“Баян хөх сэрх дистрибюшн” ХХК Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлж байна” гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан. Тэгвэл уг мэдээлэлд залруулга мэдээллийг хүргэхээр байгууллагын удирдлагаас хэвлэлийн хурал хийлээ.
“Баян хөх сэрх дистрибюшн” ХХК-ийн захирал Д.Цэцэнцогт:
-Худал мэдээллээр байгууллагын нэр төрд халдсан тул уучлал гуйхыг шаардаж байна. Манай компани бол улс орныхоо хөгжил дэвшил, төсвийн орлого бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулан үйл ажиллагаа явуулж буй дотоодын аж ахуйн нэгжүүдийн нэг юм. Хүнсний бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээг хангахын тулд 200 гаруй нэр төрлийн барааг импортоор оруулж, худалдаалж байна. Хүн амын эрүүл мэнд хүнсний бүтээгдэхүүнтэй салшгүй холбоотой учраас чанарын стандарт, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Гэвч сүүлийн өдрүүдэд байгууллагын нэр хүндэд илтэд халдсан, үйл ажиллагааг "харлуулж", олон нийтэд буруу ташаа ойлголт өгсөн мэдээллийг удаа дараа тараалаа.
Тус сайтад нээлттэй мэдээллээ өгч, сонирхсон бүх асуултанд нь хариулж, үйл ажиллагаагаа танилцуулсан боловч тэр бүгдийг хасч, олон нийтэд огт хүргээгүй гэдгийг мэдэгдэж байна. Холбогдох байгууллагуудад өөрсдийн санаачлагаар хандаж, бараа бүтээгдэхүүн, агуулах, үйл ажиллагаандаа удаа дараа хяналт шалгалт хийлгэсэн. Мэдээлэлд дурдагдсан зөрчил байхгүй, бусад зөрчил дутагдал гараагүй гэдгийг тогтоосон. Тус нэр бүхий сайтад хандан худал мэдээллээ залруулах, няцаалт хийх, манай компанийн харилцагчид, иргэд, үйлчлүүлэгчдээс уучлал хүсэхийг шаардаж байна.
Өмгөөлөгч А.Базар:
Уг асуудалд хууль эрхзүйн үндэслэлтэйгээр дараах гурван хэсэгт хуваан тайлбарлаж байна.
- Компанийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг удаа дараа түгээсэн. Иргэний хуулийн 21.2, 27.6 дах заалтын дагуу иргэн хуулийн этгээдийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан бол түүнийхээ үнэн зөвийг нотлох шаардлагатай. Хэрэв нотолж чадахгүй бол тухайн этгээдийн шаардлагаар залруулга, няцаалтыг хийх ёстой гэж заасан байдаг. Нэгүн.мн сайт эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, нотлогдоогүй таамаг төдий зүйлийг “батлагдсан” мэтээр удаа дараа мэдээлсэн. Энэ нь хэвлэл мэдээллийн ёсзүйн зарчмын 1.1-т заасан мэдээлэл үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулна гэх заалтыг ч мөн зөрчиж байгаа. Мэргэжлийн хяналтад хандсан хэр нь хариу гарахаас өмнө худал мэдээллээ түгээсэн. Баталгаагүй мэдээллийг таамаг хэмээн тодорхой дурьдана гэх ёсзүйн зарчмийн 1.6 дах заалтийг зөрчиж байгаа.
Фэйсбүүк хуудсанд сэтгүүлч өөрийн хаягаараа нийтлэл бичсэн байгаа. Мэргэжлийн хяналт шалгаад уг асуудлыг үнэн эсэхийг тогтоожээ гэж бичсэн. Гэвч энэ нь илт худал мэдээлэл юм. Байгууллагын зүгээс хүсэлт гаргаад мэргэжлийн хяналтад шалгуулсан. Үүнийг уншиж танилцуулахад, "БЗД-ын 10-р хороонд байрдах Монгол дээж агуулахад хадгалагдаж байгаа “Баян хөх сэрх” ХХК-ийн бүтээгдэхүүнд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн байхгүй" гэсэн дүгнэлт өнгөрсөн есдүгээр сарын 28-нд гарсан.
- Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж өгөөгүй, тайлбарыг гаргаагүй зөрчил гаргасан. Энэ нь ёсзүйн зарчмын 1.8-д заасаныг зөрчиж байгаа юм. Мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс байгууллагын байр суурийг бас хүргэх ёстой байсан. Өмнө “Баян хөх сэрх” ХХК-ийн байранд хийсэн бичлэгийг олон нийтэд дэлгээгүй.
- Ажилчдын дүрс дуу бичлэгийг зөвшөөрөлгүй авсан. Ажлын байран дээр байхгүй үед ирж “тайлбар авах боломжгүй” гэх хариу өгсөөр байтал хүчээр бичлэг хийж олон нийтэд түгээсэн. Илт буруутгасан байдлаар тулгаж яриа авсан. Ёсзүйн зарчмын 2.3 заалтыг \хувийн зураг бичлэгийг хийхэд тухайн иргэний зөвшөөрөл авна\ зөрчсөн байгаа. Ажилчдын нэр хүндэд халдсан, сэтгэлзүйн дарамт учруулсан гэж үзэж байгаа.
Эдгээрийг үндэслэн дараах гурван шаардлагыг гаргаж байна.
- “Баян хөх сэрх” ХХК-ийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тарааасан үйлдэлдээ хариуцлага хүлээж залруулга хийхийг, нэгүн.мн сайтын сэтгүүлчдээс шаардаж байна.
- Ёсзүйн зарчмуудыг зөрчсөн үйлдэлд Хэвлэл мэдээллийн ёсзүйн хороонд гомдол гаргахыг мэдэгдэж байна.
- Хэрэв энэ үйлдлээ таслан зогсоохгүй удаа дараа үргэлжлүүлвэл шүүх, цагдаагын газар хандаж хуулийн дагуу хамгаалуулах болно гэдгийг мэдэгдэж байна.
А.САЙХАНБАЯР