Гамби улсад ханиадны сиропоос болж 66 хүүхэд нас барсан байж болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулав. Уг сиропыг Энэтхэг улсын “Maiden Pharmaceuticals” компанид үйлдвэрлэжээ. Тодруулбал, “Promethazine oral solution”, “Kofexmalin baby cough syrup”, “Makoff baby sough syrup”, “Magrip N Cold syrup” гэсэн сиропууд байснийг ДЭМБ тодруулжээ. Сироп үйлдвэрлэгч компанийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Энэтхэгийн албаны хүмүүс энэ сироп хүүхдүүдийн нас баралттай холбогдсон гэх нотлох баримтыг ДЭМБ-аас хүсчээ. Сироп нь бөөрний цочмог гэмтэл үүсгэсэн байж болзошгүй гэж үзэж байна. Дөрвөн бүтээгдэхүүнийг албан бус зах зээлээр дамжуулан бусад улс оронд илгээсэн байж болзошгүй.
Гамби улсад долдугаар сарын сүүлээр таваас доош насны хүүхдүүдийн дунд бөөрний цочмог гэмтлийн тохиолдол нэмэгдэж эхэлсэн. Үүний дараагаас ДЭМБ-ын зүгээс арга хэмжээ авчээ. Тус улсын засгийн газар бүх төрлийн парацетамолын сиропын хэрэглээг зогсоож, оронд нь шахмал эм хэрэглэхийг зөвлөөд байна. Хориг тавьснаас хойш нас баралтын тоо буурсан ч сүүлийн хагас сарын дотор дахин хоёр хүн бүртгэгджээ.
Одоогоор дээрх эмүүд аюултай эсэхийг шинжлэх лаборатори Гамбид байхгүй тул гадаадад шалгаж үзэх шаардлагатай болсон. Гамби улс чанарын хяналтын лабораторийн санхүүжилт авахаар Дэлхийн банктай хэлэлцэж байна. ДЭМБ шалгаж үзэхэд дээрх бүтээгдэхүүнүүдэд диэтилен гликол болон этилен гликол гэсэн бодис хүлээн зөвшөөрөгдсөнөөс илүү хэмжээгээр агуулагдаж буйг тогтоожээ. Эдгээр бодис нь хортой бөгөөд хэвлийн өвдөлт, бөөлжилт, суулгалт, шээс хаагдах, толгой өвдөх, сэтгэц өөрчлөгдөх, бөөрний цочмог гэмтэл үүсгэж, үхэлд хүргэх магадлалтай. Түүнчлэн суулгалт, бөөлжилт үүсгэдэг И.коли нэртэй бактерийн ул мөр олджээ.
Эмийг үйлдвэрлэгч нь зөвхөн Гамби улсад л нийлүүлсэн байж магадгүй гэж Энэтхэгийн Мансууруулах бодисын стандарт хяналтын төв байгууллага хэлжээ. Гэвч үйлдвэрлэгч нь дээрх хортой бодисуудаа өөр бүтээгдэхүүнд мөн ашигласан байж болзошгүйг анхааруулав.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ