Өглөөний нар 07:00 цагт мандахтай зэрэгцэн говийн нэгэн өглөө уурхайчдын баяр хөөрөөр эхэллээ. Тэд нэг өдрийг хэсэгхэн зуур үндсэн ажлаа орхин говийг ногооруулахаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний захиргаа “GREEN CENTER” дээр цугларсан байв. Уурхайн ажилчдад модоо хэрхэн яаж тарих, байрлуулах, услах аргачлал мөн говийн бүс нутагт мод тарих нь нэг асуудал, түүнийг арчилж ургуулна гэдэг хамгийн чухал асуудал гэдгийг ойн мэргэжилтнүүдийн заавраар мод тарих, суулгах ажлаа эхлүүлэв.
Гартаа хүрз, хувингаа барьсан уурхайчид мод тарих бэлтгэлээ базааж, нэг хэсэг нь нүх ухах, нэг хэсэг нь усаа зөөх, нэг хэсэг нь модоо төрлөөр ангилах гээд тун завгүй бужигнана.
Зөвхөн нүүрс, машин, техниктэй “ноцолддог” уурхайчдын хувьд мод тарих ажил стрессийг нь тайлж байна гэлтэй бүгд л инээлдэж, нэгнийгээ цаашлуулж, мод тарих ажлаа идэвхтэй хийнэ. Зарим нь “Опереторууд усаа зөөгөөрэй, механик инженерүүд багажаа аваарай” гэж нэгнийгээ цаашлуулна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ний 20 гаруй хувь нь орон нутгийн ажилчид байдаг. Тэднийг төлөөлж уурхайн опретор Б.Баярсайхан бидэнтэй баярласан сэтгэгдлээ хуваалцсан юм. “Говь нутагт мод ургамал тарихад хөрс цаг уурын нөхцөл байдал гээд маш их асуудал тургардаг. Бидний тарьсан моднууд ургаасай гэж чин сэтгэлээсээ билэгшээж тарьж байна. Цаашид арчилж ургуулах тал дээр манай компани нарийн төлөвлөгөө гаргасан гэж байсан. Бидний тарьсан мод энэ хуурай хөрслөг орчинд тодорхой хэмжээнд ахиц гарган чийглэг хөрсийг үүсгэнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашлаад үр хүүхдүүд маань чийглэг хөрслөг орчинд амьдраасай гэж хүсч байна” гэв.
Говийн бүс нутгийн хөрсний онцлогийн талаар “TTJVCO” компанийн байгаль орчны ажилтан Б.Халиун “Говийн бүс нутаг нь хангайн бүс нутагтай харьцуулахад мэдээж хэрэг хөрсний бүтэц цаг агаарын хувьд эрс тэс өөр хангайн ургамал дээш, говийн ургамал доош ургадаг гэдэг шүү дээ. Бид одоогоор говийн нөхцөлд тохирсон мод болох хайлаасийг голчлон тарьж байна. Гэхдээ ус арчлалт маш их шаардана. Дор хаяж 20 жилийн дараа бүрэн гүйцэд ургасан мод болно. Үнэн хэрэгтээ тарьж байна гэдэг нь нэг хэрэг түүнийг амжилттай ургуулна гэдэг нь маш чухал.Тэр хүртэл маш сайн арчлах шаардлагатай” гэж ажилчдад тайлбарлана.
Монгол Улсын 76 хувь нь цөлжилт, газар нутгийн доройтолд өртсөн байдаг. Үүнд Өмнөговь, Дорноговь, Их нуруудын хотгор, Хэрлэн голын сав газар, Орхон Сэлэнгэ гэх газрууд ордог. Ялангуяа говийн нутаг цөлжилтөд хамгийн их өртсөн газар учраас “Эрдэнэс Тавантолгой” компани 2030 он гэхэд 180 сая мод амбицаа ийн ажил хэрэг болгож байгаа нь энэ.
“Эрдэнэс Тавантолгой” нь улсын онцгой обьект учир дотоодын цэрэг хамгаалтад авсан байдаг. Мод тарих хөдөлгөөнд тэд ч мөн оролцож байгаа нь анхаарал татна.
Удалгүй модоо амжилттай суулгаж дууссан уурхайчид эхнээсээ хоолоо идэхээр “Цанхи хотхон”-ыг зорив. “Цанхи хотхон” дээр очиход үүдний нэвтрэх хэсгээс эхлэн тав тухтай, орчин тохижилтыг харахад үнэхээр амьдрахад таатай өнгөлөг орчин биднийг угтав. Хоол идэх зууртаа уурхайчид маань “Маргаашнаас эхлэн ногоон байгууламж дунд л амьдрах нь дээ”, “хэдэн жилийн дараагаас модныхоо сүүдэрт амрана даа” гэж нэг нэгнийгээ цаашлуулана.
“Эрдэнэс Тавантолгой” ХК -ний Салбарын Үйдлвэрлэл техникийн газрын дарга Л.Доржсүрэн мод тарих ажлын нээлтэн дээр ““Эрдэнэс Тавантолгой” ХК болон бидэнтэй хамтран ажиллаж буй охин болон хараат компаниуд 2030 он гэхэд 180 сая мод тарих амлалт авсан. 2024 оноос говийн бүс нутагт 80 сая мод тарих суулгац бэлдэцийг ийнхүү суулгалаа. Мөн голландаас үрээр биш өсгүүр эд эсээс шууд ургамал тариалах лабротарыг нэвтрүүлж байна. Green Center-ийг тойрон “Эрдэнэс агрофарк”-ыг байгуулах, үр үрсэлгээний лабротар байгуулах ажлыг эхлүүлсэн сайхан өдөр боллоо. Агрофарк, үр үрсэлгээний лабротар баазыг ирэх онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй, одоогийн байдлаар говийн бүсэд 84 сая модийг тарихаар төлөвлөсөн” гэдгээ онцолж байв.
Өөрөөр хэлбэл, мод тарихдаа бэлэн суулгац худалдаж авахаас илүү өөрсдийнхөө бэлдсэн суулгацаар говио ногооруулахаар тэд зорьж буй аж. Тиймээс үйлдвэрийнхээ дэргэд агрофарк, үр үрсэлгээний лаборторийг байгуулж, өөрсдийн үржүүлж, бэлтгэсэн модоор үйлдвэр орчмоо ногооруулахаар тэд ажилдаа оржээ.
Ийн бүтэн өдрийн уурхайн хүнд хүчир ажлаас холдож, мод тарьсан залуучуудыг “Green Center”-ийн задгай театрт урлагийн “Андууд хамтлаг”, “ Морин хуурын чуулган”-ы бэлдсэн хөтөлбөр алжаалыг нь тайлав. Урлагийн тоглолтын үеэр уурхайн ажилчдын нэг нэгэндээ хүндэтгэлтэй харилцаж байгаа, элгэмсэг дотно байгаа нь тэднийг нэг гэр бүл шиг цогц хамт олон гэдгийг харуулж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “3000 ажилчин 30000 мод” аяныг өрнүүлж байгаа аж. Ийнхүү “Эрдэнэс Тавантолгой” ХК түүний охин компани болон хамтран ажилладаг компаниуд нэгдэн “Green center” -ээс эхлэн говийг ногооруулая” хэмээн дуу нэгтэйгээр мод тарих хөдөлгөөнийг эхлүүллээ. Ирэх жилүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчдын тарьсан модод шар говийг ногооруулах ажил ундрах биз ээ.
М.АРИУНБОЛД
Холбоотой мэдээ