэнэ одоо ч “власть”-аа бүтэн авч чадаагүй л байна. Энэ нь Засгийн газраа шинээр бүрдүүлэхэд ч харагдаж байсан. Өнөөдөр ч танхим нь бүрэн бүтэн болж чадаагүй байгаа.
Үнэнийг хэлэхэд, Н.Уртнасан, Д.Сарангэрэл хоёроос гадна Л.Оюун-Эрдэнийн танхимд амны болон ажлын алдаа гаргадаг сайд нэг хоёроор тогтохгүй бий. Хэрэвзээ, МАН-ынхан амалсан шигээ шударга ёс тогтоосон бол Г.Сайханбаяр, Х.Нямбаатар хоёр аль хэдийнэ албан тушаалаасаа огцорчих байв. Тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын найз байлаа ч гэсэн. Учир нь, армид алба хааж байсан цэргүүд амиа алдсаны ялыг ямба эдлэж яваа сайд нараас нэхэх нь зүй ёсны шаардлага. Тэр тусмаа цэргийн ангид дэглэлт огт байхгүй, цэргүүд өөрсдөө амиа хорлож байна гэж байгаа бол Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын шарыг шувтлах хэрэгтэй. Цэргийн ангид дэглэлт огт байхгүйдээ армид явсан ардын хүүхдүүд амиа хорлох билээ. Тиймээс эмэгтэй сайд нарт гаргадаг эр бяраа эрчүүддээ гаргаж чадвал Л.Оюун-Эрдэнэ "власть"-аа бүрэн авч чадна.
Үндсэндээ засаглалын хэлбэрээ тодорхой болгох, эрх мэдлийн зодооноо эцэслэх, хариуцлага, ёс зүйг сайжруулъя гэвэл зарим нэг өөрчлөлтийг Үндсэн хуульд суулгахгүйгээр сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх боломжгүй. Үндсэн хуульд гар дүрэх шалтгаан бол Ерөнхий сайд нь Ерөнхийлөгч, УИХ, Удирдах зөвлөлөөсөө эс хамааралтай байх юм. Үгүй бол эрх мэдлээ булаацалдсан институци хоорондын зөрчил байсаар байна. Төрийн тогторгүй байдал үргэлжилсэн хэвээр байна.
Энэхүү зөрчил дундуур Ерөнхийлөгчийн засаглал гэх “золбин хүсэл” хэдийнэ тэнүүчлэх болсон нь ОХУ-ын Элчин сайд Н.Азизовын үг, үйдлээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн давхар дээл нөмөрснөөр МАН санаа амарчих асуудал бишээ гэсэн үг.
Оросын Элчин сайдын энэ үг илтэд өдөж байгаа хэрэг мөн боловч ардчиллыг автор дэглэмээр солих хүсэл их гүрнүүдэд бий нь Монголын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй бодит аюул болжээ. Авчиг Н.Азизов шиг санаа бодолтой, санаархал тээж яваа хүн Монголын улстөрд байсан, Н.Энхбаяр, Х.Баттулгаас эхлээд. Ийм учраас Монгол засаглалын хэлбэрээ тодорхой болгох, институци хоорондын эрх мэдлийн /одоогоор төр тогтвортой байгаа ч/ зөрчилдөөнийг арилгах реформыг хийж чадах эсэх нь зөвхөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эр зоригоос хамаарна. Учир нь, Монгол Улс одоогоороо хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай хэвээр байгаа. Ерөнхийлөгч нь ҮАБЗ-ыг даргалдаг гэвэл. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "хагас" эрх мэдлээсээ татгалзах чадах уу гэсэн асуулт тавигдахаас аргагүй.
Тэрчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар ч Гүйцэтгэх засаглалын тэргүүн шиг аашилж буй нь түүний намрын чуулганы нээлтээр хэлсэн “төсвийн байгууллагууд орлого олж цалингаа нэмэх эрх зүйн орчин боломжийг бүрдүүлэх, улмаар татварын бааз суурийг өргөтгөн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулах явдал гэж үзэж байна” гэх үгнээс уншигдаж байна. Засгийн газар нь Шинэ сэргэлтийн бодлогодоо “Төрийн бүтээмжийг сайжируулна” гэж зарласан байтал төсвийн байгууллага нэмэлт орлого олох ёстой гэж спикер нь яриад суухаас илүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ардчилал, эрх чөлөөгөө хамгаалах, засаглалынхаа хэлбэрийг тодорхой болгох тухай хөндөх ёстой юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэхээ нэг бус амлаж байсан билээ. Ерөнхий сайд ч сонгодог парламентын тогтолцоог дэмждэгээ илэхийлдэг. Тэд үүнийг хийвэл Монголын улс төрийн түүхэнд нэрээ мөнхлөж чадна гэсэн үг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, тэгэхээр "ажил хийвэл дуусгах" хэрэгтэй. Харин Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын хувьд "хийвэл бүү ай" гэж үгтэй.
Г.Занданшатарт саналаа бичгээр хүргүүлсэн /Спикер энэ талаар ээлжит бус чуулганаар хэлсэн үгэнд онцолсон/ “Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц дүгнэж, хүчингүй болгох шийдвэр гаргасан нь ноцтой үр дагавар үүсгэж болох томоохон алдаа бөгөөд Цэц Үндсэн хуулиас бусад хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй болохоос Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох эрх байхгүй. Харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү Улсын Их Хуралд бий. Тиймээс Цэцийн энэхүү шийдвэр хууль зөрчсөн, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын бүрэн эрхэд, Үндсэн хуульт байгуулалд халдсан үйлдэл болж, буруу жишиг тогтоож" мэдэх, Үндсэн хуулийн хямрал руу очих эрсдэл бодитоо нүүрлэсэн. Тэр тусмаа хэвлэлээр бичигдэх болсон Ц.Нямдорж, Н.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд очих нь үнэн бол энэ жинхэнэ айдас, хүйдэс гэсэн үг. Нэг нь “хөнжилдөө” хууль засч явсан түүхтэй, нөгөө нь Ерөнхийлөгчийн засаглалтай болох хүсэлтэй хүмүүс. Ингээд бодохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентаас Ерөнхийлөгчөө сонгодог болгох нь МАН-ын хүсэл төдий биш нийгмийн шаардлага, улс төрийн реформ болж байна. Атал МАН-ынхан дээлээ зузаалж өмссөнөөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал үндсэндээ амар сайхандаа жаргав.
Холбоотой мэдээ