Төсвийн шинэ хөрөнгө оруулалтаас татгалзана
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын хувьд энэ жил нэлээд төсвийн шинэчлэлийн хүрээнд томоохон тохируулга хийхээр зорьсон. Тэр хүрээнд ирэх жил хийгдэх нийт 1061 төслийн 914 буюу 86 хувь нь 2023 онд ашиглалтад орж дуусахаар оруулж ирсэн. Өмнө энэ коэффициент 40 орчим хувь байдаг байсан. Гэхдээ өмнөх жилүүдийн хуримтлагдсан шилжиж ирсэн төслүүд даамжрах тул үнийн өсөлтөөс сэргийлж ирэх жил эхлүүлсэн олон жил дуусаагүй, мөн ойрын жилүүдэд шилжиж ирэх төслүүдийг дуусгахаар оруулж ирсэн. Энэ хүрээнд шинэ хөрөнгө оруулалтаас татгалзах бодлого оруулж ирсэн.
Энэ хүрээнд АИ-92 бензин 815 ам.доллараар таван жилийн туршид хадгалагдах боломжтой болсон.
Ерөнхий сайд улсын төсвийн танилцуулгыг хийв
Энэхүү бодлогын хүрээнд зорилтот бүлгийн иргэдийн 90 гаруй хувийг вакцины бүрэн тунд цаг алдалгүй хамруулсан эхний улсын тоонд багтсан.
2022 оны улсын төсөв эрүүл мэндийн салбарт сүүлийн 12 жилийн хугацааны нийт хөрөнгө оруулалтад тэнцэхүйц хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэсэн.
2023 оны улсын төсөв эдийн засгийг тогтворжуулж макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдаж байна.
Геополитикийн нөхцөл байдал, гадаад валютын ханшийн өсөлт, дэлхий нийтэд үүсч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүрийн амаргүй цаг үе болж байна. Дэлхий даяар хүнс эрчим хүчний огцом өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний тасалдлын улмаас сүүлийн 20-40 жил байгаагүй инфляцийн савалгаа үүсч байна. Гэвч бид нэгдмэл бодлоготой байж чадвал цар тахлын хүндрэлийг давсан шигээ олон улсын геополитикоос үүдэлтэй энэхүү сорилтыг ч мөн даван туулж чадна.
2023 оны улсын төсөв энэхүү өргөн барьсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляци нэг оронтой тоонд буурна.
Мөн экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн алдагдал буурч, валютын ханш тогтворжино гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна. Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аж үйлдвэржилтийн дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орлоо. Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд шинэ хүчин чадлаар тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум.ам долларын босгыг давна гэж тооцоолж байна. Ган зэс, алтны үйлдвэрийг дэмжих бодлого явуулж аж үйлдвэрийн боловсруулалтыг нэг түвшнээр ахиулах зорилтыг нэмэгдүүлж байна. Ирэх жилийн төсөвт эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ.
Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтааж эхлүүлнэ. Амгалан ДЦС, эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг мөн 2023 оны төсвийн жилд багтаан бүрэн ашиглалтад оруулна.
Ямар ч улстөржилт, эсэргүүцэл хөрш орнуудтай хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүйг илэрхийлж байна.
Төрийн өмчит компаниудын үр ашгийг зөв зарцуулж олон нийтийн хяналтад оруулах ажлыг ирэх онд мөн идэвхжүүлнэ. Саяхан Төрийн банкийг олон нийтийн хяналтад оруулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
Хөрөнгийн биржийг олон улсын жижигт нийцсэн нээлттэй компани болох ажлыг ирэх жилийн төсвийн жилд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Эрдэнэс Монгол компанийн бүтцийг өөрчилж Баялгийн санг зохион байгуулснаар нүүрс зэс өнгөт металл, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалт идэвхжиж, уул уурхайн шинэ төслүүдэд гаднын шууд хөрөнгө оруулалт идэвхтэй татах нөхцөл бүрдэнэ гэж тооцлоо.
Хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарлаж хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлнэ. Төрийн жинхэнэ алба хаагчийн цалингийн 160 гаруй салангид тогтолцоог 20 болгон бууруулж олон улсын жишигт нийцүүлэхээр энэхүү төсөлд тусгалаа. Улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж шилжих төслүүдийн урсгал зардалд төсвийн дарамт үүсдэг байсан тогтолцоог хална. Цаашид шинээр санхүүжүүлэх төслүүдийг "Алсын хараа 2050", Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, Эдийн засгийн хөгжлийн яам хөтөлж, Сангийн яам санхүүжүүлдэг тогтолцооны реформ руу ирэх жилийн төсвөөс эхэлж шилжинэ.
Ирэх оны төсөвт нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлж байна.
Цэцэрлэгийн сугалааны асуудлыг 2022 оны Төсвийн тодотголоор шийдвэрлэж чадсан шиг, 2023 онд нийтийн тээврийн асуудлыг шийдье.
Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна. Энэхүү бодлогын хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна.
Мөн нийтийн тээврийн зогсоолын асуудлыг нийслэл, дүүргийн төсөвт тусгаж ажиллахыг шат шатны Засаг дарга нарт үүрэг болгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд зөвлөж байна.
2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгалаа.
Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн зохион байгуулна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь улсын төсвөөс татаас авч байна.
Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ.
2023 оны төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулж, өргөн барьж байна.
Банкууд орж ирсэн рублиэ яахаа мэдэхгүй сууж байна
УИХ-ын намрын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж байна. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ:
-Дотоодын аж ахуй нэгжүүдийн санхүүгийн эх үүсвэрийг өнөөдөр арилжааны банкууд зээл олгож чадахгүй байна. Мега төслийг хэрэгжүүлэх боломжтой гадаадын банкуудыг оруулж ирэх боломжтой юу. Ипотекийн зээл хумигдах дүр зураг ажиглагдаж байна. Гэтэл орон нутагт ипотекийн зээлийг гурван хувь болгон бууруулна гэж байна. Гуравдугаарт, Монголбанкны зээлийн хар жагсаалтыг хугацаатай байлгаж болох уу. Монголбанкны явуулж буй үйл ажиллагаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд уян хатан байж болох уу. Зээлийн хураамжийн асуудлаар та юу хэлэх вэ. Манайх шиг өндөр хүүтэй оронд зээлийн хураамж байх хэрэгтэй юу. Энийг зогсоох ямар нэгэн зүйл байна уу. Банкууд зээл олгохгүй хэрнээ хувьдаа банк бус санхүүгийн байгууллагатай болоод зээл олгодог асуудал бий.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Мөнгөний бодлого хатууруулахаар эдийн засгийн эрэлтийг “дарж” өгдөг. Тэр утгаараа инфляцийг доошоо бууруулах боломж байна гэж харж байна. 2023 онд нэг оронтой тоонд хүрнэ гэж бодож байна. Гадаадын арилжааны банкууд үйл ажиллагаа явуулах нь сайн. Банкны тухай хуулиар гадаадын банк орж ирэх нь нээлттэй. Өмнө нь ОХУ-ын банк үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй. Төв банкны зүгээс хориглож буй зүйл байхгүй.
Орон нутагт ипотекийн гурван хувийн зээлийг олгох боломжтой. Хүүгийн татаасанд 80 гаруй тэрбум төгрөг өгөх юм билээ. ББСБ-аар дамжуулж зээл хүүлж байна гэдэг нь ташаа мэдээлэл. Зээлийн мэдээллийн сангийн ил гардаг мэдээлэл зургаан жилээс дээр байдаг.
УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:
-Банкууд зээл олгохгүй байна. Гадуур зээл өгөхгүй яаж байна гэхээр машинаа тавьчих, нэрээ шилжүүлэх гэх мэтчилэн явж байна. Зах зээл рүү мөнгө орохгүй байна. Цар тахлын хуулиар төгрөгийн хадгаламжид баталгаа өгч, ам.долларын хадгаламжид баталгаа өгөхөө больсон. Бодлогын хүүг өндөр тавиад явж буй тохиолдолд цар тахлын хууль дагасан банкуудын зохист харилцааг сулла л даа. Өвөлжилт хүндрэх нь байна. Ченжүүд, үйлдвэрүүд мөнгөгүй малчид малаа зарж чадахгүй байна. Зохист харьцааг багасах юм бол 3-4 их наяд зах зээл рүү орох тооцоо байна. Валютын гадаад урсгал асар их нэмэгдэж байна.
Оросууд орж ирж байна. Банкууд орж ирсэн рублиэ яахаа мэдэхгүй сууж байна. Тэнд байгаа рублийн эх үүсвэрийг хямд өртгөөр аваад буцаагаад своп хэлэлцээр хийвэл нэг тэрбум ам.доллар орж ирэх боломжтой.
УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:
-Хуульд Монголбанкны хийх ёстой гол ажил бол төгрөгийн үнэ цэнийг хадгалах. Худалдан авах чадвар муудаж, үнийн өсөлтийн тухай иргэд ярьж байна. Инфляцийг бууруулахын тулд урт хугацааны арга хэмжээг зөв гэж харж байна. Инфляцийг буулгахад чиглэсэн богино хугацааны ямар бодлого барьж байгаа юм. Улирал улирлаар төлөвлөсөн ямар арга хэмжээ байна вэ. Валютын нөөц багасч буй эрсдэлээс гарах арга хэмжээн дунд экспортоос орж ирэх орлогоо даруй нэмэгдүүлэх хэрэгтэй. Валютын урсгалыг яаж нэмэх гэж байна. “Алт” хөтөлбөрийг онцгой анхаарах хэрэгтэйг бизнесийнхэн ярьж байна лээ. Үүнд ямар ажил хийх вэ. Гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд багассан. Ганц том хөрөнгө оруулалт нь “Оюутолгой” байдаг. Эндээс нэг тэрбум ам.доллар орж ирдэг.
Дэлхий даяар валютын нөөц АНУ-руу буцаж урсч байна. Монголбанк алтны урьдчилгаа хэлбэрээр 100 сая ам.доллараар гаднын худалдан авагчаас оруулж ирээд, дотоодын компаниуд руу дамжуулан зээлдүүлэхээр тарааж байгаа.
Алт олборлогч аж ахуй нэгжүүд 2022 оны байдлаар 74 тэрбумын урьдчилгаа санхүүжилт авсан. Өнөөдөр МХАҮТ-тай санамж бичигт гарын үсэг зурна.
УИХ-ын гишүүн Ж.БАТЖАРГАЛ:
-Инфяцийг нийлүүлэлтээс гаралтай гэж тайлбарлаж байна. Мөнгөний бодлогоор нөлөө үзүүлэхэд төвөгтэй. Тэгсэн хэрнээ мөнгөний бодлогыг чангатгаад байгаа. Нийлүүлэлтээ нэмэгдүүлье гэвэл бодит эдийн засагт нийлүүлдэг мөнгөний хэмжээг нэмэгдүүлж байж эдийн засгийн идэвхжил сайжирна биз дээ. Тэрийгээ улам агшаагаад атгачихаар инфляцийн байх хугацаа уртсах юм биш үү. Инфляцийг бууруулна гэж яриад байгаа ч тов тодорхой төлөвлөлтүүд байна уу. Валютын нөөц, ханш, төлбөр тооцооны тэнцлийн асуудал бидний орж ирж буй орлогоос хамааралтай.
УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:
-Төсөв, мөнгөний бодлого цогц бодлого байх ёстой. Нэг зоосны хоёр тал шиг байх ёстой. Гэтэл мөнгөний хатуу бодлого явуулна, инфляцийг зургаан хувьд барина. Гэтэл мөнгөний бодлогын чинь эсрэг төсвийн төсөл орж ирж байна. Бодлогын хүү бууруулахаар эдийн засаг царцана. Эдийн засаг царцахаар татвар төлөх аж ахуйн нэгжгүй болно. Татвар багасаад ирэхээр орлогогүй, төсвийн алдагдал улам нэмэгдэнэ. Ингэхээр инфляци нэг оронтой тоонд байж чадахгүй, ам.долларын ханшаа алдана. Монголын ард түмний хувь заяа шийдэх гэж байгаа төсвийг бид ингэж төсөөлж байна гэж оруулж ирэх биш бодит тоо бичмээр байна.
УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:
-Сүүлийн таван жилийн экспортын бүтцийг харахад уул уурхайн бүтээгдэхүүн нэг хувийг эзэлж байна. Мөнгөний бодлогыг ярихдаа нүүрс, зэсийг анхаардаг. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалтыг сүүлийн хоёр жил амжилгүй оруулж ирсэн. Бусад улс орнуудын мөнгөний бодлого чангарч буйтай холбогдуулаад гадаадаас хөрөнгө оруулалт хүлээх хэрэггүй боллоо. Мөн махны үнийг тогтворжуулах бодлогыг 30 жил ярилаа. Мах бол уул уурхайн бүтээгдэхүүний дараах экспортын бүтээгдэхүүн. Засгийн газар махны үнийг хямдхан байгаад алга ташаад сууж байна. Малчид хүүхдийн сургалтын төлбөрийг хоёр үхрээ төлдөг байсан бол одоо дөрөв боллоо. Засгийн газрын бодлого дэндүү дутагдаж байна. Ямар нэг хэлцэл хийсэнгүй.
УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:
-Мөнгөний бодлогыг дөрөв дэх удаагаа чангарууллаа. 12 хувь болгосноор эдийн засаг дах сөрөг нөлөө нь юу байна. Валютын нөөц хоёр тэрбум ам.доллар дутаж байна. Яаж шийдье гэж бодож байна вэ. Бүх үзүүлэлтүүд муу байна. Ганц гайгүй нь хөрөнгийн зах зээл байна.
УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:
-2022 онд эдийн засаг бодитоор хямарч эхэллээ. 2023 онд улам таагүй байх нь. Өрийг өрөөр дардаг дархан мэхтэй. Дархан мэхээ хийх гэсэн чинь бондын зах зээлд Монгол Улсын бонд 30-40 хувь уначихсан байна. Эдийн засаг тэлэлт байгаа юу. Саяны бүх зүйл явсаар өртэй холбоотой эрсдэл байна. Өрийн талаар Засгийн газраас асуухаар “гөлөг” төөрүүлээд явчихдаг. Засгийн газрын өр ДНБ-ий 50 хувьтай тэнцүү байна гэдэг. Элдэв янзын өр нэмэгдээд төрийн хариуцаж буй өр хэд вэ. Багцаагаар тооцоход ДНБ-ий 100 хувьд хүрчихсэн шүү. Та байр сууриа илэрхийлэхгүй юу Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч өө. Иргэд аж ахуй нэгжүүдэд ирэх жил дотоодын аж ахуй нэгжүүдэд зээл олдох уу. Зээлийн хүү ер нь яах юм.
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-2023 он бол Засгийн газрын өртэй холбоотой хамгийн дарамттай жил. 2023 оны өрийг, өрийн удирдлага маягаар зохицуулах л хамгийн нэг номерын хийх ажил гэж харагдаж байна. Засгийн газар дээр тэрбум гаруй ам.долларын өр гарч ирнэ.
УИХ-ын гишүүн Д.САРАНГЭРЭЛ:
-УИХ-ын чуулганы үеэр Монголбанкаас Ирланд, Швейд ОУВС-ын Монголбанкны чиглэлийн хүмүүс хамтарсан хэлэлцүүлгийг гишүүдийн дунд зохион байгуулсан. Ер нь дэлхийн нөхцөл байдалтай холбогдуулаад дефолтын нөхцөл байдал үүсэх үү гэх асуудал яригдсан. Мэргэжлийн хүмүүсийн зүгээс Монгол Улс дефолт зарлах хэмжээнд хүрээгүйг хэлсэн. Өрхийн аж ахуй, айл өрх бүх чиглэлд тохирсон санхүү эдийн засгийн мэдээллийг ил тод өгөх нь чухал болохыг хэлж байсан.
"Инфляцийг 6 хувьд оруулж, барьж барах уу?"
Чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:
-Ийм чухал баримт бичиг батлах гэж байхад гишүүд чинь алга байна шүү дээ. Батлагдлаа гэхэд 2023 оны төсөвтэйгөө уялдаж байгаа юм уу. Инфляцийг 6 хувьд оруулж, барьж барах юм уу. Мөнгөний хатуу бодлдого барьж байж эдийн засгийг сэргээнэ гэж. Ам.долларын ханшийг хэдээр тооцож байгаа юм бэ? 1.5 их наядын алдагдалтай төсөв оруулж ирж байна. Монголбанкны бодлого төсвийн бодлоготойгоо уялдахгүй байгаа юм биш үү?
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Өндөр зорилго тавьж байж, зорилтот түвшинд хүргэнэ гэсэн зорилт тавьж, тооцоо судалгаа хийсэн. Зөвхөн өөрсдийн хэмжээнд тооцоо судалгаа хийгээгүй, төсөвтэй уялдуулсан. Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд ийм хэмжээний бодлого барьж байж инфляцийн зорилтот түвшин хангагдана гэж тооцоо судалгаагаа хийсэн.
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан завсарлалаа. Хуралдаан үдээс хойш үргэлжилнэ.
Төв банк 2023 оноос ипотекийн зээлийн хөтөлбөрийг зогсооно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ:
-Монгол Улс дефолтын хэмжээнд очсон байна. Банкууд зээл гаргахгүй байна. Орон сууцны үнэ 19 хувиар өссөн. Инфляциас өндөр байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн бодлогын тохируулгууд чинь цагаа олсон, зөв байсан гэж бодож байна уу? Хөдөө орон нутагт шилжиж суурьшсан хүмүүст 3 хувийн зээл олгоно гээд ярьж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Хэдэн төгрөг гарах вэ, хэзээнээс хэрэгжих вэ?
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Блүүмбергийн сурвалжлагчийн мэдээллээс үүдэн гадна талд Монгол Улсын гадаад зах зээл дээрх бондуудын өгөөжийн муруй нэлээн хөдөлсөн гэж үзэж байна. Монгол Улсын бонд үнэт цаасыг эзэмшиж буй иргэн худалдаж авах саналууд орж ирвэл эргээд хэвийн байдалдаа орох байх.
Монгол Улсын хувьд өнөөдөр орж ирж байгаа валютад хяналт байдаггүй. Валютын нөөц нийлбэр дүнгээрээ 2 тэрбум 796 сая доллар гэж статистик гарсан. Бүр аюулын түвшинд хүртлээ буураагүй. Есөн сард анх удаа сарын дүнгээрээ нэмэгдсэн гэдэг утгаараа Covid-ын өмнөх түвшиндээ хүрвэл өр төлбөрийг тодорхой хэмжээнд шийдээд явах боломжтой гэж бодож байна.
Зээл тодорхой хэмжээнд гарч байна. Хүссэн хэмжээнд зээл олгож чадахгүй байна. Үл хөдлөхийн үнэ 19 хувиар өссөн. Өртөг зардлын нөлөө бий. Барилгын үнэ өссөн нөлөөлсөн. Төв банк ипотекийн зээлийг 2023 оноос зогсооно. Хуулийн дагуу аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлээд явах боломжтой гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Х.БАДЕЛХАН:
-Гаднын, хүү багатай банк оруулж ирж болохгүй юу? Гаднын олон банк оруулж ирдэг улс олон байна. Яагаад оруулж ирж болдоггүй юм бэ? Оюутолгойн орлогын данс Монголд яагаад байдаггүй юм бэ? Орсон орлого нь Монголд яагаад тодорхой бус байна вэ? Дараагийн асуулт, ам.долларын ханш хэд хүрээд тогтох юм бэ?
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Зээлийн хүүг огцом бууруулж ирсэн. Үр дүнд жилийн 14 хувь хүртлээ багассан байсан. Гадаад орчны таагүй нөхцөл байдал хүүний нөхцөл байдлыг чангаруулах бодлого баримталж байна. Өнөөдөр үйлчилж буй банкны тухай хуулиар хувийн өмчтэй гаднын банк Монгол Улсад бие даасан салбар байгуулах боломжтой. Эхлээд төлөөлөгчийн газраа нээгээд, тодорхой хугацааны
Монголд гаднын зургаан банкны төлөөлөгчийн газар байсан ч гурав нь гараад явсан. БНХАУ-ын 2, Японы 1 банкны төлөөлөгчийн газар байна. Японы банк салбараа нээх бүрэн боломжтой. Өнөөдөр ямар нэгэн банк хүсэлт өгөөгүй байна. Хувийн өмчтэй банкинд нээлттэй.
Анх Оюутолгойн данс Монголын банкууд дээр байсан. Дубайн гэрээгээр Монголын банкаар дамжихгүй болсон.
УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:
-Би Монголбанк бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсон гэж бодож байна. Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ, валютын ханш өсч байна. Хийж чаддагт нь өгөх ёстой. Хариуцлага тооцох ёстой гэж бодож байна. Өнөөдөр 150 төгрөгийн ханшийн зөрүү үүссэн. Цагдаа, тагнуулыг ажиллуулах ёстой гэж үзэж байна. Монголбанкнаас аваад "Найман шарга" дээр аваачиж зараад байна шүү дээ. Нэр бүхий банкууд IPO босгох ажил ямар шатандаа яваа вэ? Энэ ондоо дуусах уу? Иргэдийн дунд хүлээлт байгаа юм билээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Монголбанк долоо хоногт хоёр удаа дуудлага худалдаа хийдэг. Харилцагчийн төлбөр тооцоог хэвийн явуулах зорилготой. Араас нь хяналтаа хийдэг. Валютыг хянаж, бүх мэдээллээ ТЕГ, ЦЕГ-т өгдөг. Хууль хяналтын байгууллага хяналтаа тавиад явдаг байх. Зарим банкууд дотооддоо валютын хязгаарлалт хийгээд явж байгаа юм билээ. Мэдээллүүдийг Монголбанк хянаад явж байна.
Төрийн банк IPO-гоо зарлаад, амжилттай явж байна. Голомт, Хаан банк IPO хийх зөвшөөрлөө ирүүлсэн, энэ ондоо багтаад IPO хийх байх. Санхүүгийн зохицуулах хороо шийднэ. Ирэх онд үлдсэн хоёр банк IPO-гоо хийгээд явбал илүү зохистой байх гэж бодож байна.
Б.Лхагвасүрэн: Төлбөрийн тэнцэл нэмэгдэх хандлагатай байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН:
-Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулсан, цаг хугацааны хувьд алдсан. Цаашид төлбөрийн тэнцэл дээр ямар бодлого хэрэгжүүлнэ гэж бодож байна вэ? Арилжааны банкуудын IPO хийхийг хойшлуулсан. AQR-ийн дүн хэзээ гарах вэ, иргэдэд хэзээ мэдээлэх вэ? Ипотекийн хөтөлбөр үргэлжилж байна уу? 6 хувийн зээл гарч байна уу? Мөнгөний бодлого дээр Монголбанк үргэлжлүүлээд явахаар байна гэж бодож байна. Мөнгөний бодлогын эсрэг явж буй хөтөлбөр гэдгийг ойлгох хэрэгтэй байх. Том дэвсгэрт гаргана гэж ярьсан байна лээ. Энэ дээр анхаармаар байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Бодлогын хүү 6 нэгж хувиар, бараг хоёр дахин өссөн. Хүүг цааш өргөх үү гэдэг нь нэлээн олон юмнаас хамаарна. Нэгд, эдийн засгийн идэвхжил, эрэлт хэр их байх вэ гэдгээс хамаарна. Хоёрт, инфляци, ханшаас хамаарна. Доллар орж ирэх, нөөц хэрхэн өсөхөөс хамаарна. Одоо хасах хүүтэй явж байна. Бодит хүүний зөрүү нарийсаад, нийлэхээр бол хүүгээ чангаруулах бодлого барих байх. Экспортоос, эдийн засгийн идэвхжлээс хамаарна.
Төлбөрийн тэнцэл нэмэгдэх хандлага байна. Нүүрсийг аман дээрээс биш хил дээрээс зараад ирвэл тээврийн зөрүү дээр буй алдагдал багасна гэж бодож байна. Төлбөрийн тэнцлийн алдагдлаа яаж багасгах вэ гэдэг дээр Төв банкнаас оролцох зүйл байхгүй. Активын чанарын үнэлгээний дүн гарсан. Орлого хангалттай хүн автомашины зээл авах заалт оруулж ирж байна.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
-Нүүрсний импортыг л 36.5-д авааччихвал бүх зүйл нааштай болох юм яриад байна. Алт, зэсийн экспорт дээр бид ямар бодлого барьж байна вэ? Хэдий хэмжээний ашиг олох бололцоотой вэ? Төлбөрийн тэнцэл сайжрах бодит боломж байна уу? Бодлогын хүүгээ чангаруулснаар, зээл хумигдаж байна. Энэ нь ажилгүйдэл, ядуурлын шалтгаан болох нь мэдээж.
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Мөнгөний бодлогын хувьд маш хатуу хэлбэрээр явж байна. Төсвийн бодлого энэ чиглэл рүү, зардал багатай бол аль болох зорилгодоо хүрэхээр. Энэ онд 20 тонн алт руугаа хүрэх байх.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.ГАНБААТАР:
-Дэлхийд зэсийн эрэлтээ нийлүүлэлт нь гүйцэхгүй байна. Зэсийн үнэ нэмэгдэх хандлагатай гэж үзэж байна. Зэсийн хувьд манай экспорт 2 сая тоннд хүрэх магадлалтай. Ирэх жилүүдэд алтны хувьд буурах хандлагатай байгаа учраас хайгуулаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж хэлье.
Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.ГАН-ОЧИР:
-Бодлогын хүүний тохиргоо хийх зайлшгүй шаардлага бий. Итгэлийн зээлийн хуулийн төсөл гээд Монголбанкны удирдлага манлайлаад хийсэн төсөл бий. Энэ хуулийн төсөлтэй одоогийн бидний байр суурь яг адил.
УИХ-ын гишүүн Э.БАТШУГАР:
-Монголбанкинд нөөц төлөвлөгөө гэж бий юү? Гадаад валютыг Монгол Улсад оруулж ирнэ гэж ярьж байна. Арилжааны банкуудаа дэмжих талаар гаднын банкуудтай хэр харилцаатай байна вэ? Тоон гарын үсгийн хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнийг арилжааны банкууд хэрэглээндээ нэвтрүүлж чадаж байна уу?
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Инфляци есөн сард 13.5 руу орж ирж байна гэсэн урьдчилсан мэдээ байна. Инфляцийн 60-70 хувь нь импорт, тээвэр ложистикийн зардлаар дамжиж орж ирсэн. Инфляцийг даамжруулахгүй байх чиглэлээр мөнгөний бодлогыг хатууруулж буй дунд хугацааны бодлого. 2023 онд нэг оронтой тоонд орж, 2024 онд зорилтот түвшинд хүрнэ гэсэн зорилгоор мөнгөний бодлогоо боловсруулсан.
Монгол Улсын олон улсын санхүүгийн зах зээл дээр гарсан бондын өгөөжийн муруй нэлээн хөдөлж, өндөр хэмжээнд очсон. Тогтвортой байсан зүйл. Брокер диллерийн компаниудын оролцоо байна гэж Төв банкны зүгээс үзэж байна. Өгөөжийг тогтворжуулах тал дээр Засгийн газар, арилжааны банкуудтай уулзсан.
Америк, Их Британийн банкуудтай нэлээн өргөн хүрээнд харилцаж байна.
Монгол Улс хоёр ханштай яваад байх юм уу?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:
-Ам.долларын ханш 3500 давж, талийж өглөө. Найман жилийн өмнө ханшийн асуудлыг гарган тавьж байлаа. Ханшийн өөрчлөлтийн шалтгаан юунд байна вэ? Экспортоо нэмэгдүүлэхэд, хил гаалиа нээх талаар Засгийн газар, валютаа нэмэгдүүлэх тал дээр Монголбанк ямар арга хэмжээ авч байна вэ? Байгалийн баялгаа худалдаалж буй ч ам.доллар орж ирэхгүй байна гэсэн мэдээлэл байна. Үнэхээр үнэн бол ямар учиртай байна вэ?
УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:
-Интервенц хийгээд яагаад валютын ханшаа тогтворжуулж болохгүй байна вэ? Монгол Улс валютын хоёр ханштай боллоо. Монголбанкны зарласан ханш, "Найман шарга" дээр албан бусаар зарлагдаж буй ханш бараг 100 төгрөгийн зөрүүтэй байна. Үүнийг яаж арилгах юм бэ, Б.Лхагвасүрэн дарга аа? Ингээд хоёр ханштай яваад байх юм уу? Экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ?
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 25 хувиар өссөн. Импортын бараа, бүтээгдэхүүний тоо өсөөгүй ч үнэ өссөн. Олон улсын байгууллагууд ижил тайлбар хэлж байна. Гадаад нөхцөл байдлуудаас үүдэн үнэ өссөн, түүгээр дамжиж импортын төлбөр тооцоо нэмэгдээд байна. Үүнд тааруулж нөөцөөсөө тодорхой хэмжээний валют гаргаж байна. Валютын нөөц анхаарал хандуулах хэмжээнд хүрсэн учраас харилцагчийн хүссэн валютыг гаргаж өгөх бололцоо муутай байна. Гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн алдагдалтай үед ханшийн зөрүү ажиглагддаг. Нөхцөл байдал сайжраад ирмэгц аяндаа тогтворжино. Нефтийн бүтээгдэхүүний хувьд Монголбанкны репо арилжаагаар хийхээр явж байна. Үнэ тогтвортой байгаа гэсэн мэдээлэл бий.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-Дэлхий даяар үнэ өсөөд, улс орнууд ямар ч үнэ цэнээр хамаагүй инфляцийн бодлого явуулъя гэж байна. Хууль батлаад үнэ тогтворжуулна гэж байхгүй.
УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:
Бодлогын хүүг 12 хувь болгосноор иргэдийн нуруун дээр маш их ачаалал ирнэ гэж ойлгож байна. Энэ ямар хугацаанд үргэлжлэх вэ? Арилжааны банкууд зээлээ хязгаарлачихсан юм биш үү? Ханш суларч байна гэж хэлээд байгаад итгэхгүй байна. Иргэд бүсээ чангалж байна. Ханш өсөөд байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Бодлогын хүүг 12 хувьд хүргэснээр, Монголбанк хоёр зүйлийг хүлээж байна. Нэгд, макро түвшнийг тогтвортой байлгах. Санхүүжилтийн орчин нэлээн хүндэрнэ. Аль болох богино хугацаанд зорилтот түвшинд хүрэх зорилт тавьж байна.
Монгол Улсын гадаад өртэй холбоотой асуудал маш хүнд байна. ОУВС-гийн ажлын хэсэг Монголд ирж ажиллаад явлаа. 2023-2024 онд өртэй холбоотой маш их дарамттай байгаа юм. Өрийн удирдлагын асуудал нэг номерын асуудал болоод байна. Аль болох валютын нөөцийг ариг гамтай, буулгахгүй байхыг нэг номерын асуудал болгоод явж байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байх ёстой. Хоёр агентлаг үнэлгээ бууруулаагүй, удахгүй "Мүүдиз" үнэлгээгээ гаргах байх. Шинээр өр үүсгэхгүй байх хатуу бодлого барьж байна.
УИХ-ын гишүүн Б.ТОГТОХСҮРЭН:
-Нэгд, валютын гадагшлах урсгалыг багасгах асуудал. Нефтийн бүтээгдэхүүний асуудал дээр ярьж байгаа юм байна уу? Хоёрт, импортын 90 орчим хувь нь БНХАУ-тай хийгддэг. Энэ улстай ам.доллараас өөр валютаар худалдаа хийх талаар ярьж байна уу? Бид экспортын орлогыг л нэмэгдүүлэх хэрэгтэй. Миний сонссоноор оны эхнээс хойш нүүрс гараад байгаа ч орж байгаа нь бараг байхгүй байна. 2023 онд валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр ямар төлөвлөгөөтэй байна вэ? Өнөөдөр валютын нөөц яг хэд байна вэ?
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Төв банк мөнгөний бодлогын чиглэлээр баримтлах цөөхөн арга хэрэгсэлтэй. Дам нөлөөгөөр аж ахуйн нэгжид нөлөөлөөд явдаг. Импортыг багасгах талаар шууд тариф нөхцлийг хатууруулахыг Засгийн газар хариуцдаг. Наймдугаар сарын статистикаар 400 сая давчихсан явж байна. Төв банкны зүгээс хэрэглээний зээл гэж үзээд, нөхцлийг нь хатууруулах чиглэлээр явж байна. Экспортыг нэмэгдүүлэх тал руу, ялангуяа төрөлжүүлэх. 94 хувь нь уул уурхай, 6-хан хувьд нь ноос ноолуур. 2023 онд тодорхой арга хэмжээ авах талаар заалтууд оруулж өгсөн. Оны эхнээс буурсан валтын нөөц анх удаа өсч гарч, баланс дээр эерэг хандлага гарч байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-Оптекоор буюу урьдчилж санхүүгээ аваад зарсан зэрэг гарч буй нүүрсний уялдаа холбоо бүгд алдагдсан. Оптек гэрээнүүд хяналтад орчих байх. Мөн урьдчилж зардаг гэрээг хорьж байна. Төлбөрийн тэнцэл, баланс дээрээс харахад аль гарч буй чиглэл дээр валютаа алдаад байна вэ гэхээр нийт хасахтай байгаа гүйлгээнүүдийг бараг 60 гаруй хувь нь ОХУ-тай нефть бүтээгдэхүүн дээр хийж буй худалдаатай холбоотой байна. Своп хэлцэл хийх үү гэдэг дээр ярилцаж байна. БНХАУ-тай хийгдэх свопын хугацаа 2023 онд дуусна. Урьдчилж ярилцана гэсэн мэдээлэл бий.
Мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
Тогтоолын төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав. Тэрбээр юуны түрүүнд улсын санхүүгийн нөөцийг хамгаалахад анхаарахыг хэлээд, Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж өгөхийг хүсэв.
Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл цар тахлын сөрөг нөлөө бүрэн илааршаагүй, дэлхий нийтэд геополитикийн хямрал нүүрлэж, тодорхой бус байдал туйлын өндөр, амаргүй цаг үед боловсруулагджээ. Иймд эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, түүнтэй уялдуулсан бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байна.
Дэлхий нийтэд тодорхой бус байдал өндөр үед төсөв, мөнгөний бодлого нь харилцан уялдаатайгаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчны тогтвортой байдал, иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэжээ.
- Эдийн засгийн өсөлт: ААН, хэрэглэгчид цар тахлын нөхцөл байдалд дасан зохицон бизнесийн үйл ажиллагаа тогтворжих хандлагатай болж, эдийн засгийн ихэнх салбарт өсөлт ажиглагдаж байна. Ирэх онд эрдэс бүтээгдэхүүний экспорт хэвийн түвшинд хүрч, уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, уул уурхайн бус салбар тогтворжино. Ийнхүү экспорт сайжирч, 2023 онд эдийн засаг 4-5 хувиар өсөх хэдий ч гадаад орчны нөхцөл байдал төсөөллийн тодорхой бус байдлын гол эх сурвалж буй.
- Инфляци: Эдийн засгийн идэвхжил, өрхийн хэрэглээ тогтворжих хэдий ч нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө алгуур буурч инфляцийг бууруулах чиглэлд хөтлөхөөр байна. Ийнхүү ирэх оны эцэст инфляци нэг оронтой тоонд хүрж, инфляцийн зорилтын дээд интервалд дөхөх хүлээлттэй бөгөөд цаашид инфляцийг 6%-ийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
- Зээлийн өсөлт: Өнгөрсөн оноос эрчимжиж эхэлсэн банкны системийн зээлийн өсөлт сүүлийн саруудад саарч эхэллээ. Цар тахлын нөхцөл байдал, геополитикийн эрсдэл, системийн ач холбогдол бүхий банкуудын IPO-той холбоотойгоор зээлийн нийлүүлэлт, нөхцөл, шалгуур хэрхэн өөрчлөгдөх болон төлбөрийн тэнцлийн төлөвөөс банкны системийн эх үүсвэр, зээлийн өсөлт болон мөнгөний нийлүүлэлт шууд хамаарч байна.
- Төлбөрийн тэнцэл: Сүүлийн улирлуудад түүхий эдийн үнэ өндөр түвшинд байсан боловч экспортын бодит орлого төдийлөн сэргээж чадаагүйгээс урсгал тэнцлийн алдагдал огцом тэлээд байна. Цаашид экспортын биет хэмжээний өсөлт, ялангуяа нүүрсний экспорт эрчимжиж буйтай холбоотойгоор засагдах хүлээлттэй. Нөгөө талаас ханшийн өөрчлөлт, гадаад үнийн өсөлт импортын өсөлтийн хурдыг хязгаарлахаар байна. Гэвч төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын тохиргоог зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд энэ дотоод, гадаад тэнцвэрийг богино хугацаанд хангах бололцоог бүрдүүлнэ.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд төрийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр дараах асуудлуудыг бодлогын зорилт болгон тусгасан байна.
Мөн гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд онцгойлон анхаарчээ. Дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад аж үйлдвэрийн салбарын боловсруулалтыг гүнзгийрүүлж, импортыг орлох салбарыг хамгаалж, экспортыг дэмжин эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай.
Түүнчлэн логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулж, тээврийн зардлыг бууруулан үнэ, ханшийн дарамтыг шийдвэрлэх боломжтой. Мөн гадаад орчны сөрөг нөлөөг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжих зайлшгүй хийх арга хэмжээ нь гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх явдал болж байна.
Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжихийг зорьжээ. Эдгээр асуудлуудад дэлхий нийтээр анхаарал хандуулж байгааг онцлох нь зүйтэй. Түүнчлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, түүнд шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх чиглэлийн ажлуудыг зорилт болгосон байна.
Макро эдийн засгийн бодлогын хувьд инфляцийг тогтворжуулах, банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн найдвартай байдлыг хангах, хөгжлийг дэмжихэд чиглэсэн Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгажээ.
Олон улсын харилцааны төвөгтэй байдал сунжирч, цар тахлын сөрөг үр дагавар үргэлжилж байгаа энэ үед эдийн засгийн гадаад төлбөрийн чадварыг дээшлүүлэх, үнэ ханшийн тогтвортой байдлыг хангахад төсөв, мөнгөний бодлогын харилцан уялдаатай бодлого юу юунаас чухал юм.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх санал, дүгнэлтийг Ц.Цэрэнпунцаг танилцуулж, төслийг хэлэлцэн дэмжиж, баталж өгөхийг хүслээ.
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт Төрийн ордоны Их хуралдай танхимд эхэллээ. Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Монголбанкнаас 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022 оны есдүгээр сарын 29-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
- “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022 оны долдугаар сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар
- Бусад
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүүхдүүдийг хот, хөдөөгөөр нь ялгаж амраах санал гаргав. Тэрбээр хэлэхдээ "Ид утааны үед хотын хүүхдүүдийг, ид ажлын үед хөдөө орон нутгийн хүүхдүүдийг амраах хэрэгтэй. Үүнийг шийдэж өгнө үү" гэж хэлэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар аудитын тайланг УИХ-ын чуулганаар хэлэлцэх горимын санал гаргалаа. Тэрбээр "Монгол Улсын аудитын тайлан гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ажлаа хийж чадахгүй байгааг илтгэж буй тул түүнийг огцруулах шаардлагатай" гэв.
Холбоотой мэдээ