Херсон мужид орос цэргүүд цагаан тугаа өргөж, бууж өгч байгаа бичлэг өчигдөр /2022.10.06/ цахим сүлжээнд тавигджээ. Украин цэргүүд ирэхэд тэд гараа өргөн зогсож буй харагдана.
Украины Цэргийн тагнуулын албаны мэдээлснээр, Оросын 2000 гаруй цэргээс тулааны талбарт амь эрсдэхийн оронд хэрхэн бууж өгч болох вэ гэсэн дуудлага тусгай утсанд ирсний дараа энэ үйл явдал болжээ. Орост цэргийн алба хааж байсан болон цэргийн албанд хараахан татагдаж амжаагүй байгаа эрчүүдээс энэ дуудлага ирсэн гэж Цэргийн тагнуулын хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов хэллээ.
Херсон дахь Украины сөрөг довтолгоо сүүлийн хоёр сарын турш үргэлжилж байна. Сүүлийн үед довтолгоо мэдэгдэхүйц ахицтай байна. Херсон мужийг эргүүлэн авах ажиллагааны үеэр олон арван тосгоныг чөлөөлсөн тухай ерөнхийлөгч Зеленский мэдээлсэн. Үүний зэрэгцээ хойд зүгийн Харьков хотын ойролцоох олон км газар нутгийг чөлөөлжээ. Үндсэндээ Харьковыг бүхэлд нь эргүүлэн аваад одоо Донецк, Луганск руу орж байгаа гэхэд болно гэж "Daily mail" хуудсанд бичжээ. Тээврийн гол зангилаа Лайман хотоос Оросын арми ухарч, Оскил голын ойролцоох жижиг тосгонд цэвэрлэгээ хийгдэж байна.
Путин өнгөрсөн долоо хоногт Украины дөрвөн газар нутгийг өөртөө нэгтгэнэ гэж зарласан. Энэ газар нутгийг хэзээ ч буцааж өгөхгүй гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ. Путин 300 мянган цэрэг татсан учир нөхцөл байдал тогтворжино гэж найдаж байж болзошгүй юм. Тэгвэл ажиглагчид байдлыг өөрөөр харж байна. Тухайлбал, АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтан украинчууд Крымийг эргүүлэн авах бодит боломжтой болж байна гэж хэлжээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ