НЭМЭЛТ:
Жүдо бөхийн дэлхийн аваргын эхний өдрийн шигшээ барилдаанууд өндөрлөлөө. Өнөөдөр манай дөрвөн жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Э.Ариунболд мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр алтан медалийн төлөө олимп, дэлхийн аварга Японы Такато Наохисатай барилдаж, ялагдал хүлээлээ.
Жүдо бөхийн дэлхийн аваргын эхний өдрийн барилдаанууд үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн -48 кг
- Б.Баасанхүү гуравдугаар тойрогтоо Сербийн Милица Николичид ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдийн -60 кг
- Э.Сумъяабазар гуравдугаар тойрогтоо Тайванийн Ян Юн Вэйд ялагдлаа.
- Э.Ариунболд гуравдугаар тойрогтоо Нидерландын Торнике Тсжакадоеаг, хэсгийн аваргын төлөө Италийн Анжело Пантаног тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Харин хагас шигшээд Узбекистаны Дилшодбек Баратовыг ялж, аваргын төлөө Японы олимп, дэлхийн аварга Такато Наохисатай учраа таарав.
Жүдо бөхийн дэлхийн аваргын эхний өдрийн барилдаанууд эхэллээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн -48 кг, эрэгтэйчүүдийн -60 кг-ын барилдаан болно.
Эмэгтэйчүүдийн -48 кг
- Б.Баасанхүү хоёрдугаар тойрогтоо АНУ-ын Жиованна Прадог яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч Сербийн Милица Николич.
- Г.Наранцэцэг хоёрдугаар тойрогтоо АНУ-ын Мариа Селиа Лабордед ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдийн -60 кг
- Э.Сумъяабазар эхний тойрогтоо Египетийн Юсри Самиг, хоёрдугаар тойрогтоо Мароккогийн Юнес Саддикиг тус тус ялж, Тайванийн Ян Юн Вэйтэй учраа таараад байна.
- Э.Ариунболд хоёрдугаар тойрогтоо Чехийн Давид Пулкрабекийг ялж, дараагийн тойрогтоо Нидерландын Торнике Тсжакадоеатай учраа таарав.
Жүдо бөхийн 2022 оны дэлхийн аварга өнөөдөр/2022.10.06/ Узбекистаны нийслэл Ташкент хотод эхэлнэ. Энэ удаагийн ДАШТ-д таван тивийн 82 орны 571 тамирчин өрсөлдөж байна. Монгол Улсаа төлөөлөн Ё.Басхүү, Ц.Цогтбаатар, О.Цэцэнцэнгэл, Б.Баасанхүү, Б.Хорлоодой, Б.Ганхайч тэргүүтэй манай шилдэг 18 тамирчин өрсөлдөнө.
Тэгвэл өчигдөр тэмцээний хэсгийн шатны сугалаа явагдлаа. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн -48 кг болон эрэгтэйчүүдийн -60 кг-ын барилдаанууд болно.
- Эрэгтэйчүүдийн -60 кг
Э.Сумъяабазар эхний тойрогтоо Египетийн Юсри Самитай учраа таарчээ. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Мароккогийн Юнес Саддикитэй барилдана. Э.Сумъяабазарын хэсгийг Тайванийн Ян Юн Вэй чансаагаарааа толгойлжээ.
Харин С хэсэгт Э.Ариунболд багтжээ. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Чехийн Давид Пулкрабектэй учраа таарав.
Дэлхийн чансааг тэргүүлэгч, олимпийн мөнгөн медальт Тайванийн Ян Юн Вэй сүүлийн үед форм сайтай байгаа. Сүүлд Улаанбаатарт болсон Их дуулгад Нагаяамад ялагдаж, мөнгөн медаль хүртсэн. Нагаяама Тайвань залуутай хийсэн гурван барилдаандаа бүгдэд нь ялсан гэх дардам үзүүлэлттэй. Азаар Нагаяама энэ удаагийн ДАШТ-д оролцохгүй.
Түүний оронд Японыг төлөөлж олимпийн аварга Наохиса Такато оролцож буй. Такато бүх Японы аваргад Гэнки Когад ялагдсан ч жүдо бөхийн холбоо нь аваргадаа итгэл хүлээлгэсэн.
Ян Юн Вэй, Наохиса Такато хоёр олимпийн финалд учраа таарахад Такато торгуулиар ялж, аварга болж байлаа. Харин энэ удаад Ян даагаа нэхэхийг хүсч байгаа нь лавтай.
Мөн энэ жинд Солонгосын Ким Вон Жинийг битүү морь гэж мэргэжилтнүүд үзэж байна.
- Эмэгтэйчүүдийн -48 кг
Б.Баасанхүү эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо АНУ-ын Жиованна Прадотой учраа таарлаа. Түүнтэй хамт А хэсэгт Францын Ширине Букли багтжээ.
Харин С хэсэгт багтсан Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо АНУ-ын Мариа Селиа Лабордетэй учраа таарчээ.
М.Уранцэцэг, Дистриа Красники, Дариа Билодид гээд энэ жингийн “томчууд” бүгд буурь сэлгэсэн. Тухайлбал, М.Уранцэцэг холимог тулаан руу орж, Красники 52 кг руу, Билодид 57 кг руу тус тус жин өгссөн.
Харин Япон энэ ДАШТ-д олимпийн мөнгөн медальт Фүна Тонаки, дэлхийн аварга Нацүми Цүнода нарыг илгээжээ. Тэгвэл Франц Ширине Буклиг илгээв. Угтаа тэдэнд Мелани Клементийг оролцуулах давуу эрх байсан ч энэ боломжоо дээд жиндээ ашиглажээ.
Ерөнхийдөө Букли болон Фүна Тонаки, Нацүми Цүнода нарын хооронд гол өрсөлдөөн өрнөнө гэж таамаглаж байна.
Холбоотой мэдээ