Томуу, томуу төст өвчнүүд богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, хүндрэл, эндэгдэлд хүргэдэг. Дэлхий дахинд жил бүр томуугийн хүндрэлийн 3-5 сая тохиолдол бүртгэгдэж, 290-650 мянган хүн нас бардаг. Жил бүр 20 мянга орчим хүүхэд томуугийн хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг ба 0-2 насныхны дунд томуу хүндрэх эрсдэл хамгийн өндөр байдаг. Энэ талаар Анагаах ухааны доктор, Клиникийн профессор, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлэг хариуцсан дэд захирал У.Цэвэгмидээс асуусан юм.
-Томуу, томуу төст өвчин өнөөдрийн байдлаар ямар түвшинд байна вэ?
-Томуугийн үндэсний төвийн гаргасан мэдээгээр томуу, томуу төст өвчний хувьд ринавирус давамгайлж байна. Томуу, томуу төст 200 гаруй өвчин байдгаас 10 гаруй вирус бүртгэгдсэн байна. Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт 24 цагийн дотор 200 орчим хүүхэд ирдэг. Илэрч буй шинж тэмдгийг ажиглахад дийлэнх нь ринавирусийн халдвар буюу амьсгалын дээд замын вирус давамгайлж байна. Энэ нь хамар залгиурын өвчлөл юм. Гол шалтгаан нь даарсантай холбоотой бөгөөд биеийн хэм нь 35-аас доош буухад ринавирус хамрын хөндийд идэвхжиж, үрждэг. Тийм учраас хамар шархирч өвдөх, ханиалгах шинж илэрдэг. Харин биеийн хэм 37 болж нэмэгдэхэд энэ вирусийн үржил зогсдог онцлогтой. Тиймээс намрын сэрүүн өдрүүдэд дулаан хувцаслах, халуун бүлээн хоол идэх гэх мэт зүйлийг хэрэгжүүлбэл халдвараас сэргийлэх боломжтой.
-Ринавирусээс өөр ямар төрлийн вирус байна вэ?
-Мөн эросвирусийн халдвар нь амьсгалын замын өвчин юм. Хүүхдийн гуурсан хоолойнд агчил үүсгэдэг. Хүүхдийн цээж муур шиг хүржигнэх, цэр ихтэй юм шиг тээглэлээ гэж хүмүүс гэж ярьдаг. Эдгээр нь 0-2 нас хүртэлх хүүхдэд зонхилон тохиолддог. Энэ вирусийн үед хүүхдүүдийн дийлэнх нь ларингит буюу бачуурч байгаа мэт ханиалгах, хоолой сөөнгөтөх, оройн цагаар илүү бачуурлын шинж өгдөг вирус юм. Интевирус нь дийлэнхдээ гар, хөлийн салаагаар цэврүү үүсч, тууралт гардаг шинж тэмдэгтэй.
-Ямар төрлийн вирусийн тархалт их байна вэ?
-Ямар вирус тухайн орчинд бүртгэгдэж байна гэдгээс хамаараад, ямар өвчлөл тэргүүлж байгаа нь яаралтай тусламжийн тасгаас харагдаж байна. 5-14 насны хүүхэд менингитийн улмаас ирэх нь их байна. Томуугийн вирусийн хувьд арванхоёрдугаар сарын сүүлээс идэвхждэг. Томуугийн вирус нь томуу, төст өвчнийг бодвол илүү хоруу чанартай. Ялангуяа бага насны хүүхдийг илүү их өвчлүүлдэг. Мөн архаг хууч өвчтэй хүмүүс, настангууд их өртдөг.
-Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв томуу, томуу төст өвчний талаар ямар арга хэмжээг авч ажиллаж байгаа вэ?
Томуугийн вирусийн хүндрэлтэй, эрчимт эмчилгээний заалттай өвчтөн нэлээд ирдэг учраас эрчимт эмчилгээний бэлэн байдлыг ханган, холбогдох эрчимт эмчилгээний эмч нарт сургалтыг зохион байгуулж байна. Томуугийн вирус нь одоогийн байдлаар дэгдэлтийн хэлбэрт шилжээгүй, улирлын томуугийн түвшинд явж байна.
2022 оны зургадугаар сарын байдлаар Эрүүл мэндийн яаманд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 13.8 хувийг томуу болон томуу төст өвчний халдвар эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт 21 хувь хүрэхэд хөл хорио тогтоох хүртэл арга хэмжээ авдаг.
Холбоотой мэдээ