Автотээврийн үндэсний төвөөс цаг агаарын нөхцөл байдлын улмаас автозамуудыд мөстлөг үүссэн тул түр хугацаанд хөдөлгөөн хязгаарлаж байгааг мэдээллээ.
Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн урьдчилсан мэдээллээр баруун таван аймагт ойрын өдрүүдэд их хэмжээний цас орохыг анхааруулсан.
Одоогийн байдлаар Архангай аймгийн Цагаан давааны авто замын зорчих хэсэгт цас их орсны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Иймд АТҮТ-ийн шуурхай бүлэг хуралдан, Архангай, Завхан, Увс аймаг руу зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хаажээ.
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас осол болон цасанд боогдсон дуудлага мэдээлэл ирсэн эсэхийг холбогдож тодруулахад 14:00 цагаас хөдөлгөөн хязгаарласан. Онцгой байдал болон Тээврийн цагдаагийн алба, АТҮТ-ийнхөн ажиллаж байгаа. Дуудлага, мэдээлэл одоогоор ирээгүй гэлээ.
Өнөөдөр Архангай, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Орхон, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Иймд онцын шаардлагагүй бол орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг албаныхан анхаарууллаа. Харин Завхан аймгийн цагдаагийн албатай холбогдоход “аймгийн нутгаар ойрын өдрүүдэд цас орж цасан бүрхүүл тогтох төлөвтэй байх тул иргэд жолоочдыг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж заавал өвлийн дугуй солихыг шаардаж байна. Өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа ч замын нөхцөл байдалд хурдаа тохируулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж даваа болон шалгах постууд дээр алба хаагчид ажиллаж байна гэв.
Маргааш өдөр Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орох тул малчид, тариаланчид та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Автозамын хөдөлгөөнийг хэдий хугацаанд хаах нь одоогоор тодорхойгүй байна.
Холбоотой мэдээ