УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс эрүүл мэндийн салбарын ирэх оны төсвийн талаар тодрууллаа.
-Ирэх оны төсвийн төслийг чуулганаар хэлэлцэж байна. Эрүүл мэндийн салбарын төсвийг та шүүмжилжээ?
-Эрүүл мэндийн салбарт төсөвт хэрхэн суусан нь анхаарал татаж байна. Ялангуяа 2020 онд эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг эрчимтэй хийж, үүний үр дүнгээр цар тахлыг бага хохиролтой давсан улсын нэг болж чадсан нь эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог зөв болгосонтой холбоотой. Гэтэл тодорхой амжилтад хүрчхээд буцаад түүнийгээ дэмжихгүй байгаа нь буруу. Тэр утгаараа эрүүл мэндийн салбарын ирэх оны төсвийг урагшлах замаасаа ухарчихлаа гэж харж байна. Тиймээс шүүмжлэнгүй хандаж, УИХ-д үг хэллээ. Ирэх оны төсөвт эрүүл мэндийн санхүүжилт 2022 онтой яг адилхан түвшинд сууж байна. Өнөөдөр инфляци, ам.долларын ханш өсч байна. Монгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн 90 хувийг гаднаас худалдан авдаг. Өөрөөр хэлбэл, нэг худалдан авалтын тогтолцоо, эрүүл мэндийн салбарын цалин хөлс нэмэгдлээ гээд баярлаж байсан бол 2023 онд энэ бүтэхгүй боллоо. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа цалин хөлсийг нэмж чадахгүй, даатгалын сан тусгай үйлчилгээндээ квот тогтоож, “эмнэлгүүдэд сардаа 100 хүнээс илүүг үзэж болохгүй, илүү гарвал мөнгө байхгүй” гэх байдлаар хандах нь байна.
Иймээс иргэдэд дараалал үүсч, өвчтэй хүмүүс яах юм болж байна вэ. Та бүхэн эмнэлгүүдэд ачаалал, дараалал ямар байгааг мэдэж байгаа. Ерөөсөө бид хийсэн том шинэчлэлээ амь оруулж чадахгүй байсаар хоёр жил өнгөрлөө. Ирэх онд төсвийг нь хязгаарлачихвал эмч, ажилчдын цалин хөлсний тухайд биш тэр байтугай, иргэддээ тусламж үйлчилгээ үзүүлж чадах уу гэх асуудал хөндөгдөж байна. Хоёрдугаарт, хөнгөлөлттэй эмийн журамд өөрчлөлт оруулахад, иргэд баяртай байсан. Ингэхдээ, 30, 70 хувь буюу 70 хувийг нь төрөөс даадаг байсан бол одоо 30 хувийг нь төр хариуцахаар болж байна. ЭМЯ, Сангийн яам иргэдээ сонсдог байх хэрэгтэй. Маш олон иргэд хөнгөлөлттэй эм уудаг.
Архаг хууч өвчтэй өндөр настнууд өнөөх эмээ өдөр бүр уудаг. Гэтэл одоо эмээ авч чадахаа байж байна. Гишүүддээ уриалахад, эрүүл мэндийн салбар, 3.5 сая хүний эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй. 30-40 хувийн нэмэгдлийг оруулахгүй бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэзээ ч сайжрахгүй. Мөн элэгний Д вирусийн эмчилгээг 100 мянган хүн хүлээж байна. Үүнийг Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэтэл шинэчлэлээс нэг алхам ухарсан гэлтэй ирэх жилүүдэд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд юу ч хийж чадахгүйд хүрлээ. Тиймээс хатуу байр суурьтай байхгүй бол болохгүй.
-Ирэх оны төсөвт шинээр хөрөнгө оруулалтыг тусгаагүй. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Дэмжиж байна. Өмнө нь эхлүүлсэн ажлаа дуусгах хэрэгтэй. Тойрог руу төсвөө урсгадаг биш Монголын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байхтай зуун хувь санал нэг байна.
Холбоотой мэдээ