Алтанбулагийн автозам ашиглалтад ордоггүй ажил болох вий! | News.MN

Алтанбулагийн автозам ашиглалтад ордоггүй ажил болох вий!

Алтанбулагийн автозам ашиглалтад ордоггүй ажил болох вий!

Алтанбулагийн автозам ашиглалтад ордоггүй ажил болох вий!

УИХ-ын дарга Г.Занданшатар есдүгээр сарын 24-нд Алтанбулаг боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр боомтын сэргэлтийг удаашруулсан, хойш татсан хүмүүст хариуцлага тооцох үүрэг өгсөн. Тодруулбал, Оросын Хиагт боомттой нийлэх Алтанбулагийн автозам нь зураг төсөл дээрхээс зөрж, бүтээн байгуулалтын ажилд системийн зөрүү гарсан аж.

Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын эхэнд боомтын шинэчлэл тусгагдсан.  Тиймээс боомтуудаа өргөжүүлэх, сайжруулах, шинэчлэх үүднээс  Азийн хөгжлийн банкны 6.6 сая ам.долларын санхүүжилтээр Алтанбулаг боомтод бүтээн байгуулалтын ажлыг 2019 оноос хэрэгжүүлж буй юм.  Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтыг олон улсын жишигт нийцүүлж өргөтгөн шинэчлэхээр болсон.

Төслийн хүрээнд шинээр дөрвөн эгнээ бүхий 1.8 км хатуу хучилттай зам Сүхбаатар хилийн боомтод тавьж буй. Уг замын ажил төлөвлөгөө ёсоор энэ оны зургадугаар сард дуусах ёстой байсан.

Гэвч төсөлд шалгарсан гүйцэтгэгч компани хангалтгүй ажилласны улмаас тус боомтод хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд дөнгөж талдаа ороод байгаа аж.

ЗАМ ЗӨРСӨН НЬ ЗУРАГ ТӨСЛИЙН АЛДААНААС БОЛООГҮЙ

Албаныхан хэлэхдээ барилгын зураг төсөл гаргасан “Татах хүч” ХХК системийн алдаа гаргасан гэж буруутгаж буй юм. Харин тус компанийнхан "Оросын Хиагт боомттой нийлэх Алтанбулагийн автозамын зураг төсөл дээр ажиллаж байгаа. Замын зөрүү гарсан шалтгаан нь уялдаа, холбоогүй байдлаас үүссэн.

Хэдийгээр манай компани хариуцаж байгаа ч бид зөвхөн гүйцэтгэгчийн  үүрэг хүлээсэн. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг бүхэлд нь Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцаж байгаа.  Бидний хувьд замын зургаа бүтээн байгуулалт эхлэхээс өмнө ОХУ-руу явуулсан. Харин оросууд замаа бидний явуулсан зураг төслийн дагуу хийгээгүй. Өөрөөр хэлбэл, замын 3 метрээр зөрсөн нь оросуудтай холбоотой. Автозамын зураг 2018 онд батлагдсан.

Боомтын бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж байгаа хоёр асуудал бий. Эхнийх нь Монгол Улс эрчим хүчний асуудлаа шийдвэрлээгүй  байгаа. Замын ажил үргэлжилж байгаа ч орон нутаг, аймгийн хэмжээнд эрчим хүчээр хангаж чадаагүй. Бид дэд станцаа байгуулсан ч тус станцыг тэжээх эх үүсвэр байхгүй гэсэн үг. Хоёрдугаарт, бохирын асуудал. Орон нутгийн хуучин байгаа шугамыг ашиглах гэсэн боловч шугам сүлжээ байхгүй. Үүнийг шийдэхээр тендер зарласан боловч гүйцэтгэгч гарч ирээгүй. Тиймээс орон нутгийн удирдлагууд энэ асуудлуудад анхаарч, шийдвэрлэх арга замыг ярих хэрэгтэй байна. Бүтээн байгуулалтын ажил явагдаж байхад үнэлэлт дүгнэлт шууд өгөх нь буруу.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн Оростой ярилцаж, координатаа тохиролцох ёстой. Түүнээс “Татах хүч” ХХК дур мэдэн хэмжилт хийж зураг төсөл гаргана гэвэл боломжгүй.

ХАРИУЦЛАГАГҮЙ КОМПАНИАС БОЛЖ БООМТЫН АЖИЛ УДААШИРСАН

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "Зураг төсөл, зохиогч, захиалагчийн хяналт байхгүй. ОХУ-ын Хиагт боомттой нийлэх Алтанбулагийн зам гурван метрээр зөрсөн. Үүнийг системийн зөрүү гэж нэрлэж байгаа.

Энэ оны зургадугаар сард ашиглалтад орох ёстой байсан ажил ирэх 2023 онд орно гэж байна. Үүнээс болж боомтын сэргэлтийн ажил удаашралттай байна.

Хариуцлагагүй компаниас болж боомтын ажил удааширсан. “Татах хүч” ХХК болон бусад хяналт тавих ёстой хүмүүс мэдээлэл өгөх хэрэгтэй гэсэн юм.

Хэрэв тус бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжвэл гадаад худалдаа эрхлэхэд зарцуулах зардал, цаг хугацаа зардал 30 хүртэл хувиар багасна гэж байлаа. Гэтэл өнөөдөр уг ажил удааширч, зам нь зөрж, барилгын ажил нь хүртэл дөнгөж 60 гаруй хувьтай явж байгаа аж.

ОДООГООР ШИНЭЧИЛСЭН ЗУРАГ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛААГҮЙ

Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж:

-Зам зөрсөн асуудал гарсан. Гэхдээ хоёр талаас харилцан тохиролцож зураг төслийг засаад дуусч байгаа гэж мэдээлсэн. Энэ ажлыг Эдийн засаг хөгжлийн яам хариуцаж байгаа. Барилга болон боомтын бүтээн байгуулалтын ажлыг “Монкон констракшн” ХХК хариуцаж, “Татах хүч” ХХК-ийн хувьд зураг төслийг гаргасан. УИХ-ын даргыг ажилтай танилцах үеэр тус компанийн зүгээс Монгол, Оросын координат зөрсөн гэж хэлсэн. Гэхдээ координат зөрөх боломжгүй учраас зураг төслөө шинэчлэх үүрэг өгсөн.

Одоогоор шинэчилсэн зураг төслийг танилцуулаагүй.

Төлөвлөгөө ёсоор бүтээн байгуулалтын ажил аравдугаар сарын 1-нд дуусах ёстой. Гэвч хугацааг сунгахаас өөр аргагүй болсон. Замын ажил нь бол гүйцэд явагдаагүй. Бетонон цутгалт багахан авсан. Төслийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк хариуцаж байгаа учраас орон нутагт хамааралгүй.

Ийнхүү Алтанбулаг, Хиагт боомтын нийлэх зам зөрсөн асуудалд холбогдох албан тушаалтнууд дээрх тайлбарыг өгөв.

Ямартай ч зам зөрснөөс гадна дэд бүтэц болон бусад олон асуудлыг шийдэх ёстойг мөн онцоллоо. Хугацаа хойшилсон боомтын бүтээн байгуулалт  ирэх жил ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй байна. Мөн төсөл хариуцагч нэгж, түүнийг гүйцэтгэгч нартай төр уялдаатай ажиллахгүй байж хяналт тавих нэрийдлээр шалгаж, үүрэг хариуцлага тооцдог тогтолцооноос гарах зайлшгүй шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-06 202.9.46.66

Боомтын талбай байсан бетон хавтангуудыг зарж байхаар одоогийн зорчиж буй шороон дээрээ дэвсэхгүй яадаг зарж үрэхээ урьтал болгодог хүмүүс вэ?

Avatar

зочин 2022-10-06 150.129.141.238

одоо мэдэнэ хэн ч хариуцага хүлээхгүй л дээ ккк

Avatar

Зочин 2022-10-06 203.98.77.153

Авто замын зураг хийдэг компани мөн үү

Avatar

уншигч 2022-10-06 103.26.195.139

монгол оронд ер нь болж бутэж бгаа юм алгаа. ажил хийхэд алдаа гаралгуй л яахав, гэхдээ засаж залруулах, хулээж авах байдал нь бур нэг дампуу шуу

Avatar

Зочин 2022-10-06 43.228.129.131

Орос хэл мэддэг хүнгүй болсоноос Оросуудтай ойлголцож харилцаж чадахгүй хэмжээнд хүрч дээ, хөрш орныхоо хэлийг мэдэхгүй байж юун боомтын хөгжил, эхлээд хэл сурчих хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-10-06 64.119.25.11

МАН НЭГ ИЙМЭРХҮҮ БАЙДЛААР АЖИЛ АЛБЫГ ЗАЛГУУЛДАГ АМЬТАД ШДЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж