Үр зулбуулах баталгаагүй эмнээс болж эрүүл мэндээрээ хохирч байна | News.MN

Үр зулбуулах баталгаагүй эмнээс болж эрүүл мэндээрээ хохирч байна

Үр зулбуулах баталгаагүй эмнээс болж эрүүл мэндээрээ хохирч байна

Үр зулбуулах баталгаагүй эмнээс болж эрүүл мэндээрээ хохирч байна

"Үр зулбуулах эм зарна" гэсэн Фейсбүүкийн зарын дагуу "Чиний төлөө" гэх хуурамч хаягт холбогдов.

  • …Сайн байна уу? Үр хөндөх эм байгаа юу?
  • Байгаа
  • Хэдэн төгрөг вэ?
  • Одоогоор бэлэн байхгүй. Гурав дахь өдөр Замын-Үүдээс ирнэ.
  • Хэдэн төгрөгөөр ирэх вэ?
  • 90 мянган төгрөгөөр ирнэ
  • Гадуур 180 мянган төгрөг гэж байна. Энэ нь үнэ хөөргөж зарж байгаа хэрэг үү эсвэл өөр үйлдвэрийн эм болохоор ийм үнэтэй зарагдаж байна уу?
  • Нэмэгдэл авахгүйгээр карго хүргэлт нийлээд 90 мянган төгрөг байна. Ялгаагүй урдаас ирж байгаа эмийг бусад хүмүүс үнэ нэмж зарж байна.
  • Төлбөрөө ирэхээр нь хийх үү? Урьдчилж хийх үү?
  • Урьдчилгаа 50 хувийг нь эхэлж хийгээд эм ирэхэд үлдсэн мөнгийг өгнө

Өөр нэг зарын дагуу “Ч.Ганган” гэх нэртэй хуурамч хаягтай холбогдов.

  • …Сайн байна уу? Эм байгаа юу?
  • Байгаа
  • Хэд төгрөгөөр зарж байгаа вэ?
  • 180 мянган төгрөг
  • Одоо авч болох уу? Эмчийн бичигтэй юу?
  • Одоо Улиастайн хуучин эцсээс авч болно. Тэнд эгч нь хүүхдэд үлдээчихсэн. Очоод надад хэлээрэй. Эмээ авахаар чинь уух заавар болон эмчийн бичгийг явуулъя.
  • Эмчийн бичгийн зураг хаанаас ч олдох байлгүй дээ. Надад бичиг нь биетээр хэрэгтэй байна.
  • Эгч нь өөрөө есдүгээр сарын 7-ны өдөр хоёр үр хөндөх эм аваад уусан. Авахгүй бол өөр хүн асуугаад байгаа учраас зарлаа.

Энэ мэтчилэн хүмүүс үр хөндөх эмийг урдаас оруулж ирэн зарж байгаа юм. Эмчийн бичиг болон хаяг, шошгогүй, үүсэл гарал нь тодорхойгүй эмийг хуурамч цахим хаягаас худалдаалах иргэд олон байна.

Эмэгтэйчүүдийн эмнэлэг 10:30 цаг.

-20 орчим насны эмэгтэй эмэгтэйчүүдийн эмчийн өрөөнөөс гарах боловч тэр гунигтай харцтай байв. Учир нь их сургуулиа төгсөөд ажилд ороод удалгүй бие давхар болжээ. Нөхөргүй, ажилд ороод удаагүй, “хүсээгүй жирэмслэлт” учраас тэрбээр үр хөндүүлэх сонголт хийсэн гэнэ.

-30 настай эмэгтэй мөн үр хөндөлт хийлгэхээр тус эмнэлэгт иржээ. Хоёр хүүхэд төрүүлээд 10 жил гэртээ суусан, удахгүй ажилд орохоор төлөвлөсөн ч жирэмсэн болсон тул эмнэлэг бараадахад хүрсэн байна.

Эмэгтэйчүүдийн эмнэлэгт хүсээгүй жирэмслэлтээ зогсоох сонголттой ирж буй охид, бүсгүйчүүд цөөнгүй. Амьдралын олон асуудал, шалтгаанаас үүдэж ийм сонголт хийж буй тэднийг буруутгах аргагүй.  Хамгийн гол нь хууль бус үр хөндүүлэх эм ууснаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийн талаар сурвалжиллаа. 

Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй охидын жирэмслэлт нэмэгдэж буй гэх статистик бий.  Энэхүү статистикийн  цаана хэчнээн охин эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирон үлдсэнийг хэлэхэд хэцүү.

Олон нийтийн сүлжээнд үр зулбуулах эм зарах, авах хүмүүсийн зар олон харагддаг. Зар тавьж буй хаяг нь эзэн биегүй. хариуцах хүнгүй.  Үүнийг дагаад эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тоо нэмэгдэж буйг эмэгтэйчүүдийн эмч нар анхааруулах болсон билээ.  Ялангуяа өсвөр үеийнхэн үр зулбуулах эмийг эмчийн заалт, хяналтгүйгээр хувь хүнээс авч хэрэглэх нь ихэссэн байна. Эдийн засгийн чадамжгүй мөн мэдлэг дутмаг байдгаас баталгаагүй эмийг хэрэглэхэд хүрдэг байна. Гар дээрээс үр зулбуулах эмийг авахдаа хэрхэн хэрэглэх, ямар сөрөг үр дагавартай зэрэг мэдээллийг бүрэн авч чаддаггүй тул эрүүл мэндээрээ хохироход хүрдэг аж. 

 Үр зулбуулах эмийн нөлөөнөөс болж жилд дунджаар 400 гаруй эмэгтэй улсын эмнэлэгт ханддаг байна.

Үр зулбуулах эмийг  гар дээрээс авсан нэгэн бүсгүй эмэгтэйчүүдийн эмнэлэгт ханджээ. Тэрбээр, цахим орчинд нийтэлсэн зараас харж, хямд найдвартай гэсэн үгэнд итгээд худалдан авсан гэнэ. Бүсгүй 180000 төгрөгөөр зургаан ширхэг шар, гурван ширхэг цагаан өнгөтэй, Хятадаас  орсон гэх үр хөндөх эмийг авсан байна. Түүнээс үр хөндөлт хийхдээ эмнэлгийн байгууллагад хандаагүй асуудлаар тодруулахад "эмнэлэг илүү үнэтэйгээс гадна цаг алдах юм шиг  санагдсан" гэв. Гэхдээ гарч болох хүндрэлийг төсөөлөн айсан учраас эмийг уухаасаа өмнө эмнэлэгт хандсан байна.

2020 онд үр хөндөх эмийн гаж нөлөөнөөс үүдэж, таван эмэгтэй нас барсан бол арав гаруй нь улсын эмнэлэгт хандаж сав, өндгөвчөө авхуулсан гэх тоог Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. 

Ийнхүү эрүүл ахуйн стандартын баталгаагүй үр хөндөлтийн эм гадуур их хэмжээгээр худалдаалагдаж байгаагаас охид, бүсгүйчүүд хуурамч эмд хордож, эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах тохиолдол гарч байна. Нөгөөтэйгүүр хил гаалиар хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй энэ төрлийн төрлийн эмийг хулгайгаар оруулж ирдэг иргэд олширчээ. 

Хуурамч эмийн хор уршгийн талаар эмч мэргэжилтнүүдээс тодруулахад “Сүүлийн үед амьдралын боломж тааруу охид, бүсгүйчүүд хуурамч эм ууснаас үүдэн хордох, амь насаа алдах тохиолдол олон гарч байна. Ихэнх нь "Мизопростол", "Мидепристон" гэх нэртэй эм ууж хордсон. Өнөөдөр хүсээгүй жирэмслэлтээс татгалзах нь хуулиараа иргэнд нээлттэй байдаг ч эрүүл мэндийн байгууллагад хандах уу, аль эсвэл ямар ч баталгаагүй үр хөндөлтийн эм сонгох уу гэдэг нь тэдний сонголт байдаг. Алийг нь сонгож байгаа нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролтой шууд холбоотой байна” гэв. 

Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хамгаалах орчин үеийн аргуудыг ашиглах юм. Охид, эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах эмийг худалдан авах боломжтой өргөн байдаг. Гэвч тэд тууштай, зөв хэрэглэхгүй, аюулгүй бэлгийн харьцаанд орох аргуудыг мэдэхгүйгээс үүдэн хүсээгүй жирэмслэлтэд авах арга хэмжээ нь үр хөндөлт болж байна. 

Тухайлбал, судлаачид өсвөр насны охидын жирэмснээс хамгаалах талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх судалгааг хийхэд хангалтгүй гэсэн үр дүн гарчээ.

Мөн үр хөндөлтийн талаар мэдлэг, хандлага үнэлэх асуумжид хариулсан байдлыг үнэлэхэд өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролд гэр бүл, багш нар нь анхааран тэднийг төлөвшүүлж цуврал сургалтуудаар мэдлэг олгох хэрэгтэй байгааг дүгнэсэн байна. 

Энэ талаарх мэдлэг мэдээллийг Эрүүл мэндийн яам, БШУЯ зэрэг холбогдох байгууллагаас иргэдэд соён гэгээрүүлж, танин мэдүүлэх сурталчилгаа, мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран, өргөн хүрээнд түгээх онц шаардлага тулгарч байгаа нь харагдаж байна. Түүнчлэн эрт жирэмслэлтийг бууруулснаар ирээдүйд залуучуудын нийгэм, эдийн засгийн байдалд эергээр нөлөөлөх чухал ач холбогдолтой.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-06 202.55.188.125

Хятад зулзагыг хятад эмээр зулбуулдаг

Avatar

Зочин 2022-10-06 118.221.209.45

эм хамаагүй хэрэглэж өөрийгөө хорлохоос айдаггүй юмуу эм хор болохоос хоол биш гэж мэдэхгүй юу

Avatar

Зочин 2022-10-06 60.32.152.240

ingej hor nolootei emiin buruu ntr gehiin orond emegtei huuhed ooroo ooriin gsn uhaantai bh heregtei. etseg ehchuud uun deer l anhaarah heregtei. eregtei humuus ugasa mal shig garud bdg bolohoor mynga helsench uhaangui humuus zondoo l bga. gol n emegteichuud oorsdoo ooriigoo garch boloh ersdlees hamgaalah, todorhoi hemjeenii medlegtei bh heregtei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж