АНУ-Өмнөд Солнгосын хамтарсан цэргийн сургуулилалт өндөрлөснөөс хэдхэн цагийн дараа Пёньянаас хоёр пуужин харважээ. Сөүлийн жанжин штабаас мэдээлснээр Хойд Солонгосын эргийн Мунчон хотоос өнгөрсөн шөнө 01:48-01:58 цагт богино зайн тусгалын хоёр пуужин харвасан аж. Хойд Солонгосын үйлдлийн дараа Сөүлийн арми тагнуулын үйл ажиллагаагаа сайжруулж, цэргийн бэлэн байдлаа хадгалсан гэв.
Харин Японы засгийн газраас мэдээлэхдээ, Хойд Солонгосоос баллистик пуужин харвасан байж болзошгүй гэжээ. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида нь холбогдох албаныханд хандан Хойд Солонгосын хос пуужингийн талаар мэдээлэл, дүгнэлтийг яаралтай цуглуулж, ард түмэндээ үнэн зөв мэдээлэл өгөхийг даалгажээ. Түүнчлэн тэрбээр Хойд Солонгос нь Япон улсын энх тайван, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж байгааг онцолжээ.
АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалт эхэлснээс хойш Пёньян нь сүүлийн хоёр долоо хоногт олон удаа пуужин харвасан. Цэргийн сургуулилалтад АНУ-ын цөмийн хөдөлгүүртэй “USS Ronald Reagan” нисэх онгоц тээвэрлэгч хөлгийг оролцуулсныг эсэргүүцэн Хойд Солонгосоос Япон улсын дээгүүр хоёр баллистик пуужин харвасан. Энэ явдлын дараа тус хөлгийг хойгоос нэн даруй буцаасан юм.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS