Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Тасархайн давааны "Ар хөндий’’ гэдэг газар ОХУ-аас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “ОХУ-аас ойн түймэр Монгол Улсын хилээс 0.5 км давах магадлалтай байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 5-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Түймрийн урт долоон км, өргөн таван км байна. Түймрийг унтраахаар холбогдох газрууд ажиллаж байна” гэлээ.
Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар анги, Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги, Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна. Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газар, Сонгино сумын мэргэжлийн ангийн ажилтнуудын мэдээлснээр хилийн 245-246 дугаар тэмдэгтээр ОХУ-аас ойн түймэр Монгол Улсын хил давж, долоон километр талбайг хамарсныг унтраахаар ажиллаж байна.