Сурвалжлага: Хотын төвөөр дугуйн зогсоолыг нэмье

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хотын төвөөр дугуйн зогсоолыг нэмье

Сурвалжлага: Хотын төвөөр дугуйн зогсоолыг нэмье

Хөл хөдөлгөөн хамгийн их байдаг их сургуулийн гудамжаар алхахад явган хүний гарц болон томоохон өргөн чөлөөгөөр хүн, машин, дугуй гээд бүгд хамт яваа мэт санагдана. Явган хүний замыг таллаж ногооноор будсан байх бөгөөд дугуйн зам тусдаа биш болохоор аргагүй холилдон алхана.

Эндээс цааш албан газруудын зогсоол, шатны хашлага зэрэгт түгжсэн унадаг дугуй элбэг тааралдана. Нэг үеэ бодвол харьцангуй олон хүн дугуй хэрэглэж тэр хэрээрээ асуудал ямар түвшинд байгааг нийгэмд харуулдаг боллоо. Мөнөөх явган хүний замыг таллаж ногооноор будах бус тусдаа замтай болбол хэчнээн тэрбумын өртгөөр шийдэх гээд байгаа түгжрэлийн асуудал шийдэгдчих ч юм шиг.

Нийслэлчүүд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 хоногийг “зам дээр” өнгөрүүлдэг, түгжрэлээс алдсан боломжийн өртөг жилд 2.7 их наяд төгрөг гэх тооцоо байдаг.

Эдийн засаг, сэтгэл санааны хувьд ч хохиролтой амьдарч буй нийслэлчүүд сүүлийн жилүүдэд “унадаг дугуй” унах нь эрс нэмэгдсэн. Унадаг дугуй унах нь ялангуяа өсвөр насны хүүхдэд маш сайнаар нөлөөлдөг ажээ. Анхаарал болгоомжтой явснаар ой тогтоолт, сэтгэн бодох чадвар дээшилдэг гэсэн судалгаа ч бий.

Мөн бие эрүүл мэндийн хувьд хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг. Нийслэлчүүдийн хувьд түгжрэлээс "зугатаж" дугуй унах нь олширчээ. Гэвч нийслэл хотод унадаг дугуй унах нь асуудалтай байсаар ирсэн. Зарим асуудлыг шийдэх үүднээс дугуйн зам тавьсан ч явган хүний хөдөлгөөнтэй холилдон улам дордуулж орхисон гэлтэй.

Цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжтай газруудад дугуйн зогсоол, замыг олноор байгуулж байгаа. Гэтэл амралтын биш ажлын хэрэгцээнд унадаг дугуйг унаж хэвштэл нэлээдгүй хугацаа шаардлагатай. Хотын төвд албан газрууд зогсоолын асуудлыг аль болох хүртээмжтэйгээр шийдсээр байна.

Гэхдээ хангалттай биш. Шатны хажууд, хашааны төмөрт, шонгийн мод зэрэгт түгжиж үлдээдэг нь түгээмэл харагдана. Автомашинтай харьцуулахад мэдэгдэхүйц хэмжээний өөрчлөлт, хэмнэлтийг бий болгож байгаа. Ийм ч учраас шонгийн мод түшүүлж тавиад ч хамаагүй дугуй унахыг иргэд сонгож байна.

"ЗОГСООЛ БАЙХГҮЙ Ч АРГАЛААД ТАВЬЧИХАЖ БОЛДОГ"

Дугуй унаснаар тулгарч буй асуудал, гарч буй өөрчлөлтийн талаар иргэдээс тодрууллаа.

БГД-ийн иргэн С.Тэмүүдэй:

– Хотын төвөөр бол тун боломжийн байна. Аль болох олон ажил амжуулахыг хичээж дугуй унадаг болсон. Одоо ч дасч байна. Өчнөөн цаг түгжирч зогссоноос дугуй унах чинь хамаагүй үр өгөөжтэй шүү дээ. Гэвч машин замаар явах, явган хүний замаар явах гээд үнэхээр асуудал их. Зогсоол байхгүй ч аргалаад тавьчихаж болдог. Гэхдээ мэр сэр суудал, дугуй зэргээ хулгайд алдах тохиолдол байдаг. Авто замын захаар хөдөлгөөнд оролцохоос өөр аргагүйд хүрнэ. Анхаарал болгоомж өндөртэй явахгүй бол осол аваар гарлаа гэхэд би буруудах болно шүү дээ. Хаа газар ялгаагүй дээ, аргалаад л явна.

-СБД-ийн иргэн Д.Билгүүн:

-Ажил хичээл гээд бүх л зүйлээ хурдан амжуулдаг болоод байгаа. Хотын хөдөлгөөнд л оролцох хэцүү. Бусдаар бол аль ч газар аргалаад тавьчихдаг. Зогсоол мэдээж ихэссэн. Аль ч газар очсон байгаа хэр нь дүүрэн байдаг. Төвөөр байгууллагууд бол зогсоол байдаг, орон сууц, хорооллууд харин бэрхшээлтэй. Хотын төвөөс холдоход л мэдэгдэнэ. Хөдөлгөөнд оролцохдоо аль чадахаараа л болгоомжтой явдаг. Хүн ихтэй, машин ихтэй бараг багтах зайгүй газраар л яваад байгаа санагддаг даа. “Дэлхийн хамгийн урт дугуйн замтай Копенхаген хот нь Улаанбаатар хотын хүн амтай адил тооны иргэдтэй, газар нутаг нь нэг дахин бага. Иргэдийн 62 хувь нь унадаг дугуй унадаг гэсэн судалгаа бий. Маш олон ажлыг хэрэгжүүлж, иргэдийн санал асуулгад тулгуурлан өөрчлөлтийг хийж чадсанаар автомашины тооноос тав дахин их унадаг дугуйтай болжээ”. Энэ мэтчилэн олон жишээ бүхий өөрчлөлтүүдийг бид утсаараа харсаар, хотынхоо төвд түгжирсээр л байна.

Иргэд автомашин унахаас илүү унадаг дугуйг сонгож, ялангуяа дулааны улиралд илүү их дугуй унах эрмэлзэлтэй ч дугуйн зогсоол байхгүй байгааг шүүмжилж байна. Түүнээс гадна нийслэлээс түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлэх туршилт хийж байсан ч дугуйн замгүйгээс болж энэ ажил тэгсгээд замхарсан. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад бол түрээсийн дугуйн үйлчилгээ хамгийн түгээмэл бөгөөд иргэдийн сонгодог сайн үйлчилгээнд тооцогддог. Түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлж, зогсоолуудыг шийдэж чадвал иргэд заавал автомашин сонгож, түгжрэлд нэрмээс болохыг хүсэхгүй байна. Автомашины зогсоолыг шийдэж байгаа шигээ дугуйн зогсоолуудыг нэмж, түрээсийн дугуйн үйлчилгээг маш сайн зохион байгуулалттай нэвтрүүлж чадвал машин унахыг нь хориглох шийдвэр гаргасан ч түмний дургүйг лав хүргэхгүй болов уу.

Энэ мэтчилэн түгжрэлийг шийдэхийн тулд ойрын хугацаанд түрээсийн дугуй, дугуйн зогсоол гээд том төсөвгүйгээр шийдвэрлэх боломж, гарц байгааг ч иргэд хэлж байна.

А.САЙХАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж