"Би Б-Урлан-209 тоотын зураач" | News.MN

"Би Б-Урлан-209 тоотын зураач"

"Би Б-Урлан-209 тоотын зураач"

"Би Б-Урлан-209 тоотын зураач"
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач, Уртнасангийн Батцоож хоёр дахь бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Түүний үзэсгэлэнгийн нэр "Б-Урлан-209". Өөрийн уран бүтээл туурвидаг урлангийнхаа өрөөний дугаараар нэрлэсэн энэ үзэсгэлэнгээ 2022 оны аравдугаар сарын 8-18-ны өдрүүдэд "Монгол арт" галерейн хоёр давхарын их танхимд толилуулахад бэлэн болжээ. Ингээд түүний яриаг хүргэе.

-Үзэсгэлэнгийн бэлтгэл ажил гээд завгүй явна уу. Үзэсгэлэнгийн нэр их сонирхол татаж байна?

-Уран зургуудаа галерейдаа байршуулж, бэлтгэлээ базаасан. Одоо зочдынхоо урилгыг тараах ажил л үлдээд байна. "Монгол арт" галерейн хамт олон бүх ажлыг минь сайхан зохион байгуулж, тусаллаа.
-Багаасаа сийлбэр хийх дуртай хүүхэд байсан гэсэн. Хэрхэн зураач болсон тухайгаа ярихгүй юу?
-Миний хүүхэд нас Дархан хотод өнгөрсөн. Тэндээ сийлбэрийн дугуйланд явж байгаад сонирхлоороо Дүрслэх урлагийн дээд сургуулийн сийлбэрчний ангид орох хүсэлтэй байлаа. Тэгсэн тэр жилдээ сийлбэрийн ангид элсэлт авахгүй, нэг жил өнжих боллоо.
Тэгээд арай ойролцоо уран дархны ангид ороод, хоёрдугаар курсээсээ уран зургийн ангид орсон доо. Дундаа бас нэг хэсэг дээд сургуулиасаа гарч, 2004 онд төгссөн.

-Таныг зураач болоход хэн нөлөөлсөн бэ?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Харин нагац ах маань Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд юм. Мэдээж тэр хүн намайг зураач мэргэжлээр суралцахад их нөлөөлсөн. Эхнэр нь бас сайхан зураач бий.

-Анхны үзэсгэлэнгээ хэдэн онд гаргаж байв. Хоёр дахь үзэсгэлэндээ дэлгэх уран бүтээлээсээ сонирхуулбал?

-Миний хувьд анхны "Ойллого" нэртэй үзэсгэлэнгээ "Сэнгэраги арт" галерейд 2018 онд гаргаж байсан юм. Энэ жил хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргах гэж байна. Би чинь дээд сургуулиа төгсчихөөд уран бүтээлээ нэг хэсэг хийгээгүй. Сүүлд 2016 оноос л уран бүтээлээ тууштай хийж эхэлсэн.

Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэж буй уран бүтээлүүд маань арга барил, сэдвийн хувьд тэс өөр гэдгээрээ онцлог. Өмнө нь би талсттай зураг олонтой байсан бол одоо цул дүрслэлтэй, ажиллагаа, сэдвийн хувьд өөр уран бүтээлүүдээ дэлгэнэ.

-Үзэсгэлэнгийн нэр "Б-Урлан-209". Өөрийн уран бүтээл туурвидаг урлангийнхаа өрөөний дугаараар нэрлэсэн юм уу?

-Би Монголын Урчуудын эвлэлийн Б-Урландаа уран бүтээлээ хийдэг. Тэгээд урландаа сууж байхдаа цонхон дээрх цэцэг, найзуудын өгсөн баримал их гоё харагдаад, шууд тэр шөнөдөө зурж дуусгасан. Бас унадаг дугуйгаа цонхны урд тавьдаг учраас дугуйгаа зурсан. Манай өрөөний цонх гэсэн үг. Энэ үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд маань ихэвчлэн энэ урланд төрсөн.

Би өглөө эрт урландаа ирээд шөнө хүртэл сууна. Миний хувьд орчин солигдохоор нэг хэсэгтээ эвгүй, хэсэг хугацааны дараа уран бүтээлээ хийж эхэлдэг.

-Таны уран бүтээлийг харахад хурц тод өнгөтэй, талсттай зурагнууд "ноёлж" байна. Энэ нь хувь уран бүтээлчийн онцлог, арга барил байх?

-Сайн ажиглавал нарийн талсттай 3-4 бүтээл бий. Сүүлийн үед арай өөр арга барилаар зурахыг хичээж буй. Өмнө нь би маш их нямбайлж зурдаг байсан. Одоо бол уран зураг нарийн, нямбай, сайхан харагдахдаа биш гэдгийг ойлгосон. Болж өгвөл байгалийн судалбар зурагт явахыг хичээнэ. Зураач хүн судалбар зургаас гол санаа, арга ажиллагаа гээд сурах зүйл их байдаг.

Ер нь миний баримталдаг зарчим бол амьдралын энгийн зүйлийг уран бүтээлчийн өнцгөөс харж, илэрхийлэхийг зорьдог. Нийгэм рүү хандсан, шүүмжилсэн уран зураг тун ховор доо.

Амьдрал дээр хүн аливаа юмны тэнцвэрийг барихад тун хэцүү шүү дээ. Ихэвчлэн тэнцвэрийг барьж чаддаггүй. Гэтэл уран нугараачид тэнцвэрийг урлагаар дамжуулан хүргэж чаддаг. Яг тэрэн шиг гурвалжин дүрс нэг тийшээ холбироход нэг үзүүр нь дээшээ тэмүүлж, тэнцвэрийг барьж байдаг. Үнэхээр гайхамшигтай дүрс. Сүүлд зурж байгаа бүтээлүүд маань ямар нэг байдлаар гурвалжин дүрс орж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж