NBA-ийн шинэ улирал энэ сарын 19-ний өдөр эхэлнэ. Одоогоор багууд улирлын өмнөх сорил тоглолтуудаа хийж, ирэх улиралдаа бэлтгэж байна. Тамирчид ч амралтаа дуусгаж, хэвлэл мэдээлэл, элдэв цуу яриатай холбогдож эхэллээ. Саяхан ЛеБрон Жэймс хэвлэлд өгсөн ярилцлагадаа NBA-д багтай болохыг хүсч буйгаа илэрхийлжээ.
ЛеБрон Жэймс “Би NBA-д багаа авчрахыг хүсч байна. Гайхалтай байх болно. Би Адамыг одоо Абу Дабид байгаа мэдэж байна. Гэхдээ тэр NBA-ийн тоглогч нэг бүрийн ярилцлагыг үзэж, мэдээг нь уншдаг байх. Тиймээс Адам би багтай болмоор байна, баярлалаа” гэжээ.
NBA-ийн зүгээс Лас Вегас хотод үзүүлэн тоглолт зохион байгуулж байгаа бөгөөд ЛеБрон Жэймс Лос Анжелес Лэйкерс багтайгаа очоод буй. Түүнийг тус хотод ч багтай болно гэх яриа гарсан. Өнгөрсөн зургадугаар сард "The Shop: Uninterrupted" шоунд өгсөн ярилцлагадаа ЛеБрон “Би Вегаст баг хүсч байна” гэж байв.
NBA 30 багийнхаа тоог хоёроор нэмэгдүүлэх яриа аль хэдийнэ гарсан.
Лигийн комиссар Адам Силвер энэ жилийн финалын үеэр “Одоо энэ талаар хэлэлцэх цаг биш ээ. Өмнө хэлсэнчлэн лиг хэзээ нэгэн цагт өргөжих болно. Гэхдээ одоо ярих цаг нь биш. Сиэтл, Лас Вегас хотуудад гайхалтай зах зээл бий. Бид Сиэтл хотод багтай байж үзсэн. Гэхдээ удаагүй. Харин Сиэтл дэх эмэгтэй сагсан бөмбөгийн баг гайхалтай амжилттай байна. Харин Лас Вегаст зуны лигээ зохион байгуулж байна. Энэ нь тэнд зах зээл байгааг харуулж байна” гэж ярьж байлаа.
Үүнээс гадна ЛеБрон энэ жил 18 настай Виктор Вембаньяма гэх Франц хүүг өндрөөр үнэлжээ. Багийнхаа хамтаар АНУ-д нөхөрсөг тоглолт хийж буй Вембаньяма NBA-ийн хөгжлийн лигийн багийн эсрэг гайхалтай тоглолтуудыг үзүүлж, хүн бүрийг алмайруулж буй.
Тэгвэл түүний талаар “Хаан” ярихдаа “Сүүлийн жилүүдэд хүн бүр л ганц эвэрт, гоц авьяастан гэж яригдаж байна. Гэхдээ Вембаньяма илүү харийн хүн шиг. Хэн ч түүн шиг өндөртэй, хөдөлгөөний эвсэлтэй, авьяаслаг тамирчин харж байгаагүй. 7-4, 7-5, 7-3 инч өндөртэй ер нь ямар ч байсан түүний талбай дээрх бөмбөг эзэмших чадвар, шахаад уналттай шидэлт хийж буй байдал, хойшоо алхаад гурван онооны шидэлт хийж байгаа, бөмбөг аваад шууд шидэж байгаа, хаалт хийж байгаа зэргийг нь харахад тэр бол яахын аргагүй нэгэн үед нэг тохиох авьяас” гэжээ.
NBA-ийн багууд хэдийнэ Виктор Вембаньямаг багтаа авахаар албаар хожигдох тактикаа боловсруулаад эхэлсэн гэнэ. Ер нь л аваргын төлөө өрсөлдөх цөөн хэдэн багаас бусад нь бүгд 18 настай Франц хүүгийн төлөө хожигдох ажээ.
Холбоотой мэдээ