"Татвар төлөгчдийн мөнгөөр шоудахаа зогсоо, улстөрчид өө"

Хуучирсан мэдээ: 2022.10.06-нд нийтлэгдсэн

"Татвар төлөгчдийн мөнгөөр шоудахаа зогсоо, улстөрчид өө"

"Татвар төлөгчдийн мөнгөөр шоудахаа зогсоо, улстөрчид өө"

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.


-Засгийн газар улсын 2023 оны төсвийг өргөн барьж буй энэ цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

Манай улсын эдийн засагт хамгийн өндөр хамааралтай Хятадад “Тэг цар тахал”-ын хатуу бодлого үргэлжилж, хойд хөрш дайн самуунтай, АНУ болон Европын Холбоо болон бусад эдийн засгийн өндөр чадавхитай улс орнууд мөнгөний бодлогоо чангатгаж, бодлогын хүүгээ нэмснээр хөгжиж буй зах зээлээс хатуу валютаа далалсан, гадаад нөхцөл байдал нэн таагүй байна. Дотоодод ч ялгаагүй, үнийн өсөлт гаарч, эдийн засгийн зогсонги байдалд шилжсэн, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбут ам.долларын алдагдалтай, гадаад валютын ханш суга өсч, хатуу валютын олдоц багасч, нэн ядуу иргэдийн тоо нэмэгдэж, аж ахуйн нэгжүүдэд төрийн дэмжлэг очихгүй, хаалгаа барьж байгаа гээд тоочвол маш их асуудал хуримтлагджээ. Ийм эдийн засгийн нэн хүнд үед ирэх оны төсөв өргөн баригдаж байна.

-Ирэх оны төсвийн төсөөлөл олон эрсдэл дагуулсан, хэт тэлсэн төсөв орж ирлээ. Та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Дэлхийн улс орнууд мөнгөний төдийгүй төсвийн бодлогоо чангаруулж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтаа танаж, төсвийн алдагдалгүй батлахыг чармайж байна. ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд ч ийм шаардлага тавьж, анхааруулж байна. Гэвч Монгол Улсын төсөв урд онуудынхаа алдаа дутагдлыг давтсан, хэт өөдрөг төсөв оруулж ирлээ.

Товчоор хэлэхэд, 2024 оны сонгуулийн бэлтгэлд анхаарч хөрөнгө оруулалтаа 2.7 их наяд төгрөг болон нэмэгдүүлсэн туйлын хариуцлагагүй төсөв орж ирсэн. Сонгуулийн шоуны төсөв гэж тодорхойлж болно.

-Жаахан тодруулбал?

-Энэ оны төсөв зарлага, орлогоо хэт тэлжээ. Хоёроос гурван их наядаар нэмэгдсэн. Монгол Улс түүхэндээ анх удаа 20 их наядын босго давсан данхар төсөв оруулж ирлээ. Төсвөөс хөрөнгө оруулалтад нийт 1061 төсөл арга хэмжээг 2.7 их наяд төгрөг, 4  концесст 279 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаас бараг 1.8 их наяд төгрөг зарцуулна. Нийт дүнг нь авч үзвэл, бараг 5 их наяд төгрөгт хүрч байна. Ирэх онд энэ мөнгө бараг бүгд валют болж гадагшаа урсана. Энэ нь Монголбанкны хатуу бодлоготойгоо зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, валютын эрэлт нэмэгдэх төсөв Засгийн газар өргөн барьж байгаа нь цаашид валютын ханш чангарна, үнийн өсөлт үргэлжилнэ гэсэн таагүй дохио өгч байгаа юм.

"ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙГ 10 ИХ НАЯДААР НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСВИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬСАН"

-Сангийн сайд Б.Жавхлан хэмнэлтийн хуулийн хүрээнд төсвийн алдагдал 1.5 их наяд болж багассан гэж ярьж байгаа шүү дээ?

-1 их наяд төгрөг гэдэг 200 мянгаар нэг хонины үнийг тооцвол 5 сая хонь гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ирэх жил 7.5 сая хонио нядална гэж ойлгож болох тоон үзүүлэлт. Дараа жил төсвийн алдагдлаа энэ үзүүлэлтээсээ нэмж алдчихаад Орос-Украины дайн, Хятадын “Тэг ковид бодлого”… гээд гадна болж буй асуудлууд яриад сууж байх болов уу. Учир нь өргөн барьсан төсвийн 12, 13 болон 14 дүгээр заалтуудыг сөхөөд харчихвал гадна, дотноос бараг 10 их наядын зээл, өрийн баталгааны хэмжээ авах тааз гээд заачихсан байна. Өөрөөр хэлбэл, төсвийн замбараагүй байдал, өрийн хавханд нэмж шигдэх хариуцлагагүй байдлаа дээрх хуулийн заалтуудаар хуульчилж өөрсдийгөө өмгөөлж байна гэж ойлгож болно.

-Хамгийн гол анхаарал хандуулах асуудал гадаад өр. Ирэх жил бондуудын төлбөр хийгдэнэ. Төсвийн төсөөллөөс харахад “гялайж гялтайх” юм алга. Та гадаад өрийн талаар ямар бодолтой явна вэ?

-Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2022 оны хагас жилийн байдлаар 33.3 тэрбум ам.долларт буюу манай улсын ДНБ-ий 200 хувиас хол давлаа. Энэ нийт өрийнхөө 8.1 тэрбум нь Засгийн газрын өр гэж худал хэлж байна. Төв банкны 2.5 тэрбум ам.доллар хэний өр вэ? Хувийн хэвшлийн 21 тэрбум доторх 12 тэрбум Оюутолгойн өр, хэнийх вэ? 1.4 тэрбум ам.долларын арилжааны банкуудын өр доторх Хөгжлийн банкны бараг тэрбум ам.доллар хэний өр вэ гээд асуучих эдийн засагч өнөөдөр Монголд алга. Өөрөө өөрсдийгөө хуурсаар явна. Энэ жил Засгийн газрын өрийг 10 их наядаар нэмэгдүүлэх төсвийн төсөл өргөн барьсан. Монгол Улс үнэхээр ноцтой байдалд байна. Үүнийг УИХ-ын индрээс УИХ дарга нь уулын уруу өнхөрч буй цасан бөмбөгтэй зүйрлэсэн нь их оновчтой дүгнэлт л дээ.

"ТӨСӨВ ӨРГӨН БАРИАД, НЭГ САРЫН ДАРАА ТОДОТГОЛ ОРУУЛЖ ИРНЭ ГЭДЭГ БОЛ ШИВШИГ"

-Таны хувьд "ДНБ-ий өсөлтийг буруу тооцож, өслөө гэж баясдаг" хэмээн шүүмжлэлтэй ханддаг. Ирэх жил ДНБ-ийг таван хувь өснө гэж тооцсон байна. Энэ хэр бодитой вэ?

ДНБ таван хувь өсч болно. 2020, 2021 онуудыг эс тооцвол, сүүлийн жилүүдэд манай эдийн засаг 4-6 хувийн өсөлттэй байна гэж зарлаж байна. Гэхдээ валютаар буюу доллараар авч үзвэл өсөлт байдаггүй. Манай улсын ДНБ сүүлийн 10 жилд 12-15 тэрбум ам.долларын хооронд эргэлдэж байна. Энэ хооронд монгол төгрөгийн ханш сулраад үнэгүйдсэн. Тиймээс үнэгүй мөнгөөр илэрхийлбэл ДНБ өсч буй мэт харагддаг. Ингэж л өөрсдийгөө хуурч байгаа юм. Доллараар тооцвол нэмүү өртөг хэвээрээ байдаг. Энэ нь сүүлийн 10 жилд төсөв ямар нэгэн бодлогогүй байгааг харуулж байна. Зөвхөн УИХ-ын 76 гишүүнд зориулж, төсөв нэрээр татвар төлөгчдийн хөрөнгийг үрэн таран хийгээд сурчихлаа.

Ирэх жил төсвийн хөрөнгө оруулалтаар 1000 гаруй байшин, барилга босно. Түүний тууз хайчлах ажилд гишүүд маань завгүй ажиллах нь.

-Эрх баригчид үнэн, бодит байдлыг нуухыг оролдож, ард иргэдийг хууран мэхэлж байна. Энэ нөхцөл байдалд бид юу хийх ёстой вэ?

-Нэн даруй төсвийн реформ хийх ёстой. Бүсээ чангал. Бүтээн байгуулалтын тууз хайчлахаа боль. Татвар төлөгчдийн мөнгөөр шуудаж, өөрсдийгөө рекламддаг байдлыг таслан зогсоо. Хуулиа мөрд. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагууд болох төсвийн алдагдлыг 2 хувиас хэтрүүлэхгүй, гадаад өрийн таазыг 40 хувиас хэтрүүлэхгүй байсан бол өнөөдрийнх шиг төсвийн хавханд орохгүй байв. Энэ заалтуудыг сүүлийн жилүүдэд 10 удаа өөрчилсөн. Зөв тооцоолж сур. Төсөв өргөн бариад, нэг сарын дараа тодотгол оруулж ирнэ гэдэг бол шившиг юм. Тооцоо судалгаа хийж чаддаг чадвартай хүмүүсээр багаа бүрдүүл. Бүү улс төрж. Уул нь ийм л энгийн асуудал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж