Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад горилогчид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргын үүдийг сахих болсон гэх. Өмнөх сайд Д.Сарангэрэл багагүй хэл амтай сонгогдсон ч харамсалтай нь 28 хоноод амны алдаанаас болж албан тушаалаа "алдсан". Тэрбээр иргэдээ "улныхан" гэж ялгаварлан гадуурхсан үг, үйлдэл гаргасан тул Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд түүнтэй хариуцлага тооцсон юм.
Ийнхүү Д.Сарангэрэлийг сандал, суудлаасаа огцрохтой зэрэгцээд ХНХ-ын сайдын албан тушаалд горилогчдын хөлд хий орж, Төрийн ордныг тойрон гороолох болжээ. Гэвч, сайдын суудал ганц, горилогч олон. Иймээс МАН-ын удирдлагууд давхар дээл нөмрөх сайд нартаа нэг шаардлага тавьж буй нь УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон байх. Иймээс хэвлэлээр цацагдах болсон УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Х.Булгантуяа нар сайд болох боломжгүй, тэд анх удаа парламентад сонгогдсон хүмүүс . Харин эмэгтэй гишүүдээс энэ суудлыг сонирхож яваа хүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг гээд нэрлэж болно. Мөн олонхийн бүлгийн эрчүүд ч эмээлтэй хазаартай морь хөлөглөөд давхиж яваа бололтой.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд Д.Сарангэрэлийн суудал суухыг эртнээс мөрөөдсөн. Тиймээс ч багагүй амбицлаж, дээр дооргүй л гүйж яваа гэх. Тэрбээр Сү.Батболдын фракц. Дээр нь хамар доорх хагархай гэгчээсээ болж үе, үе асуудалд ордог. Өмнөх сайд нь "дааганаас биш даравгараасаа болж унасан"зэрэг асуудлаас болоод М.Оюунчимэг Удирдах зөвлөлөөс дэмжлэг авах магадлал тун бага. Тэгээд ч ХНХ-ын сайдад Д.Сарангэрэл Ерөнхийлөгчийн квотоор очсон. Энэ утгаараа Төрийн тэргүүнтэй ойр хүн л тэнд сайдаар очих магадлалтай юм.
Тэгвэл ХНХ-ын сайдад горилогчдоос хамгийн их магадлалтай гэх хүмүүсээр С.Чинзориг, Б.Саранчимэг нарын нэрс яригдаж байна. С.Чинзориг өмнө нь хоёр ч удаа ХНХ-ын сайд хийж байсан. Б.Саранчимэгийн хувьд хоёр удаа УИХ-ын "архаг" гишүүн. Жендер, квотоо бодвол эмэгтэй хүн тэрхүү суудалд очих магадлал өндөр.
Гэхдээ Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу хэнийг ХНХ-ын сайдаар томилох, мөн давхар дээлтэн үү, дан дээлтэн үү гэдгийг Ерөнхий сайд шийднэ. Одоогоор тус яамыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түр үүрэг гүйцэтгэгчээр хариуцаж байна.
Албан тушаалын сургаар Ардын намынхан ч хөдөлгөөнд ордог. Тус намын цагаан байрнаас сонсогдож буй албан бус мэдээллээр Д.Амарбаясгалан сайд ХНХ-ын сайдын албан тушаалыг Н.Учралд санал болгож, тэтгэврийн шинэчлэлээ хийхийг зөвлөсөн гэх. Хэрэвзээ энэ мэдээлэл үнэн бол ХНХ-ын сайдаар Н.Учралыг томилоод оронд нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар дэд сайд Б.Болор-Эрдэнийг томилох сонирхол ЗГХЭГ-ын даргад байж магадгүй гэх хардлага байна. Гэхдээ Монголын улстөр барьцгүй, тиймээс одоогоор хэвлэлээр яригдаж буй, улс төрийн хүрээнээс сонсогдох нэрс бол зөвхөн горилогчдын хүсэл, сонирхол төдий гэдгийг тодотгоё.
Холбоотой мэдээ