УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.10.07/-ийн хуралдаанаар 2023 оны төсөв хэлэлцэж байна.
"ЭМД-ын санд 1.4 их наяд төгрөг батлагдсан"
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Засгийн газар эрүүл мэндийн салбарт бодитой хөрөнгө оруулалтыг хийж буй. Үүний нэг нь эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн тусламжийг нэмэгдүүлсэн. Ерөнхий сайд өнөөдөр "Хүрээ" амаржих газартай танилцаж, 10 жил гацсан барилгын ажлыг хийхээр нийт 46 тэрбум төгрөгийн төсвөөс 2023 онд 19 тэрбум төгрөгийг тусгаж, 2024 ондоо үлдсэн санхүүжилтийг хийж, ашиглалтад оруулах юм.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн ажил эхэлсэн. Салбарын гүйцэтгэлийн санхүүжилтыг 2020 оны наймдугаар сарын ЭМД-ын тухай хуульд тусгаж, шинэчлэл хийсэн. Өнгөрсөн 2021 оны гуравдугаар сараас эхэлсэн. Тэр үед цар тахалтай байсан ч эхлүүлж, жил зургаан сарын хугацаанд бодит үр дүн гарсан.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Гааль дээр түлш орж ирж чадахгүй маш их удаж байгаа гэсэн. Агаарын бохирдлыг бууруулах нь чухал. Улаанбаатар хотын утаа, хөрсний асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй байна. Энэ асуудал орхигдоод байна шүү.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Итгэлийн зээл олгож, иргэдээ орлоготой болгох саналыг дэмжиж байна. Тухайлбал, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй. Тэд банкны шалгуур үзүүлэлтийг хангаж чаддаггүй. Энэ хүмүүст анхаарч ажиллах шаардлагатай. Итгэлийн зээл олгох асуудлыг хэрхэн бодож, боловсруулж байгаа вэ. ЭМД-ын санд 1.4 их наяд төгрөг батлагдсан байна. Энэ мөнгө хүрэлцэх үү?
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-ЭМД-ын сан 2021 онд улсын төсөв болон ЭМД-ын шимтгэлийн төсөв нийлж, 1.2 их наядаар батлагдаж байсан. Энэ оны төсөв 1.4 их наяд төгрөгөөр батлагдаж байсан. Бид цар тахлын тусламж үйлчилгээнд 560 гаруй тэрбум төгрөгийг зарцуулж, 264 тэрбумыг 2022 оны даатгалын сангаас нэмж санхүүжүүлсэн. Мөн дахин 100 тэрбумыг санхүүжүүлж, нийтдээ 360 гаруй тэрбумыг даатгалаас санхүүжүүлсэн. Бусад нь эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулсан. Энэ онд багтааж, тэнцлийг хангана. Өмнөх оны үлдэгдлийг санхүүжүүлэхгүй гэсэн үг. Бид 705 оношийн бүлгээр санхүүжилтыг олгодог.
"Боловсролын салбарын шинэчлэл Дарханы замын бүтээн байгуулалтаас ч удаан байна"
Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонсох гэж байна. Мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. УИХ-ын чуулганы хуралдаанд хийх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан иргэд өөрсдийн мэдэхийг хүссэн асуултаа “D-Parliament” цахим хуудсаар асуух боломж олгосон юм.
Цөөнхийг төлөөлж, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэллээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Боловсролын салбар бол тоон үзүүлэлт талаасаа нэг сая илүү суралцагч, 100 мянган багш, ажилтантай. Хүн амын 1/3 шууд оролцдог, ДНБ-ий дөрвөн хувь, улсын төсвийн зардлыг 1/6 эзэлдэг том салбар. Гэвч ийм чухал салбарт сүүлийн 30 жилийн дийлэнхэд бодлого хэрэгжүүлж, сүүлийн зургаан жилд үнэмлэхүй олонхоор Засгийн газруудын шинэчлэл, үр дүн хангалттай байна.
Тууз хайчлахад анхаарснаас биш боловсролын чанарыг ахиулах, шинэчлэл хийхэд ахиц гаргаагүй гэж бид үзэж байна. Нийт экспортын 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Дэлхий дахинд мэдлэг шингэсэн бүтээгдэхүүний үнэ улам бүр нэмэгдэж байхад Монголынх буурсаар байна. Бид булчингаа биш тархиа хөгжүүлэх нь чухал.
Эрх баригчдын боловсролын салбарт хийж буй шинэчлэл алдарт Дарханы замын бүтээн байгуулалтаас ч удаан байна. Улаанбаатарын түгжрэлээс илүү түгжрэл боловсролын салбарт болж байна.
Гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Боловсролын тухай багц хууль хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. энэ хуулийг сайтар судалж, бүх асуудлаа батлах нь чухал. Орон нутагт олон асуудлыг тавьдаг. Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилтнуудын хүүхдүүдийг долоон настайд нь сургуульд хамруулах хүсэлтийг тавьсан. Хуульд тусгасан уу. Их дээд сургуулиудад чухал шаардлагатай хөдөө аж ахуйн чиглэлд бэлтгэх боловсон хүчинд дэмжлэг үзүүлэх үү. Мөн олон төрлийн сурах бичиг хэрэглэж байна. Одоо жил бүр өөрчлөгдөж, агуулгын хувьд зөрж байна?
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-ДНБ-ний 4.5 хувийг боловсролд зарцуулж байгаа. Энэ жил урсгал зардалд 14 орчим хувийг зарж байгаа. Энэ тоо боловсролоороо тэргүүлдэг хүмүүсийн жишигт хүрсэн. Нэг хүүхдэд ногдож буй боловсролын зардал 490-хэн мянган төгрөг. Энэ мөнгө хамгийн ядуу орны тоонд ордог. Гэтэл олон улсад нэг хүний зардал 8000 ам.долларт хүрсэн. Ингэхээр ДНБ хэмжээ хэт бага байна. Малчны хүүхдүүд долоон насандаа сургуульд орох эрх нь одоо ч нээлттэй байгаа. Бид аль болох сургуулийн насаа доошлуулж байгаа. Хүүхэд нэг жилд сургуульд сурсан хугацаанаас хамаарч, ирээдүйн орлого нь нэмэгддэг гэдгийг олон улсад тогтоосон. Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтийн гол үзүүлэлт нь тухайн улс оронд хүүхэд дунд сургуульд хэдэн жил сурч байна вэ гэдэг юм. Мөн цахим сургалтын хувилбарыг боловсруулж, хэрэгжүүлж буй.
Их дээд сургуулийн гажуудлыг судлахаар найман ажлын хэсэг гарч ажиллаж байна. Их дээд сургууль төгссөн зургаан оюутны дунд нэг л ажлын байр оногдож буй. Гэтэл МСҮТ төгссөн хоёр хүүхдийн дунд нэг ажлын байр оногдож байгаа. Их дээд сургууль дипломгүй ажилгүйчүүдийн армийг бэлтгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бид хэдэн их дээд сургуулийг эрхийг цуцлаад энэ асуудлыг цэгцлэхгүй.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Энэ жил цэцэрлэгийн асуудлыг шийдсэн гэж үзэж байна. Иргэдийн гомдол багассан. Одоо бага сургууль дээр 50, 100 жилийн өмнө харах өнцгөөсөө өөрөөр хандмаар байна. Хотын түгжрэл, зам тээврийн осол их байна. Үүнд бага ангийн сурагчид өртөж байна. Тиймээс нэг хотхон байлаа гэхэд тэнд нь бага ангийн боловсролд сургамаар байна. Өглөө хүүхдээ зөөхөөс эхлээд олон асуудалд нөлөөлж байна. Гэр хороололд ч энэ асуудал байгаа. Энэ асуудлыг хамтран шийдье. Хоёрдугаарт, МУИС-ийн ой 80 жилийн ойгоо хийлээ. Дэлхийн стандартын хаана нь явдаг юм бэ. Хуурамч дипломны асуудлыг хэрхэн цэгцлэх вэ. Сургуулиудад цахим хөгжил дэвшил хэр нэвтэрсэн бэ?
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Гишүүн их зөв санал гаргаж байна. Бид энэ хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор хэлбэрээр цаашдаа байгуулах нь зүйтэй. Бага насны хүүхдүүд гэрээсээ 1.5 километрээс хэтрэхгүй байх стандарттай.
Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй өндөр төлбөртэй, олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг бид ад үзэж болохгүй. Салбартаа үүрэг хүлээж, тодорхой хэмжээний ачааг үүрэлцэж байгаа. Энэ сургуулиуд байхгүй байсан бол 40 мянган хүүхэд хилийн гадна сурна. Жил бүр хилийн гадна сургахад 400 сая ам.доллар зарцуулдаг. Өндөр төлбөртэй ЕБС-уудад хүүхдийн хувьсах зардлыг зогсоосон. Энэ хэлбэрээр наанатай цаанатай хандах хэрэгтэй. Чадварлаг багш нар өндөр цалин авна.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
-Боловсролын салбарт хөрөнгө сайн зарж байна. Багш нарын цалин хүрэлцэхгүй, сурагчдын сурах бичгийн хүртээмж муу, агуулгын алдаатай байна гэж эцэг, эхчүүд гомдол хэлдэг. Хэн сурах бичгийн агуулгыг баталдаг юм бэ?
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Чуулган дээр хийж буй мэдээллээр сурах бичгийн танилцуулгыг хийсэн. Сурах бичгийн алдаа дутагдал яагаад гарав гэхээр ойрхон ойрхон хөтөлбөрийн шинэчлэл хийснээс болсон. Сүүлийн 20 хүрэхгүй жил таван удаа хөтөлбөрийн шинэчлэл хийсэн орон тун цөөн. Ядаж нэг шинэчлэлээ 10 жилийн хугацаанд хийхээр эрх зүйн шинэчлэл хийхээр УИХ-д өргөн барьсан. 1-5 дугаар ангийн сурах бичгийг төрөөс даадаг бол ахлах ангийн сурах бичгийг түрээсэлж хэрэглэдэг. Гурван өөр онд бичсэн алдаатай сурах бичгийн шинэчлэлийг хийхэд 30 гаруй тэрбум төгрөг. Нэг жилийн дараа дараагийн хөтөлбөрийн шинэчлэлийг хийх гэж байна. Бид тиймээс сурах бичгийг цахим болгож чадсан. Энэ сурах бичиг нь алдаагүй.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Их дээд сургуулийн боловсролын дампуурал нь хаанаа байна вэ?
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Монголын дээд боловсролын тогтолцоо үндэсний мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоогоо залгичихсан юм билээ. Тийм учраас дээд сургууль, коллежийн ялгаа байхгүй болсон гэж ойлгож болно. МСҮТ-ийн тогтолцоог 2012 онд ХНХЯ-руу шилжүүлсэн нь гажуудлын эхлэл болсон. Мөн 30 жилд мэргэжлийн үндэсний шаталсан бүдүүвчээ ойлгоогүй учраас хийж чадаагүй.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-ЗГХЭГ-ын даргын албан тушаал бүх яам, агентлагаа хариуцдаг. Тэрний дэд дарга нь өөрийнхөө хариуцдаг агентлагийн агентлагийн даргаа хийдэг бүтэц байдаггүй юм. УИХ-ын дэд дарга бөгөөд сайд гэж явдаггүй. Нэг нь нөгөөгөө хянадаг.
Соёлын сайд Ч.Номин:
-Салбар яамтай болсноор соёлын салбарын бүтээн байгуулалт эрчимжиж байна. Хүүхэд залуучуудын театрын хувьд анхнаасаа 2019 онд төсөвт суусан хөрөнгө оруулалт. Ингэхдээ ажлын тоо хэмжээгээ бүрэн оруулаагүй. Өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй, 2023 оны зургадугаар сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Ирэх оны төсөвт энэ барилгын тоног төхөөрөмж, интерьер зургийн төсвийг оруулсан. Үндэсний төв номын сангийн ажлыг гүйцэтгэж буй компанийн хувьд асуудалтай байгаа. Гэхдээ холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Яах аргагүй өмчлөлийн асуудалтай болсон учраас гэрээг цуцлах ажил руу орж байна. Ирэх онд дахин шинэ гүйцэтгэгчийг тендер зарлаж оруулахаас өөр аргагүй болсон. Учир нь гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нас барж, цаашлаад хүүхдүүдийн хооронд өвийн асуудал үүссэнээс болж, ажлыг гүйцэтгэх чадамжгүй болсон. Тиймээс шинэ гүйцэтгэгч оруулахаас өөр аргагүй болсон.
УИХ-ын гишүүн Б. Жаргалмаа:
-Монголын төр татвар төлөгчдийнхөө мөнгийг үр дүнгүй зарцуулах ёсгүй. Зарлага гарсан бол хариуцлага тооцох ёстой. Сайжруулсан шахмал түлшний асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ. Тог цахилгааны асуудлыг яах вэ. Хүүхдийн төлөө фондны мөнгө хаана байна вэ?
Эрчим хүчний сайд Т.Чойжилсүрэн:
-Гэр хороололд цахилгаанд холбогдоогүй, хүчдэлийн уналттай айл өрхүүдийн судалгааг хийсэн. Хийх тоолонд өөр өөр тоо гарч байгаа. Сүүлийн мэдээгээр хотод цахилгаанд холбогдоогүй 13102 айл байна. Үүнээс 9061 айлыг 2024 он хүртэл төсөвт суусан 41 хороонд цахилгаанаар холбоно. Цаана нь 4041 айл цахилгаангүй үлдэж байна. Сангийн яам руу санал явуулсан ч эдийн засгийн байдлаас шалтгаалж, хойшлогдсон.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Одоо байгаа төсөвт өртгөөрөө 1150 тэрбум төгрөгийн Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох авто замын хатуу хучилттай замыг тавина. Энэ ажлыг эхлүүлсэн. Гэтэл үүнийг яамнаас 185 тэрбум болгон гэж оруулж ирсэн. Үүнд аудит хийж, цааш үргэлжилнэ. Бараг 70 хувиар төсөвт өртөг нь нэмэгдсэн гэсэн үг. Гэхдээ ач холбогдолтой төсөл учраас үргэлжлүүлнэ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Хүн амын есөн хувийн хүүхдийн мөнгийг хасна гэдгийг дэмжихгүй байна. Хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш. Тэдний ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт. Нийгмийн тэгш эрх, шударга ёс, МАН-ын Засгийн газраас ийм бодлого хэрэгжүүлэх нь нийцэхгүй. Төрөөс нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх бодлогын үүднээс эцэг эхийн орлогоос үл хамаарч энэ асуудалд хандмаар байна.
"21 аймгийн 488 сургууль дээр хоол үйлдвэрлэлийн стандартын орчин бүрдээгүй"
Соёлын сайд Ч.Номин:
-Соёлын салбарт 2023 онд улсын төсвийн 1.3 хувийг зарцуулж буй. Нийт 143 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Сүүлийн 10 жилийн төсөвтэй харьцуулахад өндөр байгаа. Дийлэнх нь эхэлсэн хөрөнгө оруулалтаа дуусгахад чиглэсэн. "Чингис хаан" музей ашиглалтад орж байгаа. Үндэсний төв номын сангийн гүйцэтгэл 90 хувьтай байгаа ч анх төсөвт тусгахдаа дотоод интерьер зураггүй хийсэн. Тиймээс төсвөөс гадуур зургийг нь "Сайн санаа" гэдэг компаниар хийлгэж, дуусч байгаа. Магадлалаар ороогүй. Энэ барилгын гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нас барж, өвлүүлэх асуудал үүссэн. Тоног төхөөрөмжийн төсвийг 2022 онд суулгаж, 2023 онд 6.2 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Халамжийн бодлого хавтгайрснаас төр цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн хоолыг 100 хувь даадаг болсон. Хүүхэд өдөрт авах ёстой илчлэгийг өнөөдрийн үнэ тарифаар авч чадаж байна уу гэдгийг судлахад 50 хувийг л арайхийн авч байна. Хоол өгч байгаа нь сайн ч хагас өлсгөлөн байлгаж байна. Цар тахлын үед боловсролын салбарын мөнгө хасагдаагүй, нэмэгдсэн. Өнөөдөр 371.480 хүүхэд "Үдийн хоол" идэж байгаа. Хоолны илчлэгийн хувьд асуудал байгаа. Өнөөдөр 21 аймгийн 488 сургууль дээр хоол үйлдвэрлэлийн стандартын орчин бүрдэж чадахгүй байгаа. Энийг төсвийн эх үүсвэрээр биш АХБ, Дэлхийн банк, олон улсын байгууллагын дэмжлэгээр шийдэж байгаа жишиг бий. Эхний ээлжид стандартаа шийдээд, цаашдаа бүх ангийн хүүхдүүдийг хамруулах учраас дангаараа төр нуруундаа үүрэхэд хүндрэлтэй.
Жил бүр боловсролын салбарт 50 мянган хүүхэд шинээр нэмэгдэж, хоолны зардалд 40 тэрбум төгрөгийн зардал гардаг.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Энэ жил манай төсөв шилжиж ирсэн барилгуудыг гүйцээхэд зориулан 41.4 тэрбум төгрөгийн тусгасан. Олон аймгийн сумдад спортын ордон, цогцолбор барихаар төсөвлөсөн. Үүний зарим нь 10 гаруй жил үргэлжилж байгаа.Найман аймгаар явж бүх ажилтай танилцсан. Энэ асуудлаар дагнаж хариуцахаар болсон учраас үр дүн гарч байгаа. Энэ цогцолбор барилгуудын санаачлагыг үе үеийн УИХ-ын гишүүд санаачилдаг.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Бид "Хөх морь" төслийн хүрээнд Орхон-Онги эко төсөл дээр ОХУ, Хэрлэн-Тооно дээр БНХАУ-тай хамтран судалгааны баг гарган ажиллаж байна. БНХАУ-ын компаниас Орхон-Онги төсөл дээр түлхүүр гардуулах нөхцөлтэй нэн шаардлагатай 6.8 тэрбум төгрөгийг гаргах саналыг Монголд ирүүлсэн.
МИК ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-20 жилийн өмнө байгуулагдаж байсан МХЕГ салаад алга болж байна. Анх байгуулахдаа маш олон хяналт давхардаж байна гэдгийг хэлж байсан. Одоо 17 яам бүгдээрээ хяналтын байгууллагатай.
МХЕГ-ын дарга Б.Баасандорж:
-Өнгөрсөн 2021 оны намрын чуулганаар "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг баталсан. Үүний зургаа дахь шинэ сэргэлтийн бодлого буюу төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох ажлууд багтсан. Дүн шинжилгээ хийхэд 2003 онд анх МХЕГ байгуулж байсан. Дэлхий дээр манайх шиг нэгдсэн тогтолцоотой гурван улс байдгийн нэг нь Монгол.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Төсвийн бодлогоор дуусаагүй хөрөнгө оруулалтаа дуусгая гэж байгаа нь чухал. Гэхдээ бодит нөхцөл байдал дээр 2018-2022 онд тавьсан төсөвт өртөг нь магадлалаар өссөн мөртлөө цаасан дээр дуусах гэж байгаа юм шиг харагдаж байна. Зарим цэцэрлэг, сургуулийн төсөвт өртгийг шинэчлэхээр зөрүү гарч байна. Дарьганга суманд салбарын яамнаас очиж царцсан барилгыг тооцоолж, мэргэжлийн байгууллагаар магадлал хийлгэхэд төсөвт өртөг нь нэмэгдсэн. Энэ зөрүүг нь олговол нэг ч гэсэн цэцэрлэг ашиглалтад орох гээд байгаа юм?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Ж.Батсуурь гишүүний ярьсан төслүүд бүгд энэ жил 2022 онд дуусна. Магадлан нь үнийн нэмэгдлийн жагсаалтад байхгүй. Ирэх жил аудитаар оруулж, шат дараатайгаар бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ. Хөрөнгө оруулалтыг дагасан хонгил үүссэн байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Орж ирж буй төсөв жилийн таван хувийн өсөлт, татварын орлого 3.5 их наяд төгрөгөөр тэлж байгаа мэт боловч ханшийн уналтаар тооцохоор 2022 оны түвшиндээ л байгаа. Улсын төсвөөс нийгмийн халамжид хоёр их наяд төгрөг гэж байна. Үүнээс бага байх боломжгүй. 2021 онд экспортын хэмжээ нэмэгдэж, 11 тэрбум ам.долларын урсгал бий болно гэсэн байна. Өнгөрсөн 2019 онд 7.1 тэрбум ам.долларын худалдаа хэлсэн. Энэ тоог эргэн хараарай. Засгийн газар хамгийн хүнд нөхцөлд ажиллаж, 30 жилийн алдааг үүрч байгаа. Татварын шаталсан тогтолцоог оруулж ирж байгаа нь сайн. Ипотекийн зээлээ цаашид яах вэ. Нийт 4.5 их наяд төгрөгийн зээлийг гаргасны 3.5 их наядыг нь Монголбанк гаргасан. Ирэх оноос энэ зээл Засгийн газар руу шилжиж байна. Манай орон нутагт дутуу баригдсан объектуудыг зарж, заримыг нь үргэлжлүүлбэл яасан юм бэ?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Бид эдийн засгийн бүрэн хүчин чадлыг ил болгож, эдийн засгийн нөөц, хуваарилалтыг хийх нь чухал. Далд эдийн засгаас улсаас удирдаж чадахгүй байгаа. Санал нийлж байна. Хатуу ч гэсэн хэд хэдэн арга хэмжээг авахаар зорьж ажиллана. Ипотекийн зээлийн бодлого үргэлжлэхдээ хэмжээний хувьд зах зээлээсээ шалтгаална. Худалдан авах иргэдийн эрэлт хэрэгцээ, арилжааны банкууд ямар хэмжээнд гаргах вэ. Өөрөөр хэлбэл, МИК төвтэй энэ зээлийг үргэлжлүүлнэ. Орон нутагт 2010 оноос хойш дуусаагүй хэд хэдэн объетод байгаа. Орон нутагт дөрөв, хотод хоёр объект байгаа. хотынхыг зогсоож, ашиглаж болно гэвэл төр хувийн хэвшлээр ашиглана.
Чуулган: Эрчим хүчний тарифыг нэмэхгүй бол гал алдана
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2023 оны төсөв хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-2023 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Хүнд нөхцөл байдалтай тулгарч байна. Инфляци нэг их буурахгүй гэж олон улсын байгууллага хэлж буй. Ирэх оны төсвийн төсөл дээр өмнөх жилүүдийнхээс давуу хоёр, гурван асуудал бий. Нэгдүгээрт, алдагдлаа бууруулсан. Өмнө нь хоёр байсан алдагдлыг 1.5 хувь руу оруулсан. Хоёрдугаарт, шинэ хөрөнгө оруулалтыг зогсоосон, халамжийн бодлоготой холбоотой асуудлыг зохицуулсан анхны алхмыг хийж өгсөн. Гэхдээ цаашид анхаарах ёстой асуудлууд байна. Бидний шийдэх тэргүүний асуудал бол инфляци. Энэ үед төсвийн хатуу бодлого явуулах ёстой. Төсвийн бас ийм бодлого явуулах шаардлагатай. Тийм учраас Засгийн газар инфляцийг зургаан хувьд хүргэхээр төлөвлөж буй. Импортыг ам.доллараас өөр хэлбэрээр явуулахаар яриа хэлэлцээр хийж байгаа юу.Төсвийн алдагдлаа бууруулж байгаа ч зарлагаа нэмэхээр орж ирж байна. Урсгал зардлыг 2.5 их наяд төгрөгөөр нэмж байна. Төсвийн зарлага нэмнэ гэдэг инфляцийг дийлэхгүй юм. Ингэх шаардлага байсан юм уу?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Тантай санал нийлж байна. Бид нэг хоёр жилд зардлаа бууруулж, алдагдалгүй болох боломжгүй. Энэ онд хоёр ч удаа тодотгол хийж, хөрөнгийн урсгал зардалд 800 тэрбумын танасан. Төрийн урсгал зардал байнга тэлж байдаг ч танаж оруулна гэдэг маш том хэмнэлт юм. Хөрөнгө оруулалтыг 86 хувьтай дуусгана. Тийм учраас шинэ хөрөнгө оруулалтыг татаж буй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:
-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн асуултад хариулъя. Ирэх онд нийт шатахууны хувьд 1.5 сая тонн импортлох төлөвтэй байна. Нийт дүнгээр 1.8 тэрбум ам.долларын асуудал байгаа. Хүмүүс рублиэр хийвэл дээр гэдэг ч том ялгаа харагдахгүй. Монголбанк энэ свот хэлцэл хийх ажлыг хийж буй. Цар тахлын өмнө нааштай зүйл байсан юм билээ. Өнөөдрийн дайны асуудлаас болж ОХУ-аас валютын чанга бодлого барьж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Ирэх жил нүүрсээ 36.5 сая тонн гээд. Үүний хэдэн хувь нь оптик гэрээ вэ. Төсөвт хэдэн тонн нь орж ирэх юм бэ. Ирэх жил төлөвлөгөөний хэдэн хувь нь орж ирэх бол. "Хөх морь" төслийн талаар мэдээлэл өгөөч. Төрийн жинхэнэ захиргааны албан хаагчдын цалинг нэмж өгмөөр байна. Жишээлбэл, үйлчлэгч, нарийн бичиг гэх мэт албан хаагчийг орон нутгаас зохицуулдаг болгомоор байна. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин нэг жилээр хойшлуулах боломж байна уу?
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Энэ долоо хоногийн Лхагва гаригт Засгийн газар хуралдаж, 2023 оны төсөвт нийтдээ 36.5 сая тонн нүүрс гарна гэж тооцсон. Энэ нь цар тахлын өмнөх хэмжээ юм. Бүх гэрээ ирэх оноос цахимжина. Гэрээ ороогүй бол хилээр нүүрс гарахгүй. Оптик дээр 2.3 тэрбум ам.доллараас өглөг нь 1.8 тэрбум ам.доллар байгаа. Нийт гурван сарын зайнд нүүрсний экспортыг цэгцэлнэ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-"Хөх морь" төсөл Өмнөговийн таван аймгийг хамарсан том төсөл. Тэгэхээр энэ төслүүд удаан яригдсан. Ирэх жил ТЭЗҮ-г хийх 80 тэрбум төсөв бүрэн тавигдсан. Ирэх жилээс хамтарч ажиллана. Ерөнхий сайд энэ жил зургаан аймгаар явж, эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад ард иргэдээс санал авсан байгаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар ярьж байгаа юу?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Ипотикийн зээлийг цаашаа үргэлжлүүлэх нь иргэдэд бас эрсдэлтэй. Төлбөрийг хүчингүй болгох бус хойшлуулах сонголтыг өгч буй. Хойшлуулах тусам улам эрсдэлтэй болно. Тиймээс давхар Цар тахлын тухай хуулийг сунгах хэрэг гарна. МХЕГ-ын хувьд том тогтолцооны өөрчлөлт хийж буй. "Чингис" бондын үлдэгдэл 133 сая ам.долларыг энэ төсөв дээрээс төлөөд дуусч байгаа. 12 жилийн дараа дуусч байна. Үүний тал нь Хөгжлийн банк дээр чанаргүй зээл болоод хэвтэж байна. Энийг төлүүлэх гэж ядаж байна. Богино хугацаанд валют орж ирдэг төслүүдийг санхүүжүүлсэн бол өнөөдөр ийм байдалд орохгүй байсан. Энэ бонд 18 багц төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн байдаг. Төслийн орлогоос эргэн төлөгдөх нь 36.5 хувиар улсын төсөв рүү шилжүүлсэн. Төслийн санхүүжилтийн 53 хувь нь чанаргүй зээл болсон. Яагаад гэвэл богино хугацаатай, үнэтэй мөнгөөр 40 жилийн үр өгөөжөө хийдэг замын бүтээн байгуулалт руу хийж болохгүй. Тэр зам руу гадаадын санхүүжилт хийх бол нэн хөнгөлөлттэй 20-30 жилийн дэд бүтцийн санхүүжилтыг авч хийдэг юм.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Багагүй хэмжээний барилгууд царцах юм байна. Ялангуяа магадлал хийгээгүй цэцэрлэг, сургуулийн барилга хэр байна. Манай аймагт 2-3 барилга байна. Ирэх 2024 оны төсөвт суулгах гэнэ. Завхан, Говь-Алтай аймгийн хооронд агаарын шугам явдаг. Төсөвт тавьснаас хойш дөрвөн жил болж байна. Ажил нь эхэлдэггүй, мөнгө нь өсөөд яваад байдаг. Ийм ажлууд их байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Эрүүл мэнд, боловсролын салбарт цалингийн тогтолцооны шинэчлэл хийж чадсан. Орон нутагт байгаа эмч, багш нар үр дүнгийн урамшууллаар цалингаа авах боломж бүрдсэн. Харин энгийн төрийн албан хаагчид ирэх жилээс шинэчлэлд хамрагдана. Нийт 165 ялгаатай зэрэглэл, шатлалаас хамаарсан системтэй байсныг 10 болж, шатлалгүй болж байгаа. Хөрөнгө оруулалтын хувьд ирэх онд тавигдаж буй нийт 1064 төслөөс 914 буюу 86 хувийг дуусгана. Царцаж байгаа гэж хэлэхгүй. Үүн дотор үнийн 303 тэрбум төгрөгийн нэмэгдлээ авч байгаа төслүүд бий. Төсөвт өртгийн 300 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж буй. Ирэх жилээс аудит хийж, 2024 оноос шат дараатай тавих бодлого барьж буй.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Гацсан ажлуудтай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр сургууль, Мандал сумын гуравдугаар сургуулийн барилга олон жил гацаж, ирэх жилийн төсөвт мөнгө тавигдаагүй байна. Үүнд хариулт өгөөч. Шинжлэх ухааны технологийн сангийн мөнгийг улс орны асуудлыг шийдэхэд хэрэгцээтэй судалгаа хийх боломжтой юу?
Сангийн яамны газрын дарга Ч.Чимэдсүрэн:
-Сүхбаатар сумын 320 хүүхдийн сургуулийн барилгад өмнөх онуудад 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Энэ онд 1.2 тэрбум төгрөгийг баталсан. Санхүүжилтын гүйцэтгэлийг хянаж байгаа. Мандал сумын гуравдугаар сургуулийн төсөлд өмнөх онд 16 тэрбум, 2022 онд 2.1 тэрбум төгрөгийг баталсан. Гүйцэтгэл нь ирээгүй учраас санхүүжилт нь гараагүй байна. Ирэх онд төсөвт өртгийн нэмэгдлүүд огт тусгаагүй.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-УИХ-ын гишүүн Ч.Ундрам ганц тойргийнхоо асуудлыг яриагүй байх. Боловсролын салбарт олон жил үргэлжилж, дутуу царцсан барилгууд "угжирсан" байдаг. Ирэх оны төсөвт үнийн өсөлт тооцоолсон объектууд орж, гүйцэтгэлээ сайн шахна. Асуудал олон жил үргэлжилсэн мөртлөө төсөвт өртөг нь нэмэгддэг барилгууд олон байна. Зураг төсөлгүй эхлүүлж, дураараа нэмэлт ажлуудаа гэрээлж, дуусдаггүй 2012 онд эхэлсэн барилгууд байна. Энэ асуудлыг 2023 онд аудит оруулж тогтоогоод үргэлжлүүлнэ. Тендерийн хонгилоор яваад сурчихсан компаниуд олон байна.
Шинжлэх ухаан, технологийн сангийн судалгааг сонгон шалгаруулалтыг ил болгосон. Цаашдаа энэ сангийн санхүүжилтыг олон хэлбэр бий болгож, тэргүүлэх улс орны тулгамдсан асуудлын чиглэл рүү санхүүжилт олгоно. Их дээд сургууль, мэргэжлийн хүрээлэнгүүдийн хамтарсан судалгааг ашиглах нь зүйтэй юм. Бид энэ санхүүжилтыг суурь хэрэглээний судалгаа руу чиглүүлнэ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
-Ирэх оны орлогыг харж байна. Онцгой албан татвар буурсан байна. Хөрөнгийн зардал яагаад буурав. Ирээдүйн өв сангийн тухай хууль гэж бий. Энэ санд жил бүр ашигт малтмалын нөөцөөс мөнгө төвлөрүүлж байх ёстой. Өнгөрсөн он, энэ онд огт мөнгө төвлөрүүлээгүй. Одоо энэ санд мөнгө байгаа юм уу. Мөн боомтын хөгжлийн асуудлаар хөрөнгө оруулалт тавьсан юм уу?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Хөрөнгийн зардал буурч байвал сайн. Гэхдээ бидэнд ирэх жил бууруулах боломжгүй. Учир нь сүүлийн зургаан жилийн хугацаанд жил бүр нэг их наяд төгрөгөөр шинэ хөрөнгө оруулалтыг тавьж ирсэн. Үүний үргэлжлэл 2.5 их наяд төгрөгийн төвлөрөл ирэх онд таарна. Энэ эрсдэлийг багасгахаар шинэ хөрөнгө оруулалтыг оруулаагүй. Тийм учраас хөрөнгө оруулалтын зардал өмнөх оноос 1.1 их наядаар нэмэгдэж байгаа. Засгийн газар концессын өрнөөсөө салах хэрэгтэй байна.
Нийслэлийн түгжрэлийн эсрэг 339 тэрбум төгрөг гээд нэмэгдэж байгаа. Мянганы сорилтын сангийн Монголы талын хуримтлагдсан 49 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхгүй бол ирэх жилээс энэ том төсөл зогсох эрсдэлтэй. Бид шинэ хөрөнгө оруулалтаа танаад танаад заавал хүлээсэн үүрэг 1.1 их наядаар нэмэгдэж байна гэсэн үг.
2021 оны төсөв хүртэл санг дансан дээр нь хуримтлуулж ирсэн. Гэхдээ эх үүсвэрийг Төрийн санд хэрэглэж байсан гэсэн үг. Дансан дээрээ бичилт хийж, хуримтлуулж байсан. Хуулиараа 2025 онд тусад нь гаргаж, эх үүсвэртэй нь корпораци байгуулна. Харин 2023 оны төсөвт Ирээдүй өв сангийн тодорхой хэсэг хүүхдийн мөнгөнд дахин зарцуулна. Гэхдээ цаана нь хэмнэж үлдсэн хэсэг, нэмэлт орлого гээд нийтдээ 600 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. Гэхдээ энэ нь Төрийн сангаас мөнгө тусад нь гаргаж, эх үүсвэртэй нь баталгаажуулна. Өнөөдрийг хүртэл хуримтлагдсан үлдэгдэл 2.5 их наяд төгрөг. Бид тусад нь гаргахдаа талаас илүү хувийг нь эх үүсвэртэй мөнгөн хөрөнгөөр нь шилжүүлж өгөх зорилготой. Хэдийгээр Төрийн санд дарамт ирж байгаа ч Ирээдүйн өв санг тусад нь гаргах хатуу зорилго тавьж байгаа.
Хилийн боомтод 668 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 132 тэрбум төгрөгийн дүнтэй төслүүдээ тавьсан. Сайд нь ярих байх.
"Элэг бүтэн-Монгол" хөтөлбөрийг ирэх оны төсвөөс хассан байна"
Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын санхүүжилтын талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Эрүүл мэндийн салбарын төсөв 2022 оныхоороо орж ирж байгаа. Инфляци, ам.долларын ханш их байна. Эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүний үнэ ханш 40-60 хувийн нэмэгдэлтэй байна. Төсвийг нэмэхгүй бол даатгалын сангаас эмнэлгүүдэд квот тогтоож байна. Жишээлбэл, сардаа 150 хүнээс илүүг эмчилж өгөхгүй гэх мэтээр иргэд үйлчилгээ авахад хүндрэлтэй болно. Иргэд хөнгөлөлттэй эмийг тусгай зөвшөөрөл өгөхгүйгээр зөв шийдсэн байхад зохион байгуулалтын хувьд эргээд түвэгтэй болгосон байна.Мөн төсөв дээр амжилттай хэрэгжүүлж байсан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хаясан байна. Элэгний D вирустэй 150 мянган иргэд хэзээ эм орж ирэх вэ гэдгийг хүлээж сууна. Тэр дундаа 40 гаруй мянган иргэний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 2016-2020 онд жил бүр 40 гаруй мянган тэрбум төгрөгийг тусгаж, илрүүлж, эмчилгээ хийсэн. Тиймээс эрүүл мэндийн санхүүжилт дээр онцгой анхаараач.
Чуулганы хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Сангийн сайд хувь хүний орлогын албан татварыг шаталсан тогтолцоонд хэрэгжүүлнэ. Нөгөө нь зураг төсвийг ямар хэлбэрт шилжүүлж байна вэ. Мөн хүүхдийн мөнгөнөөс хасч буй хүн амын есөн хувийг хэрхэн тогтоож байгаа юм бэ. Эсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзах уриалга хэлбэрээр явах юм уу. Эрчим хүчний сайдаас үнэ тарифтай холбоотой асуулт асууя. МХЕГ-ийн тогтолцоог хэрхэн өөрчлөх гэж байгаа юм бэ?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Шаталсан татвар шинэ татвар биш. Өнгөрсөн 2004 онд энэ тогтолцоо байсан. Тэгээд 2018 онд Засгийн газраас дахин өргөн барьсан боловч буцаасан. Одоо бол хамрах хүрээ нь багасч, сарын 10, 15 сая төгрөгөөс дээш гэсэн шаталсан татвартай болж байгаа. Манайд нийтдээ 817 мянган хувь хүний орлогын албан татвар мэдүүлдэг. Эндээс 0.3 хувь буюу 1365 иргэн энэ шатлалд хамаарна. Эндээс орж ирэх орлого бол 10 тэрбум төгрөг. Зураг төсвийн хувьд Эдийн засаг, хөгжлийн яаман дээрээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиараа түрүү жилийнхээ төлөвлөгөөг гаргаж, хөрөнгө оруулалтынхаа том зургийг гаргана. Энэ хүрээнд жил бүр хөрөнгө оруулалтын бодлогыг Сангийн яам авч явна. Бэлтгэл ажлыг хангах байдлаар зураг төсвийг хийнэ. Тэрнээс биш цаашид төсөвт суухгүй ажлын бэлтгэл ажлыг хангах шаардлагагүй. Яамдууд захиалгаа өгч, худалдан авах ажиллагаагаа өөрсдөө зохион байгуулна. Ийм зарчмаар ажиллана. Хүүхдийн мөнгө халамжийн бодлогын хүрээнд орж буй. Тийм учраас цаашдаа зорилтот бүлэг рүү чиглүүлнэ. Цар тахлын үед өрхийн орлогыг дэмжих зорилгоо биелүүлж, өндөр орлоготой хэсэг нь эндээс татгалзая гэж байгаа. Хотын өрхийн дундаж орлого 1.9 сая төгрөг. Орон нутагт 1.5 сая төгрөг. Үүний дундаж 1.7 сая төгрөг. Үүнийгээ өндөр орлоготой хэсэг рүү дөхүүлж хоёр дахин өсгөвөл 3.5-3.7 сая төгрөгийн хооронд байгаа. Ингээд тооцохоор 90-91 хувь байгаа. Харин ирэх оны нэгдүгээр сарын 1- хүртэл өрхийн орлого тооцдог энэ систем төрийн сангийн мэдээлэлд дахин маш сайн тооллого хийх шаардлага гарч буй. Удахгүй ажлын хэсэг байгуулна.
Эрчим хүчний сайд Т.Чойжилсүрэн:
-УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын асуултад хариулъя. Эрчим хүчний салбар хүнд байдалд байна. Жишээлбэл, нүүрсний уурхайнуудад эргэлтийн хөрөнгийн дутагдал 109.2 тэрбум төгрөг, Багануурын уурхайд 61.3 тэрбум, Шивээ-Овоогийн уурхайд 33.3 тэрбум, Шарынголын уурхайд 14.6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэхгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийн хомсдолд орлоо. Эрчим хүч үйлдвэрлэх компаниуд мөн ялгаагүй ийм байдалд орсон. Сэлбэг хэрэгслийн материалын үнэ өнгөрсөн 2019 онтой харьцуулахад 30-65 хувийн өсөлттэй байна. ОХУ-аас оргил ачааллын үеэр Төв болон баруун бүсэд худалдаж авдаг эрчим хүчний үнэ нийт 2022 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр ханшийн алдагдал 37.8 тэрбум төгрөг гарах нөхцөл байдал үүссэн. Эрчим хүчний салбард өнөөдрийн байдлаар 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн. Тиймээс 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний үнэ тарифыг өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицууулах хороонд шийдвэрлэж байна. Эхний ээлжинд айл өрхийн цахилгаан, дулааны үнийг эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учраас нэмэхгүй. Харин аж ахуй нэгжүүдийн хувьд 5000 квт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш бол 28 хувиар нэмэх тариф гарч байгаа. Уул уурхай, банк, үүрэн телефоны операторууд бол 200 мянган квт хүртлээ 28 хувийн нэмэгдэлтэй, түүнээс дээш бол 38 хувийн нэмэгдэл тооцно. Ингэснээр жилд 280 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого олно. Бид судалгаа хийж үзсэн. Ойрын хугацаанд ингэж нэмэхгүй бол гал алдах аргагүй болоод байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-2023 оны улсын төсөв төсвийн шинэчлэл хийж, шинэ хөрөнгө оруулалтаа татсан байна. Аятайхан төсөв орж ирж байна. Сангийн сайдаас асуухад орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг аймаг бүрт өгч буй. Хэд хэдэн аймаг авахгүй байгаа. Энэ ямар шалгуураар хуваарилалт хийж байна вэ. Булган, Сүхбаатар дээр наймхан тэрбум төгрөг, бусад нь өндөр төсөвтэй. Ямар учиртай юм бэ. Орон нутгийн хөгжлийг дэмжих сангаас Баян-Өлгий, Булган аймагт бага, бусад аймагт өндөр төсөвтэй байна. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй гэснээ Баянхонгор, Хэнтий, Өмнөговь, Өвөрхангайд замын ажлууд багтсан байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Шинэ ажлууд байхгүй. Замын их засварын ажил шинэ бүтээн байгуулалтын ажил биш. Зам тээвэр, хөгжлийн яамнаас дөрвөн том улсын чанартай замд их засвар хийе гэж 186 тэрбум төгрөгийн санал ирж, 35 тэрбум төгрөгт тааруулж, их засвар хий гэсэн юм. Орон нутгийн хөгжлийн сан алслал, хүн амын тоогоороо дэмжлэг үзүүлдэг бол орон нутагт үзүүлж буй дэмжлэг орлого, зарлагын зөрүүнээс хамаардаг. Одоо зургаан аймаг, нийслэл улсад орлого төвлөрүүлдэг бол бусад нь улсаас дэмжлэг авдаг. Өнгөрсөн жил энэ асуудлыг ярьж, шинэ зохицуулалтаар явж байгаа.
Ж.Чинбүрэн гишүүний асуултад хариулахад Монгол эрүүл мэндийн салбараас өөр олон салбартай. Нэг төсөвт олон салбарыг багтаахыг хичээдэг. Эрүүл мэндийн салбарт оновчтой төсвийн хуваарилалтад орж байгаа. Салбарын сайд нь өөрөө бүх тооцооллыг хийж, ямар нэг алдагдал үүсэхгүй гэдгээ мэдэгдсэн. Нэг их наяд, 481 тэрбум төгрөг гэдэг бол энэ жилийн түвшинд гэсэн үг. Бид өнгөрсөн жилийнхээс 20 гаруй хувиар өссөн тоо юм. ЭМДС-гаас найман хувийн бага хэмжээний төсөв батлагдаж байгаа ч ийм бага таналтад энэ салбар тэр чигээрээ зогсоно гэж хэлж болохгүй шүү.
Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж:
-Аймгуудын санхүүгийн дэмжлэг бол орлого зарлагын зөрүүгээр олгодог. Харин Орон нутгийн хөгжлийн сан Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу хөгжлийн индекс, хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээгээр олгодог.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Хувийн мөнгөөрөө санхүүжүүлж байгаа юм шиг хачин хандлага гаргадгаа боль. Орон нутгийн хөгжлийн санд оруулж байгаа аймгуудынхаа ялгааг бодитоор нэг хараач. Дэмжлэгийнхээ тайлбарыг сайн өг. Ямар учраас зарим нь найм, зарим нь 20 гаруй тэрбум төгрөг өгч байгаа юм бэ. Гайхалтай хөгжсөн учраас бага мөнгө төсөвлөж байгаа юм уу?
Сангийн сайд Б.Жавхлан:
-УИХ-ын гишүүнээ бухимдаад байх юм байхгүй шүү. Бидний баримталж буй хууль ийм юм. Тэрнээс биш үзэмжээрээ дэмжлэг үзүүлж байна. Тэгвэл танд хуулиа өөрчлөх эрх нээлттэй байгаа. Өөрчлөөч тэгээд. Чи өөрөө өөрчил тэгвэл. Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн дагуу оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Төсөв мөнгөний бодлогыг харахаар хүндрэл бэрхшээл гэхэд багадахаар хямралын байдалтай тоонууд харагдаж байна. Мэргэжлийн хэлж байгаагаар төсвийн болоод төлбөрийн дансны хос алдагдал боллоо. Төсвийн алдагдал гэдэг нь төр улам томорч байна гэсэн утгатай. Төлбөрийн дансны алдагдал гэдэг нь бид валют олж чадахгүй байна гэсэн үг.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Ирэх жилүүдэд зээл авах төслүүд ч байгаа. Бид дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулчихсан. Ашиглаагүй байгаа зээлийн үлдэгдэл гээд 20-иод и наяд төгрөг байдаг. Бид зайлшгүй шаарлагатай зээлээ аваад явна. Бид ДНБ-ийнхээ 50 хувиас хэтрүүлэхгүй авч явна. Төсвийн алдагдлыг шат дараатай бууруулж буй. Энэ оныхоос 800 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж байгаа. Сүүлийн 20 гаруй жил төсвийн орон зай тэлж байгаа. Шинэ сэргэлтийн бодлогоор эдийн засгийн сууриа тэлэхээр чиглэж байгаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Сангийн сайд Засгийн газрын өр гэсэн хэсгээ хязгаар гэж хэт зөөллөж байна. Яг энд байгаагаар 2023 оны төсөөлөл ДНБ-ий 50 хувьд байгаа өрийг 60 хувь болгох төсөөлөл гээд энэ хүрээнд өр зээлээ авна гэсэн байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Би ойлгуулж чадахгүй байна уу. Бид төсвийн тусгай шаардлагаа хуульчилсан байдаг. Хуулийнхаа хүрээнд ажиллана. Орон зай гарвал ашиглах үүрэг нь Засгийн газарт бий. Бид УИХ-аас гэрийн даалгавраа авчихсан. Эрэмбэлж байгаад эдийн засгийн үр өгөөжөө харж байгаад ашигладаг зарчимтай.
Чуулган: Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулт өгнө
УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.10.07/-ийн хуралдаанаар 2023 оны төсөв хэлэлцэнэ. Хуралдаан өчигдөр орой болтол хуралдаж, 2023 оны төсөвтэй холбоотой гишүүд асуулт, хариулт үргэлжилсэн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон танхимын сайд нар, холбогдох албаныхан гишүүдийн асуултад хариулт өгч буй.
Чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
- “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар
- ·Бусад асуудлыг хэлэлцэнэ.
Холбоотой мэдээ