Нийслэлчүүд өвөлдөө бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд өвөлдөө бэлэн үү?

Нийслэлчүүд өвөлдөө бэлэн үү?

Намрын сар дундаа орж, сүүлийн өдрүүдэд хүйтэн байх боллоо. Нийслэлчүүд түгжрэлээс эхлээд олон асуудал дунд бухимдаж суух хооронд хэдийнэ өвөл хаяанд иржээ. Гэвч хотын хаа сайгүй ухаж сэндийчсэн шугам хоолойн ажил, зам хааж траншейны нүхээр утас сүвлэх ажил цас бударсан өдөр ч үргэлжилсэн хэвээрээ. Зуны өдрүүдэд хийж болохгүй байсан ажил болоод л анхны цастай зэрэгцэн хүрз зээтүүгээ зэхсэн хэрэг байх.

Нийслэлийн удирдлагын шуурхай зөвлөгөөний хуралдаанаас өнгөрсөн долоо хоногт гарсан бэлтгэл ажлын тайлан мэдээллийг танилцуулъя. Шуурхай зөвлөгөөний үеэр “Нийслэлийн Засаг дарга 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувийн гүйцэтгэлтэй байна" гэлээ. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. Энэ хүрээнд 27 чиглэлийн 1106 ажил хийхээр баталснаас 92 хувьтай хэрэгжиж байгаа юм. Мөн 2719 тонн давс, 2160 тонн бодис нөөцөлжээ. Нэмэлтээр 500 тонн давс, 2000 тонн бодис авна. Тусгай зориулалтын 35 тээврийн хэрэгслийг давс, бодис цацахад ашиглах аж.

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгөөр 2017-2022 онд нийт 200 блок угсармал орон сууцыг дулаалжээ. Харин ашиглалтын шаардлага хангахгүй 344 орон сууц байна. Эдгээрийн 170-ыг дахин барих шийдвэр гарснаас 97 барилгад гүйцэтгэгч шалгараад байна. Түүнчлэн 2703 өрхийн 21 барилга ашиглалтад орсон.

Эрүүл мэндийн 26 байгууллагад их болон урсгал засвар хийсэн. 14 сургууль, цэцэрлэгийн барилгад засвар хийснээс гүйцэтгэл 95 хувьтай байна. Мөн Төсвийн хэмнэлтийн тухай хууль, түүний биелэлтийг хангах хүрээнд 40 байгууллагын 96 тээврийн хэрэгслийг татан төвлөрүүлжээ.

САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ 473 ЦЭГЭЭР БОРЛУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангасан. 120 мянган тонн түлш нөөцөлсөн. Борлуулалтын 473 цэг ажиллаж байгаа. Аравдугаар сарын 15-н гэхэд 650 цэг ажиллуулна. Өдөрт 800-900 тонн түлш борлуулж байгаа” гэлээ. Стандарт, чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг Хотын дарга тодруулахад “Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шинжилгээ хийж байна. Чанарын хувьд стандартаа барьж байгаа” гэв.

Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 хүртэл байсан. Энэ жил хамгийн ихдээ 3.8 байгаа. Түлшний чанар маш сайн байгаа” гэлээ. Хотын дарга гэр хорооллын 200 мянга гаруй иргэний эрүүл, аюулгүй өвөлжихтэй холбоотой асуудал учраас хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

А. Сайханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж