Чернобыльтэй дасан зохицсон амьдрал

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

Чернобыльтэй дасан зохицсон амьдрал

Чернобыльтэй дасан зохицсон амьдрал

Чернобылийн атомын цахилгаан станцын дөрөвдүгээр реакторт 1986 онд гарсан осол бол хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн аймшигтай цөмийн осол байв. Энэ ослоор түүхэнд байгаагүй их хэмжээний цацраг идэвхит бодис байгаль орчинд тархсан. Асар өндөр тунт цацрагийн цочмог хордлого нь хүрээлэн буй орчин, хүн амд хүндээр туссан юм.

Ослоос хойш 30 гаруй жилийн дараа Чернобыль нь Европ дахь хамгийн том байгалийн нөөц газрын нэг болжээ. Цацраг нь амьд организмын удамшлын материалыг гэмтээж, хүсээгүй мутаци үүсгэдэг.

Чернобылийн судалгааны хамгийн сонирхолтой сэдвүүдийн нэг бол зарим төрөл зүйл цацраг туяатай дасан зохицож амьдарч сурсан эсэхийг илрүүлэх юм. Цацраг идэвхит бодисоор бохирдсон газруудад амьдрах чадварыг нэмэгдүүлэх механизм бүхий аливаа хүчин зүйл байж болох аж.

ЦАЦРАГ ТУЯАНЫ ЭСРЭГ МЕЛАНИНЫ ХАМГААЛАЛТ

Эрдэмтдийн баг Чернобыльд 2016 оноос хойш судалгаагаа эхлүүлжээ. Тэр жил эвдэрсэн цөмийн реакторын ойролцоо ер бусын хар өнгөтэй модны мэлхий хэд хэд байжээ. Угтаа бол модны мэлхий ихэвчлэн тод ногоон өнгөтэй байдаг. Ховор тохиолдолд бараавтар өнгөтэй байдаг.

Меланин гэдэг бодис нь олон амьд организмыг бараан өнгөтэй болгодог бодис юм. Тухайлбал, хүний арьсанд меланин гэдэг будагч бодисын ялгарал ихэссэнтэй холбоотойгоор сэвх, нөсөө толбо үүсдэг.

Тэгвэл энэ пигмент нь хэт ягаан туяаны сөрөг нөлөөг багасгаж чаддаг төдийгүй цацрагийн энергийн нэг хэсгийг шингээж, устгадаг давуу талтай аж. Мөн эсийн доторх ионжуулсан молекулуудыг цэвэрлэж, саармагжуулж чаддаг. Энэ үйлдэл нь цацраг туяанд өртсөн хүн, амьтны эсийн гэмтэлд өртөх магадлалыг бууруулж, амьд үлдэх боломжийг нэмэгдүүлдэг.

ЧЕРНОБЫЛИЙН МЭЛХИЙ

Анхны хар мэлхийг 2016 онд олж илрүүлсний дараа эрдэмтэд Чернобылийн бүс дэх зэрлэг ан амьтдад меланин ямар үүрэгтэйг судлахаар шийджээ. Энэ хүрээнд 2017-2019 оны хооронд Украины хойд нутгийн янз бүрийн бүс нутагт модны мэлхийнүүдийг нарийвчлан судалсан байна. Гурван жилийн хугацаанд нийт 12 өөр үржлийн цөөрмөөс барьсан 200 гаруй эр мэлхийн арьсны өнгийг шинжилжээ. Хамрагдсан бүс нутгуудын хувьд манай гариг дээрх хамгийн цацраг идэвхит бүс нутгаас эхлээд Чернобылиэс гадуурх дөрвөн цэг багтсан байна.

Судалгаагаар Чернобылийн мэлхийнүүд хяналтын бүсээс барьсан мэлхийнүүдтэй харьцуулбал хамаагүй бараан өнгөтэй байгааг тодруулжээ. Зарим нь бараан бус тас хар өнгөтэй байсан. Хар байх тусмаа хамгийн их цацраг идэвхит бодисоор бохирдсон бүс нутгаас олдсон мэлхий байв.

Чернобылийн мэлхийнүүд цацраг идэвхит бодисын нөлөөгөөр хурдацтай хувьслын үе шатыг туулжээ. Осол болсноос хойш мэлхийний арав гаруй үе өнгөрсөн. Судалгаанаас харахад бараан өнгөтэй мэлхийнүүд цацрагын нөлөөллийг илүү сайн даван туулж, амжилттайгаар үржсэн байжээ. Энэ судалгаа нь цөмийн хаягдлын менежмент, сансрын хайгуул зэрэг олон төрлийн салбарт ирээдүйн чухал нээлтүүдийн үүдийг нээж өгч байна.

Гэтэл нөгөөтэйгүүр Чернобыль дахь зөгийнүүд бараг 35 жилийн турш цацраг туяанд өртөх эрсдэлтэй хэвээрээ байгаа аж. Зөгий нь тоос хүртээгч амьтан тул аливаа нөлөөлөл нь экосистемд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсний үндсэн дээр судлаачид ажиглалт хийжээ. Зөгийн сүрэг цацраг идэвхит бодисын нөлөөнд өртсөнөөр хатан зөгийний тоо толгой буурч буй нь тогтоогдсон.

УЛААН ОЙ

Чернобылийн дэлбэрэлтээр атомын бөмбөгөөс ялгарах цацрагаас 400 дахин их цацраг ялгарчээ. Ослын дараа шууд халдваргүйжүүлэлтийн ажил эхэлж, 350 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Тэд хэзээ ч эргэж ирээгүй юм. Мөн байнгын суурьшилтай холбоотой хатуу хязгаарлалт өнөөдөр ч хэвээрээ байна.

Байгаль орчны талаас ярьвал тус үйлдвэрийн ойролцоох нарсан ой нөлөөлөлд хамгийн их өртсөн. Энэ ойг өдгөө Улаан ой гэж нэрлэдэг. Энэ газар цацрагийн хамгийн их тунг шингээж авч, нарс модод тэр дороо үхэж, бүх навч нь улаан болж хувирсан юм.

Цөөн тооны амьтан л цацрагийн өндөр түвшинг даван туулж чадсан. Ослын дараа энэ газрыг үүрд цөл болно гэж таамаглаж байлаа. Зарим цацраг идэвхит нэгдэл байгаль орчинд задарч, алга болоход урт удаан хугацаа шаардагддаг. Эндээс үзвэл энэ газрыг олон зууны турш зэрлэг ан амьтдаас ангид байна гэж төсөөлж байлаа. Гэтэл өнөөдөр тус бүсэд баавгай, чоно, шилүүс, тахь, 200 гаруй төрлийн шувуу, өөр бас бус амьтан амьдардаг аж.

Их Британи, Ирланд, Франц, Бельги, Норвеги, Испани, Украины 30 орчим судлаач 2019 онд Английн Портсмут хотноо уулзаж, Чернобылийн бүс дэх ан амьтны судалгаагаа хуваалцсан. Судалгаанаас үзэхэд Чернобыльд амьдардаг амьтан, ургамлын популяцид одоогийн цацрагийн хэмжээ тэгтлээ сөрөг нөлөө үзүүлэхгүй байгааг тогтоожээ. Их Британийн Экологи, ус судлалын төвийн хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Чернобылийн бүсийн хэд хэдэн хэсэгт хөдөлгөөн мэдрэгч камер суурилуулсан. Камерт бичигдсэн дүрснүүдээс харахад цацрагийн бүх түвшинд төрөл бүрийн амьтны аймаг элбэг байв. Зарим төрөл зүйл, тухайлбал, чоно, тахийн тоо толгой өсч байжээ.

Зэрлэг ан амьтад одоо хүртэл Чернобыльд дасан зохицоод амьдраад байгаагийн шалтгаан юу вэ? Нэгдүгээрт, зэрлэг ан амьтад хүний бодож байгаагаас илүү цацрагт тэсвэртэй байж болох юм. Хоёрдугаарт, зарим организм цацраг туяаг даван туулж, дасан зохицох хариу үйлдэл үзүүлж эхэлсэн. Гуравдугаарт, тус бүсэд хүн төрөлхтөн амьдрахгүй байгаа нь амьтдад таатай нөхцөл бүрдүүлсэн байж магадгүй гэж үзжээ.

Хүний үйл ажиллагаанаас үүсэх дарамт нь зэрлэг ан амьтдын хувьд цөмийн ослын сөрөг нөлөөллөөс ч илүү байж болно гэсэн санааг энд илэрхийлжээ.

Чернобылийг 2016 онд цацрагийн болон хүрээлэн буй орчны биосферийн нөөц газар гэж зарласан. Энэ бүс нутаг нь олон жилийн турш эрс тэс орчны хувьслын үйл явцыг судлах маш сайн байгалийн лаборатори болжээ. Одоогийн байдлаар энэ газарт хэд хэдэн төсөл хэрэгжиж байна. Украин дахь дайн дуусмагц олон улсын шинжлэх ухааны нийгэмлэг Чернобылийн экосистемийн гайхалтай хувьслын явцыг судлахаар дахин тус бүс нутгийг зорихоор төлөвлөж буй. Алсдаа энд нарны цахилгаан станцуудыг хөгжүүлж, ойн аж ахуйг өргөжүүлэх аж. 33 жилийн турш цөл гэж тооцогддог байсан Чернобыль өдгөө биологийн олон янз байдлыг хамгаалах сонирхолтой газар болж хувирсан тухай “The conversation” хуудас онцолжээ.

Эх сурвалж: THE CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж