Төсөв 2023: К.Марксын II зөвлөгөө Монголд

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

Төсөв 2023: К.Марксын II зөвлөгөө Монголд

Төсөв 2023: К.Марксын II зөвлөгөө Монголд

“Юу идэж уухаараа ийм болдог байна аа” гэгчээр 2023 оны Монгол Улсын төсвийг харахад сайхан амьдралын эсрэг хориг аятай. Төсөвт тусгаснаар, тэгш бус байдлыг бууруулахад тэрхүү бодлого нь чиглэж буй юм гэнэ. Засгийн газар Хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

  • Энэ хүрээнд цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэр дүн 0-120 сая төгрөг бол 10 хувиар,
  • 120- 180 сая төгрөг бол 12 сая төгрөг дээр 120 сая төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар,
  • 180 сая төгрөгөөс дээш бол 21 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.
  • Өөрөөр хэлбэл, сарын дундаж орлого нь 10 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 15 хувиар, 15 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 20 хувиар тус тус татвар ногдуулахаар тооцсон болно.

Төрөөс тэрбумтнууд төрж, түүнийг нь харж бухимдсаар чинээлэг нөхдийг үзэн яддаг болсон бидэнд таатай сонсогдож байна. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийн хэлснээр, 10 сая төгрөгөөс дээш орлоготой 1300-хан “олигарх”  байдаг агаад тэд л шаталсан татвар төлөх аж.  Илүү олж байгаагаас нь өндөр татвар авах нь үнэндээ уянгын халил болохоор бодит амьдрал дээр боломжгүй зүйл.  Монголын толгой баячууд УИХ, Засгийн газраас эхлээд төрийн бүх шатанд өөрийн биеэр төдийгүй төлөөлөгчөө байршуулсныг бодолцох хэрэг.  Хэн аль компанийн төлөөлөл вэ гээд бодоод үзээрэй. Тэрбум тэрбумаар нь олж буй орлогоосоо сая саяар нь татвар төлнө гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Харж л байгаарай. Нөгөөх баячууд чинь яаж ийгээд татварын хөнгөлөлтөд хамрагдаад чөлөөлөгдөнө. Татварын хөнгөлөлт эдлүүлэх аж ахуйн нэгж, бараа бүтээгдэхүүнийг дараагийн удаад хөндөх болохоор энэ удаад түр азная. Бодит байдал дээр Монголын шилдэг татвар төлөгчдийн эхний аравт Монголыг тэр чигт нь атгачихсан нөгөө том “мангасууд” чинь байна уу?  Олж харахгүй гэдэгт итгэлтэй байна. Тэд яаж ийгээд хуулийн цоорхой бий болгож түүнийхээ ачаад маш бага төлбөр төлдөг нь нууц биш. Тиймээс шаталсан татвар нь чинээлэг дундаж давхаргад хамгийн том дарамт болдог. Өнөөдөр чинээлэг дундаж давхаргыг бий болгохыг төлөө гэдэг ч үнэн хэрэгтээ тэдэнд зориулсан хөнгөлөлт, өршөөл, татварын хөнгөлөлт, халамж байхгүй.

Харин томчууд нь татвар, хөнгөлөлттэй зээл, элдэв тендерийг зах зээлийн үнээс хэт өндрөөр авах байдлаар тэтгүүлдэг. Ядуус харин халамжаараа бор ходоодоо болгоно.

Тиймээс энэхүү шаталсан татварын гол ачаалал гарааны бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгчдэд очно. Эцэстээ тэднийг дампуурахаас өөр аргагүйд хүргэж ядуусын, албаныхнын хэллэгээр “ул” руу түлхэн унагаана.  Нэг хэсэг нь дэлхийн хэмжээний баян болох бол нийтээрээ  гуйлгачин болно оо гэсэн үг.

“Тэгш бус байдлыг бууруулах чиглэл” –ээр энэ мэтээр арга хэмжээ авах тусам тэгш бус руу хөтөлдөг. Яг энэ эмзэглэл дээр сүүлийн хоёр удаагийн сонгуулиар МАН тоглож төрийн эрхэнд гарсан. Ядуурал, авлигал гаарлаа, хууль хүн бүрт тэгш үйлчлүүлэхгүй байна, Монголыг өрөнд тавьчихлаа гэж орилсоор тэд гарч ирсэн.

Үр дүнд ЖДҮ-ийн дэмжих сангаас эхлээд өөрсдөө өрмийг нь авч, халамж нэрээр бэлэн мөнгө тараасаар 2020 онд дахин “Хүчээ нэгтгэе” гэж гарч ирсэн. Тэд хамгийн их тэгш бус байдал ярьж, түүний эсрэг зогсоно гэж хоёр удаад сонгогдсон. Хэлснийхээ дагуу баахан хөтөлбөр хэрэгжүүлсэн. Харин өнөөдөр тэгш бус байдал улам л гаараад байгаа. Тэгш бус байдал үгүй багасвал тэднийг сонгох шаардлага байхгүй бол. Тиймээс л тэд байнга сонгогдохын тулд ядуурлыг гааруулж, хувийн өмч рүү халдаж, төр л байгаа тулдаа иргэдээ идэх хоолтой байлгаж байна гэх домгийг зохиодог. Үнэндээ төрийг татвар төлөгчид санхүүжүүлдэг.

Эцсийн бүлэгт хүн сайхан амьдрахын эсрэг тэд зогсоод байна. Орлого нь нэмэгдвэл татвар нэрээр дээрэмдэнэ. Хөрөнгө, чинээгээр нь ялгаварлан гадуурхана. Монголчуудын ядуу байгаа шалтгаан нь хуримтлал үүсгэх боломжгүй төдийгүй байнга татвараар дарамталж, зөвшөөрлөөр хясдагт байх шиг. Хэрэвзээ татвар авмаар буй бол тансаг хэрэглээ, хүнээс илүү үнэлэх болсон хурдан морьноосоо өндөр татвар авмаар…

Коммунист намын тунхаг зохиолд капитализм буюу зах зээлийн эдийн засгийн тогтолцоог устгах тухай арван арга хэмжээг Маркс, Энгельс нар зөвлөсөн байдгаас хоёрт нь бидний ирэх оны төсөвтөө суулгаад буй Өсөн нэмэгдэх орлогын шаталсан татварын аргаа хэмжээ багтжээ. Монголд энэхүү зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж буй талаар дараагийн удаад хөндөцгөөе.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж