Хан-Уул дүүргийн “Эко-Эрүүл дүүрэг” зорилтын хүрээнд дүүргийнхээ “Баялаг бүтээгч”-дийг дэмжин ажилладаг. Тэр дундаа газар тариалан эрхлэгч нартай хамтран ажиллаж, эко эрүүл орчин нөхцөлийг бий болгосон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг олон нийтэд сурталчлан таниулж хамтран ажиллаж ирсэн. Энэ удаад дүүргийн гуравдугаар хороонд дээврийн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг “Фор Ви Ар Грийн” ХХК -ийг онцолж байна.
Тус байгууллага 2019 оноос байшингийн дээврийн 500м2 талбайг ашиглан “Дээврийн хүлэмжийн аж ахуй”-г нэвтрүүлж органик, эрүүл, шинэ хүнсний нарийн ногоог тарьж жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдагаараа онцлог бөгөөд өндөр үр ашигтай “INDOOR” системтэй акуапоник, гидропоник технологиор үйл ажиллагаа явуулдаг байна.
Энэ талаар тус хүлэмжийн агрономич, МУ-ын Зөвлөх агрономич О.ЦЭЦГЭЭ:
-Дээврийн хүлэмжийн аж ахуйг нэвтрүүлээд 3 жил болж байна. Америк болон Оросоос 10 гаруй нэр төрлийн ховор ургамлыг Монголд үрслүүлж нутагшууллаа. Тухайлбал бидний сайн мэдэх Их шүүдэргэнэ ургамалыг тасалгааны нөхцөлд үрслүүлж ургуулсан. Мөн таван төрлийн цагаан гаа, дөрвөн төрлийн ПОМИДОР болон ИДДЭГ ЦЭЦГИЙГ туршилтаар амжилттай үрслүүлж ургуулсан юм. Түүнчлэн ховор төрлийн ургамлыг үрслүүлж, ургуулахаас гадна хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгох, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэдэд эко эрүүл, шинэ хүнсний ногоог тасалгааны нөхцөлд хэрхэн ургуулж, хүнсний хэрэглэгээгээ хангах зэрэг бусад мэргэжлийн арга зүйн сургалт өгөх “СУРГАЛТЫН БААЗ” бий болгох зорилт тавин ажиллаж байна. Хамгийн гол нь эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл хүнсээр хэрэглэгчдийг хангах зорилготой хэмээв.
Монгол хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангахад өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа эко дүүргийн дээврийн хүлэмж эрхэлдэг “Фор Ви Ар Грийн” ХХК-ийн хамт олонд ажлын амжилт хүсье.
Холбоотой мэдээ