Орчин цагийн Мэрилин Монро

Хуучирсан мэдээ: 2022.10.06-нд нийтлэгдсэн

Орчин цагийн Мэрилин Монро

Орчин цагийн Мэрилин Монро

Холливудын “секс бэлгэ тэмдэг” гэгддэг жүжигчин Мэрилин Монрогийн амьдралыг харуулах “Шаргал үст” кинонд гол дүрийг бүтээснээр А зэрэглэлтэй жүжигчдийн тоонд багтах болсон Ана де Армасын талаар энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.


Ана 1988 оны дөрөвдүгээр сарын 30-нд Кубын Хавана хотод төрсөн. Түүний бүтэн нэрийг Ана Селиа де Армас Касо гэдэг. Тэрбээр жүжигчний карьераа Кубад эхлүүлсэн бөгөөд дараа нь 18 настайдаа Испани рүү нүүж, Мадрид хотод суурьшсан. Испанид байх хугацаандаа 2007-2010 оны хооронд “El internado” гэх өсвөрийн алдартай цувралын зургаан бүлэгт тогложээ.

ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН НЬ

Тэрбээр Хавана хотод төрсөн ч Санта Круз гэх жижиг хотод өсчээ. Түүний ээжийн тал нь Испаниас Кубад ирж суурьшсан цагаачид аж. Эцэг Рамон банкны менежерээс эхлээд багш, сургуулийн эрхлэгч, хотын даргын орлогч хүртэл олон төрлийн ажил хийдэг байв. Рамон Зөвлөлт холбоот улсад филисофийн чиглэлээр их сургуульд суралцсан нэгэн аж. Харин ээж нь Кубын Боловсролын яаманд хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг байжээ. Ана дээрээ ганц ахтай бөгөөд ах Жавиер нь Нью-Йоркод гэрэл зурагчнаар ажилладаг. Хэдийгээр “Кубын онцгой үе” гэж нэрлэгддэг хүнс, түлшний хомсдол, цахилгааны тасалдалтай үед өссөн ч Ана бага насаа аз жаргалтай байсан гэж тодорхойлжээ.

Өсвөр насандаа интернэтгүй байсан учраас Кубын соёлоор мэдлэг нь хязгаарлагддаг байв. Ана амралтын хоёр өдрөөр ердөө 20 минут хүүхэлдэйн кино үзэх эрхтэй байжээ. Гэрт нь “DVD”, видео тоглуулагч байгаагүй учраас хөршийндөө орж Холливудын кинонуудыг үзэж, харилцан яриаг нь цээжлээд толины өмнө жүжиглэж давтдаг байсан гэнэ. Ана 12 настайдаа жүжигчин болохоор шийдэж, хоёр жилийн дараа Хавана дахь Кубын үндэсний театрт элссэн байна. Сурагч байхдаа гурван кинонд тоглосон байв. 18 настайдаа эмээ, өвөөгөөрөө дамжуулан Испанийн иргэншил авч, жүжигчний карьераа хөөн Мадрид руу нүүсэн байна. Ийнхүү тэрбээр Куба, Испани улсын давхар иргэншилтэй болжээ.

Шинээр хөлсөлсөн Холливудын агентынхаа ятгалгаар Лос-Анжелес руу нүүхээр шийдэж, 2014 онд АНУ-д шилжин суурьшив. Лос-Анжелест ирээд бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй болсон ба англи хэл сурах сорилттой тулгарчээ. Англи хэлний мэдлэг бага байснаас жүжигчний шалгаруулалтад орохдоо хэлж байгаагаа үгийнхээ олонхыг ойлгодоггүй байснаа хожим дурсчээ. Хэл сурч, аялгаа засахын тулд дөрвөн сарын турш бүтэн цагаар сургалтад суусан аж.

ТИНДЕРИЙН БОССЫН БОЛЗООТ БҮСГҮЙ

Ана 2010 оны дунд үеэс Испанийн жүжигчин Марк Клотеттэй болзож эхэлснээр 2011 оны долдугаар сард гэрлэсэн байна. Гэвч тэд хоёрхон жилийн дараа 2013 оны эхээр салжээ. Нөхрөөсөө салсныхаа дараа авъяасыг нээн илрүүлэх агентаар ажилладаг Фрэнклин Латт гэгчтэй түр хугацаанд 2015 оны эхэн үеэс 2016 оны сүүл үе хүртэл болзсон байдаг. Харин “Гүн ус” гэх кинонд 2019 оны сүүлээр жүжигчин Бен Аффлектэй хамт тоглох үеэрээ учир ургуулж, 2020-2021 оны хооронд хэсэг болзсон байна. Ана өдгөө “tinder” болзооны аппликейшныг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Пол Букадакистай үерхэж байгаа бөгөөд Нью-Йорк хотноо хамтран амьдарч байгаа аж. “Тэд анх уулзсан цагаасаа л бие биедээ татагдаж эхэлсэн” гэж ойрын танил нь “People” сэтгүүлд ярьсан ба “Гүн ус” киноны үеэр танилцсан гэв.

 

ХОЛЛИВУДЫН А ЗЭРЭГЛЭЛД ХҮРЭВ

Лос-Анжелест ирснээсээ хойш “Knock Knock” (2015) гэх сэтгэлзүйн триллер  кинонд тоглож, “War Dogs” (2016) гэх гэмт хэрэг-инээдмийн кинонд туслах дүрийг бүтээжээ. “Knives Out” (2019) нууцлаг үйл явдалтай кинонд тоглосноороо Алтан бөмбөрцөг наадмаас комеди, мюзикл жанрын шилдэг жүжигчинд нэр дэвшсэн бөгөөд шилдэг туслах жүжигчний шагналыг хүртжээ.  Өнгөрсөн онд тэрбээр Жеймс Бондын цувралын “No Time to Die” (2021) кинонд Бондын найз бүсгүйн дүрийг бүтээсэн. Анаг алдар нэрд хөтөлж, олон нийтийн хараанд авчирсан кино нь Мерилин Монрогийн тухай “Blonde” /Шаргал үст/ болов. Тэрбээр Монрогийн дүрийг хэтэрхий чадварлаг бүтээсэн гэж олон нийт шагшиж байна.

Монрогийн дүрийг бүтээснээрээ Ана карьерынхаа оргилд хүрээд байна. “Netflix” компанийн “Шаргал үст” кино гарсан цагаасаа хойш олны анхаарал, шүүмжлэлийг дагуулсаар байгаа юм. Киноны зураг авалт цар тахлаас болж гурван жилийн турш үргэлжилсний эцэст “Шаргал үст” өнгөрсөн есдүгээр сарын 28-нд нээсэн.

Киноны найруулагч Эндрю Доминик анхнаасаа түүнийг Монрогийн дүрд тоглуулахаар төлөвлөсөн байсан ч Ана шалгаруулалтаар өөрийгөө батлах хэрэгтэй болжээ. Тэрбээр шалгаруулалтын үеэр аялгадаа онцгой анхаарахын тулд дасгалжуулагчаа хажуудаа байлгасан тухайгаа кино нээлтээ хийсний дараа ярьжээ. Ана хэлэхдээ, “Би дүрээ гаргахдаа Монрогоос мэдэрсэн бүх мэдрэмжээ гаргасан. Ингэхдээ өөрийнхээ айдас, эмзэг байдал, тухгүй мэдрэмж, дутагдлуудаа ч хүлээн зөвшөөрөхөд хүрсэн. Маш их сэтгэл хөдлөл надаас гарсан. Монро надад маш гунигтай, хүнд дүр байсан. Гэвч би болсон үйл явдлыг өөрчилж чадахгүй учраас арчаагүй мэдрэмж төрсөн. Би дүрээрээ хүмүүст Монрогийн мэдрэмжийг хүргэхийг зорьсон” гэж ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж