Геополитикийн үеийн төсөв ба Ерөнхий сайдын геостратеги!

Хуучирсан мэдээ: 2022.10.06-нд нийтлэгдсэн

Геополитикийн үеийн төсөв ба Ерөнхий сайдын геостратеги!

Геополитикийн үеийн төсөв ба Ерөнхий сайдын геостратеги!

Улсын төсвийн хэдэн тооны ард уг нь олон “юм” нуугдаж байдаг.  Уншдаг нь цөөхөн, улстөрчид бол бүр ч уншихгүй, өөрийн нь эрх ашигтай хамааралгүй тохиолдолд. Эдийн засагчид нь ерөнхий шүүмжлэл ярихаас өөрөөр яг, таг баримттай тайлбар, эсэргүүцэл хэлэх нь цөөн. Тиймээс  хэдэн их наядын алдагдалтай төсвийн алдаа инфляцийн өсөлт, эдийн засгийн хямрал болж иргэдийн нуруун дээрх ачааг нэмдэг.

Энэ жилийн хувьд 20 их наядын зарлагатай төсөв оруулж ирлээ гээд шуугиж байна. Эдийн засагчид нь урьдын адил хэтэрхий хөөстэй төсөв болохыг шүүмжилж, УИХ-ын гишүүд камерын өмнө уран гоё  үг хэлцгээж байна. Хөрөнгө мөнгө, сандал суудлын сургаар гүйгээд ирдэг гишүүд хүртэл хэмнэлт, таналт ярих нь сонгууль ойртсоны шинж байх.

2022 оны улсын төсөв бүхэлдээ Цар тахлын хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн бол эрхбаригчид ирэх 2023 оны төсвийн геополитикийн жилийн төсөв гэж тодотгох болсон. Тиймээс УИХ-ын чуулганд геополитекийн үеийг хэрхэн давах Ерөнхийлөгчийн геостратеги нь өөрийнх нь зарласан “Шинэ сэргэлтийн болдлого” байх бололтой.

Ямар ч байсан улсын төсөв Засгийн газраас өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, өнөөдрийн байдлаар 14 хувьтай байгаа инфляийг нэг оронтой тоонд барих боломжтой аж.  Харин экспортыг 2019 оны буюу цар тахлын өмнөх жилийн төвшинд хүрнэ гэж бүрэн итгэлтэй байгаа аж.

Хямрал хаа сайгүй нүүрлэж,  эдийн засгийн хувьд “зуд” болох дохио дуугарч байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яагаад ийм итгэлтэй байгаагийн учир нь “2023 онд  Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжсэн шинэ гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцсон”-ых аж.

“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт  бүрэн ашиглалтад орсноор Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг бүрдүүлэх урьдчилсан тооцоо бий.

1.

Геополитикийн үед хэрэгжүүлэх Монголын геостратеги нь эрчим хүчний бүтээн байгуулалт байх гэнэ. Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлэхээ зарлачихлаа. Энэ тухайд түүний хэлсэн үг нь “Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацааж чадахгүйг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье!”

Ерөнхий сайдын хэлдгээр 2022 он Монголд төдийгүй дэлхийд амаргүй байгаа нь үнэн. Дэлхий дахин амар амгалан байсан үе ард үлдэж, хүйтэн дайны эрсдлээс айж, болгоомжилж байна.   Үнийн өсөлт, валютын ханшийн савалгаа, хүнсний хомсдол улс орон бүрийн толгойны өвчин болсон. Гол нь яаж хохирол багатай давах л улс орон бүрийн геостратегиэс хамаарах юм. Тэр тусма буфер улсын зовлон их.  Гаднаа цорготой, гаднаас гал гуйдаг ядуу улс өөр хоорондоо л эвтэй байх хэрэгтэй.

2.

Чуулганы нээлтэд спикерийн хэлсэн үг олон нийтээс нэлээд шүүмжлэл дагуулсан. Ялангуяа төрийн байгууллагууд өөрсдөө нэмэлт орлого олж цалин, цавгаа нэмэхийг сануулсан нь чөлөөт зах зээлийн эсрэг үг, үйлдэл байв.  Тэгвэл “Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулж, хөрөнгийн зах зээлээр дамжуулж олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг ирэх онд идэвхжүүлнэ” гэдгээ Ерөнхий сайд хэлсний гол санаа нь төрийн бүтээмжийг сайжруулах.  Төрийн банкийг олон нийтийн хяналтад оруулах ажил амжилттай хэрэгжүүлсэн бол Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгох ажлыг ирэх жилийн төсвийн жилд багтаан зохион байгуулна гэж байна.

Цаашид зураг төсөв, тооцоо судалгаа, нийгэм, эдийн засгийн үндэслэлгүй төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй гэдгээ хэллээ. Гэхдээ хэлсэндээ эрх баригчид хэлсэн хүрэх л чухал шүү дээ. Ярих амархан хийх л хэцүү.

3.

Оюутолгойг эс тооцвол сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт Монголд орж ирсэнгүй. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй л бол гадаадад өр тавихаас өөр аргагүй. Тиймээс ёстой гутамшиг болсон ч хамаагүй гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дуудах хэрэгтэй.  Ерөнхий сайд “Эрдэнэс Монгол компанийн бүтэц үйл ажиллагааг Баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлж, өөрчлөн зохион байгуулснаар нүүрс, зэс, өнгөт металл, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтууд идэвхижиж, уул уурхайн шинэ төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхитэй татах боломжууд нэмэгдэнэ” итгэж байгаа юм байна.  Авчиг манай хулхины эх орончид очоод айлгаж, дарамтлахгүй гэсэн баталгааг төр бий “гаргаж” өгөх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдыг хөөж, туудаг гарууд төрийн ордонд ч, МАН-ын цагаан байранд ч бий.

4.

“Бид тойрог шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр асуудлуудаа бодитоор эрэмбэлж, ерөнхийгөөс тодорхой руу шилжих нэн шаардлагатай байна”.  Ерөнхий сайдын үгнээс хамгийн таалагдсан нь энэ.  Жалга, довны төсвийг болиулахгүйгээр эдийн засаг томрохгүй.  Тавь хүрэхгүй сурагчтай суманд 250 хүүхдийн хоёр давхар сургууль барьж өгөх ямар ч шаардлага байхгүй.  Бурханы хөшөө, айраг, цагааны өргөөгөө гишүүд дуртай юм бол өөрийнхөө хувийнхаа мөнгөөр барьж өгнө биз.  Баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хэнд хамаатай билээ.

Ер нь авлигажсан төсвөөс л авлигатай тэмцэх ажлаа эхлүүлэх хэрэгтэй гэж хэлээд байгаа. Ерөнхий сайд өөрөө хүртэл “Өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн олон төсөл хөтөлбөр байдаг ч бүрэн дуусаж, үр дүнгээ өгсөн нь хуруу дарам цөөхөн. Зарим төсөл хөтөлбөр эхэлснээсээ хойш 10 гаруй жилийн хугацаанд ашиглалтад орж чадаагүй царцсан” болохыг үгэндээ тодотгосон байна лээ.    Тойргийн эрх ашиг, жалга довны бүтээн байгуулалтаасаа салах цаг болсон. Монгол Улс бүхэлдээ нэг тойрог гэдгээ л бодож төсвөө батлаарай даа, УИХ-ын гишүүд минь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж