Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр дэлхийн улс орнууд боловсролын салбарын хэд хэдэн асуудлыг хөндсөний дотор сургууль гэдэг ойлголтыг шинээр томьёолж, хичээлийг танхимын болон цахим хосолсон хэлбэрээр явуулах зайлшгүй шаардлага байгаа талаар дэлхийн улс орнууд зөвлөлдлөө. Түүнчлэн цахим шилжилтийг эрчимжүүлж, хүн бүр цаг хугацаа, орон зайнаас үл хамааралтайгаар насан туршдаа суралцах боломжийг даруй бүрдүүлэхийг улс орон бүрд уриалсан билээ.
Тэгвэл боловсролын цахим шилжилтээр Монгол Улс ямар түвшинд байгаа, цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж байгааг тодруулахаар энэ чиглэлээр байгуулагдсан БШУЯ-ны харьяа Боловсролын мэдээллийн технологийн төвийг зорилоо.
Ц.Тодгэрэл: Манай улс ч хосолмол хөтөлбөрөөс хоцролгүй анхны цахим сургуулиа долоо хоногийн өмнө нээсэн
Бид эхлээд Боловсролын мэдээллийн технологийн төвийн захирал Ц.Тодгэрэлтэй уулзаж, ямар алсын хараатай ажиллаж байгааг нь тодруулав.
-Нью-Йоркт болсон дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр бүх нийтийн боловсрол, сургалтдаа цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлж буй тэргүүлэгч таван орны нэгээр манай улсыг зарлалаа. Монгол Улс боловсролын салбарын цахим шилжилтээрээ НҮБ-д өндөр үнэлэгдэхэд бидний хөгжүүлж буй Medle.mn платформ ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ үнэлгээ бидэнд урам зориг нэмж, бусад орны тэргүүн туршлага, сайн санаачилгуудаас суралцаж, цахим шилжилтээ улам эрчимжүүлэх хүч өглөө. Зарим улс биднээс суралцаж, бид бусдаас суралцаж байна. Ер нь мэдээллийн технологийн салбар асар хурдацтай хөгждөг учраас үргэлж суралцах шаардлагатай байдаг. Ажилд хэрэгтэй, үр дүн гаргахад шаардлагатай шинэ санаачилга, инновацуудыг судалж, бусдаас суралцаж, өөрийн сурснаа бусадтайгаа хуваалцаж, зааж сургах нь миний ажлын нэг хэсэг болдог.
-Монгол Улс анхны цахим сургуулиа нээсэн тухай сайхан мэдээтэйгээр багш нарын баярыг угтаж байгаа юм байна?
–Цахим шилжилт нь уламжлалт зарим ойлголтыг халж байна. Ирээдүйд сургууль заавал байшинтай байж, суралцагч заавал өдөр тутам танхимд очиж, хичээлд суух шаардлагагүй болох нь. Тэгэхээр цаашид сургуулийн том том барилга барих гэж хөөцөлдөхөөсөө илүү хосолмол хөтөлбөр хэрэгжүүлснээр багтаамжийн араас биш чанарынхаа араас анхаарах боломжийг бүрдүүлнэ. Яг энэ агуулгаар дэлхий дахин хосолмол хэлбэрийг хүлээн зөвшөөрч, нээлттэй сурах орчныг бүрдүүлж эхэллээ. Манай улс ч үүнээс хоцрохгүй анхны цахим сургуулиа долоо хоногийн өмнө нээсэн. Улсын хэмжээнд 10 дугаар ангид суралцагч гурван хүүхэд тутмын нэг нь “Medle” цахим сургуульд суралцаж байна. Ирэх жилүүдэд 11-12 дугаар ангийг нэмж хамруулна.
Боловсролыг цахимаар хүн бүрд хүргэх нь бидний өдөр тутмын ажлын алсын хараа юм. Одоо явагдаж байгаа үйл ажиллагаанууд мэдээллийн технологийн дэмжлэгтэй болоод эхлэхээр хүний оролцоо улам бүр багасаж, шуурхай, илүү ил тод зарчим үйлчилж эхэлнэ. Жишээ нь, 2019 оноос ерөнхий боловсролын бичиг баримтыг системээр хэвлэдэг болсноор гэрчилгээний наймаа зогссон гэж хэлж болно. Бүртгэл цахимжиж, блокчейн технологи нэвтэрснээр хуурамч диплом гэдэг үнэт цаасны бизнес байхгүй боллоо. “Е-mongolia”-гаар дамжуулан төрийн олон үйлчилгээг одоо иргэд гар утаснаасаа, богино хугацаанд авдаг боллоо. Мэдээллийн технологийн хөгжил бидэнд ийм боломжийг олгож байна.
-Та мэдээллийн технологийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ, таны мэргэжлийн бахархал юу вэ?
-Би мэдээллийн технологийн салбарт 23 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд мэдээллийн технологийн салбарын ажил, мэргэжлийн бүхий л чиглэлээр ажиллаж үзжээ. Анх 1999 онд Үндэсний статистикийн хороонд программ зохиогчоор ажлын гараагаа эхэлж байсан. Тэнд байхдаа Монгол Улсын хүн амын 2000 оны тооллогын dos орчны мэдээллийг хөрвүүлэх программ бичиж, маш их цаг хугацаа, олон хүний хөдөлмөрийг хэмнэж байсан. Дараа нь хоёр ч банкны технологийг бусад банкны түвшинд хүргэх, онлайн банк болгох зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлж ажилласан. Хувийн хэвшилд ажиллаж байхдаа автомашины улсын дугаар таньдаг шинэ технологийг нэвтрүүлж, нийслэлд анхны төлбөртэй зогсоолын шийдлийг гаргаж байв. Аль ч салбарт ажилласан хийж буй ажилдаа шинэ технологи нэвтрүүлж, зардал хэмнэх, үр дүн гаргах шинэлэг зүйлийг санаачилж ажиллахыг хичээдэг. Үр дүн нь бидний бахархал болдог… гэлээ.
Н.Сайнбаяр: Цахим сургуульд өөрийн гэсэн байшин барилга байхгүй. Бид харилцаа холбооны үүлэн технологи суурьтай ажиллана
“Medle” Монголын анхны цахим сургуульд улсын хэмжээнд 10 дугаар ангид суралцагч гурван хүүхэд тутмын нэг нь сурдаг буюу 10 мянга гаруй сурагчтай юм байна. Бид үргэлжлүүлэн “Medle” цахим сургуулийн ахлах менежер Н.Сайнбаяртай ярилцав. Цахим сургуулийг нээхийн тулд ямар бэлтгэл хангасан талаар тэрбээр ийнхүү ярьж байна.
– Цахим сургуулийг нээх бэлтгэлийг хангах судалгааны ажил 2022 оны хоёрдугаар сараас эхэлсэн. Газар нутаг, хүн амын тоо, боловсролын салбарын үйлчилгээний хувьд манайтай төстэй улс орнуудын туршлагыг судалж, тэдгээр улсад цахимаар боловсрол олгох зохион байгуулалтын загваруудыг харьцуулж, өөрийн орны онцлогт нийцүүлэн цахим сургалт зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
Танхимын сургалтад зориулсан сургалтын хөтөлбөрийг цахим сургалт зохион байгуулах "төлөвлөлт”-рүү шилжүүлэх ажлыг хийсэн. Танхимын сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүнийг цахим сургалтад шууд ашиглах боломжгүй учраас ийм шаардлага үүссэн. Түүнчлэн шинэ төлөвлөлтөө дагаад багш нараа бэлтгэх шаардлага гарсан. Одоогийн байдлаар 3 үе шаттай сургалтын модуль боловсруулаад эхний 2 модулиар таван удаа сургалт зохион байгуулж 1,200 орчим багшийг хамруулсны эцэст цахим сургалт явуулах ур чадвар бүхий 228 багшийг бэлтгээд байна.
Энэ хичээлийн жилийн хувьд зөвхөн 10 дугаар ангийн сурагчдын сонгон судлах хичээлийг цахимаар орно. Сонгон судлах 16 хичээлийн сонголтын бүртгэлийг цахимаар зохион байгуулж, танхимаар болон цахимаар судлах сурагчдын судалгааг гаргаж, бүлэгт хуваарилж дууссан, хичээл эхлээд явж байна.
-Цахим сургууль гэж яг ямар сургууль байх юм бэ?
Цахим сургуульд өөрийн гэсэн байшин барилга байхгүй. Бид харилцаа холбооны үүлэн технологи суурьтай ажиллана. Энэ нь эх орны өнцөг булан бүрд сурч буй сурагчид, ажиллаж буй багш нар “цахим сургууль” гэсэн нэгэн дээвэр дор нэгдэнэ гэсэн үг. Үүгээрээ танхимын сургуулиас ялгаатай. Өөрөөр хэлбэл зарим сурагч танхимаар заавал судлах хичээлээ, цахимаар сонгон судлах хичээлээ сурах юм. Сургуулийн танхимд багш нар сурагчидтайгаа өдөр тутам нүүр тулж, гар барьж уулздаг бол “Medle” сургуулийн багш, сурагчид нь цахим ангид уулздагаараа онцлогтой… гэлээ.
Л.Эрдэнэсувд: Итгэл үнэмшил маань биднийг нэгтгэж, үнэ цэн, бахархлыг төрүүлдэг
Боловсролын мэдээллийн технологийн төв нь ESIS.edu.mn үндсэн системийг хөгжүүлэхээс гадна ээлжит хичээлийн контентын сан Medle.mn, эцэг, эхийн систем parent.edu.mn, сургалтын тэтгэлгийн систем scholarship.edu.mn зэрэг 10 гаруй дэд системийн хөгжүүлэлтийг хариуцан ажилладаг байна. Хэрэглэгчийн шаардлагад суурилан системийн шийдэл, загварчлалыг боловсруулах, хөгжүүлэлтийн багаа зохион байгуулах, эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүлээлгэн өгөх хүртэлх үйл ажиллагааг хариуцдаг Систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Л.Эрдэнэсувдтай ярилцаж, ажлынх нь онцлогийг тодрууллаа.
-Миний ажил нэг талаас мэдээлэл технологийн инженер, нөгөө талаас менежер. Сүүлийн зургаан жил боловсролын салбарын мэдээллийн системийн ерөнхий архитектур, системийн шийдлийг тодорхойлж, хөгжүүлэлтийн багийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Хэрэглэгч болон хөгжүүлэлтийн багийн хувьд аль аль талдаа мэдрэмжтэйгээр гүүр болж, дунд нь хэлбийж, живэх эрхгүй нөхцөлд ажилладаг онцлогтой. Баг хамт олондоо хийх гэж буй ажлын зорилго, ач холбогдол, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг юун түрүүнд ойлгуулахыг зорьдог. Мөн өдөр бүр мэдээлэл солилцох богино уулзалтуудыг хийх байдлаар ойлголтоо нэгтгэх, багийн гишүүн бүрийн хийх ажлыг маш тодорхой байлгах зарчмыг өөртөө тавин ажилладаг.
Ажлын цагийн багагүй хэсгийг төвлөрөн сууж судлах, төлөвлөх, дүн шинжилгээ хийх зэрэгт зарцуулдаг. Аливааг системтэй сэтгэх, том зургаар харах чадварыг шаарддаг нь миний хувьд сорилт болохын зэрэгцээ цаг тутамд хөгжих хэрэгцээтэй байгааг минь мэдрүүлж, хурцалж өгдөг.
Мэдээллийн технологийн хөгжлийн давуу байдлыг ашиглаад аливаа үйл ажиллагааг хялбарчлах, нэгдсэн дүрэмд оруулах, хүнд суртлыг халж, нийтэд тэгш хандаж, шударга байдлыг бий болгож байна гэсэн итгэл үнэмшилтэйгээр хамт олон маань ажилладаг. Энэ итгэл үнэмшил маань биднийг нэгтгэж, юутай ч харьцуулшгүй үнэ цэн, бахархлыг түрүүлдэг.
-Сүүлийн үед ямар онцлог, шинэ ажлууд хийгдэж байна вэ?
-Манай баг cүүлийн үед Боловсролын байгууллагуудын цахим төсөв, Үдийн хоолны үйл ажиллагааг хянах цахим систем, цэцэрлэг, сургуулийн элсэлтийн цахим бүртгэл, Дээд боловсролын баримт бичгийг блокчэйн технологиор баталгаажуулах, цахим сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаа, удирдлагын системийн хөгжүүлэлтийн ажлуудыг хийж байна.
Бид шинэ системийг хөгжүүлэхээс гадна хуучин системүүдээ технологийн болон бизнес процессын түвшинд шинэчлэх шаардлага байнга гардаг. Тухайлбал цэцэрлэгийн элсэлтийн үйл ажиллагааг шинэ процессоор дахин хөгжүүллээ. Энэ жил И-Монголиа академи болон Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран элсэх хүсэлтийг хүлээн авах хөгжүүлэлтийн ажлыг амжилттай гүйцэтгэсэн… гэлээ.
С.Отгонлхагва: Боловсролын салбарт байгаа хүн бүрийг холбох зорилготой ажиллаж байна
Систем хөгжүүлэлтийн хэлтсийн нөгөө жигүүрт “Эрдэмнэт” сүлжээний хэлтсийнхэн суудаг ажээ. Тус хэлтэс орон даяарх боловсролын салбарын сүлжээний асуудлыг хариуцдаг байна. Сүлжээгүйгээр цахим шилжилтийг төсөөлөх аргагүй. Намайг очиход тус хэлтсийн дарга С.Отгонлхагва самбар дээр ажлаа төлөвлөн багийнхантайгаа ярилцаж байлаа.
-Манай багийнхан самбар дээр бүх санаагаа бичиж ярилцаад хасаж явсаар сайн санаа, тохиромжтой шийдлийг сонгон авч хэрэгжүүлэхээр ажилдаа ордог. Би аливаа асуудлыг шийдэл болгож харахыг хичээдэг. Тухайлбал түгжрэлд явах цагийг мэдээлэл авах, онлайнаар сурах боломж гэж боддог.
Сүлжээний хүртээмж сайн сургуулийн суралцагч, хязгаарлагдмал сүлжээтэй алслагдсан сургуулийн хүүхдийн сурлагын түвшин, мэдлэг нь харьцангуй ялгаатай байгаа нь дижитал хуваагдлыг бий болгож байна. Ирээдүйд бид эргээд харахад бахархах ажлыг хийхийн тулд боловсролын салбарт байгаа хүн бүрийг холбох зорилго тавин ажиллаж байна. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийг 100 хувь сүлжээнд холбосон. Цаашид сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлж, улсын хэмжээний бүх цэцэрлэг, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд, сурагчдын дотуур байрыг холбохоор ажиллаж байна.
Би хамт олноо хүн болгоны насан туршийнх нь нэгээхэн хэсэг болох боловсрол эзэмшиж, түүгээрээ амьдарлаа бүтээх тэр үйл явцад нь тус болж байгаа нэргүй баатрууд гэдэгт итгэж, өдөр бүр итгэл зүтгэлээр дүүрэн ажилладаг… гэлээ.
Д.Үнэнбат: Мэдээллийн технологийн дэмжлэггүй хөгждөг салбар байхгүй болсон
Цахим шилжилтийн үр дүн нь зөвхөн техник хангамж, программ хангамж, сүлжээ зэрэг дэд бүтцээс шалтгаалах бус түүнийг ашиглах мэдлэг, ур чадвар, чадамж бүхий цахим соёл, төлөвшил, хандлагаар илэрхийлэгддэг учраас цогцоор нь хандахад судалгаа, төлөвлөлт онцгой чухал. Яг энэ сэдвээр Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Үнэнбаттай ярилцлаа.
-Цаг үе хувьсан өөрчлөгдөхийн хэрээр мэдээлэл, харилцаа холбооны технологи хэрэглээ гэхээсээ илүүтэй шаардлага болоод байна. Орчин үед мэдээллийн технологийн дэмжлэггүй хөгждөг салбар байхгүй болсон. Салбарын аль нэг хэсэгт уламжлалт аргаар явж байсан процессыг шинээр цахим хэлбэрт шилжүүлж байхад, өөр түвшинд нь өмнө хийсэн цахим бүртгэл, тооцоолол, хяналтын хэсгийг шинэчлэх ажлууд байнга давхар явагдаж байдаг. Тэгэхээр нэг үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн бол дахин сайжруулалтын ажлууд тасралтгүй байнга хийгддэг гэсэн үг.
Боловсролын бүх түвшний сургалтын байгууллагын төсөв хөрөнгө, хүний нөөц, багш ажилтан, суралцагчийн бүртгэл, ирц, дүн үнэлгээ, үнэмлэх гэрчилгээ олгохтой холбогдсон бүх үйл ажиллагааг системээр хөтлөн явуулдаг болсноор салбарын мэдээллийн санд агуулагдах мэдээлэл маш өргөн хүрээтэй болсон. Одоо бид цуглараад байгаа мэдээллийг зөвхөн батлагдсан загвар маягтын дагуу статистик тайлан гаргахаас илүүтэйгээр шийдвэр гаргалт, төлөвлөлтдөө ашиглах боломжийг хангах чиглэл рүү шилжиж байна. Ер нь цахим шилжилт гэдэг төрийн үйлчилгээг цахимжуулах асуудал гэж дангаар нь ойлгож болохгүй, зөвхөн нэг хэсэг нь гэж боддог. Бид харилцан уялдаа бүхий процесс, мэдээллийн урсгалаа зүй зохистой удирдаж чадвал энэ нь өөрөө цахим шилжилт болж үр өгөөжөө өгнө.
-Боловсролын салбарт ажиллахаасаа өмнө хаана ажиллаж, ямар туршлага хуримтлуулсан бэ?
-Миний хувьд мэдээллийн технологи мэргэжилтэй хэдий ч боловсролын салбарт зургаа дахь жилдээ ажиллаж байна. Би ШУТИС-ийг электроникч мэргэжлээр төгсөхдөө нэмэлтээр сервер, сүлжээний чиглэлээр их сонирхож судалдаг байлаа. Тэр маань ч тухайн үед цахим сэтгүүл зүй, онлайн маркетингийн тэргүүлэгч olloo.mn-д систем админаар ажиллах боломжийг олгосон. Дараа нь Английн Лондон хотод мэдээллийн системийн инженер мэргэжлээр суралцаж, Монголдоо ирээд системийн загварчлал, төслийн менежментийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Боловсролын салбарт орохоосоо өмнө “Төрийн энтерпрайз архитектур боловсруулах”, “Цахим нотариатын системийн архитектур боловсруулах”, Татварын ерөнхий газрын НӨАТ-ын урамшууллын систем (одоогийн ebarimt.mn) боловсруулах зэрэг төслүүд дээр бизнес шинжээч, төслийн зохицуулагчаар ажиллаж байсан.
Ө.Цэндсүрэн: Цахим орчин багшаас агуулга, арга зүйн мэдлэгээс гадна технологийн ур чадварыг шаарддаг
Монгол залуусын бүтээсэн виртуал ертөнцийн нэгээхэн хэсэг нь Medle.mn платформ ажээ. Уг санд өнөөдрийн байдлаар 1892 ээлжит хичээлийн цахим контент, бүх ангийн сурах бичгийн цахим хувилбар, 4140 теле хичээл, 229 интерактив хичээл, 805 виртуал лаборатори байна. Мөн сургалтыг дэмжих эрүүл мэнд, замын хөдөлгөөн, үлгэр зэрэг 152 контент, цахим ур чадварын 261 хичээлийг багтаажээ. Энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байдаг юм байна. Тиймээс Medle.mn платформыг хэрхэн баяжуулдаг талаар ээлжит хичээлийн цахим контентын ахлах зөвлөх, Монгол Улсын гавьяат багш Ө.Цэндсүрэнгээс тодрууллаа.
-Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагч суралцах нийт хугацаандаа заавал болон сонгон судлах хөтөлбөрөөр нийтдээ 16,000 орчим цагийн хичээл судалдаг. Тэгвэл эдгээр хичээлийг заавал танхимаар судлах боломжгүй нөхцөл байдал үүсэхэд боловсролын үйлчилгээ, суралцах үйл явц тасралтгүй байхад зориулж, ээлжит хичээлийн цахим контентын сан бүрдүүлэх ажил хийгдэж байгаа юм. Medle.mn бол эцэг, эх, асран хамгаалагч, багш, суралцагч, иргэд, сонирхогч хэн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй, нөөц сан юм. Энэ бол хоцрогдлыг нөхөх боломжийг бүрдүүлж буй виртуал орчин. Бас багш хөгжлийн талбар юм.
Энэ санд Монголын 37 мянга гаруй багшийн чадварлаг төлөөллүүд өөрийн арга, туршлага, технологиороо бэлтгэсэн сайн хичээлээ ирүүлж байна. Одоогийн байдлаар 3,500 орчим хичээл байршсан болон боловсруулах гэсэн төлөвтэй байгаа. Оны төгсгөл гэхэд 6-8 мянга орчим болгохоор ажиллаж байна.
-Та сая манай чадварлаг багш нар сайн хичээлээ ирүүлж байна гэлээ. Цахим контентыг бэлтгэн ирүүлэхэд багшаас ямар ур чадвар шаардах вэ?
-Өнөөдрийн нийгмийн хөгжил, өнгө аяс, таван жилийн дараах төрхийг ч тодорхойлохооргүй тийм хурдан өөрчлөлт, хөгжлийн шинэ үе ирж байна. Ийм цаг үед ажиллаж амьдрах иргэд өнөөдрийн багшийн гар дээр өсөж ургаж байна. Хүнийг орлодог болох нь. Үнэхээр л өөр цаг үе ирж байна. Тэгэхээр яг одоо хүүхдүүдэд зааж байгаа зүйл маань хэр зэрэг настай байх бол, хэр зэрэг үнэ цэнтэй байх бол гэдгийг ч тунгаах хэрэгцээ үүсэж байна. Багш бол сурагч насанд нь өөрийгөө үлдээж, амьдралд тохиолдох мөч бүрд дурсагдаж байх тэр хүн юм. Цахим орчин багшаас агуулга, арга зүйн мэдлэгээс гадна технологийн ур чадварыг шаарддаг онцлогтой. Эдгээр чадварыг эзэмшсэн олон багш нар манай платформыг баяжуулах ажилд идэвхтэй оролцож, хичээл контентоо ирүүлсээр байна.
Б.Жавзансүрэн: Шаардлагагүй зүйлсэд цагаа үрэхээс зайлсхийж ажилладаг
Боловсролын мэдээллийн технологийн төвд ажиллаж эхлээд удаагүй ч хэдийнэ ажлынхаа гүнд орж, өөрийн гэсэн арга барил, үнэ цэнийг бүтээж эхэлсэн залуусын нэг нь Б.Жавзансүрэн ажээ. Тэрбээр техникийн болон мэргэжлийн боловсролын салбарын удирдлагын мэдээллийн системийг хариуцан ажилладаг байна. Системийнхээ талаар ийнхүү ярилаа.
-Техник, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд 2022 оны гуравдугаар сараас БШУЯ-нд шилжиж ирснээр богино хугацаат чадамжид суурилсан сургалтаас бусад бүртгэлийг манай төв хариуцан ажиллаж байна. Одоо 588 мэргэжлийн чиглэлээр 76 сургалтын байгууллага нийслэл болон хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг. Бид mergejil.mn системээс салган tvets.edu.mn системийг үүсгэж, тус системд шаардлагатай судалгаа шинжилгээг хариуцан ажиллаж байна.
-Залуу хүний хувьд ямар арга барилаар ажилладаг вэ?
-Өөрийн бодлоо бусадтай зөвлөлдөж, шаардлагагүй зүйлсэд цагаа үрэхээс зайлсхийж ажилладаг. Боловсролын салбартаа өөрийн хувь нэмрээ бага ч болтугай оруулчих юмсан гэсэн бодол л тээдэг дээ.
Боловсролын салбарын үйл ажиллагаа, нэр томьёо, бүртгэлийг ойлгох, хариуцан ажиллаж байгаа системүүд дээрээ хэрхэн тусгах, яаж хэрэглэгчдэд амар хялбар, ойлгомжтой байхаас гадна шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг цуглуулах, судалгаа шинжилгээ хийх, ирээдүйд болох өөрчлөлтөд бэлдэх үе шатуудын төлөвлөгөө боловсруулах, хөгжүүлэлтийн явцад сайжруулах санал гаргах, бэлэн болсон системээ хэрэглэгчдэд таниулах, гарын авлага гаргах, бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, сайжруулах санал боловсруулах гэсэн дарааллаар ажилладаг… гэв.
Э.Мөнхчуулга: Бидний ажил боловсролын салбарыг бүрэн цахижуулах зорилготой
Боловсролын мэдээллийн технологийн төвийн оффисоор ороход энд тэндгүй том дэлгэц ширтэж, тоо баримт, тооцоо, судалгаанд шимтсэн, эсвэл программын хэлээр ярилцсан залуус угтана. Тэдний нэг нь Э.Мөнхчуулга юм.
-Би системийн хөгжүүлэгчээр ажилладаг, тэр дундаа газарзүйн мэдээллийн системийн хөгжүүлэгчээр голчлон ажилладаг. Газарзүйн мэдээллийн систем нь энэ салбарын бас нэгэн суурь болж байгаа учраас цахим шилжилтийн хурдыг хэд дахин нэмэх нэгэн гарц шийдэл гэж ойлгодог.
Боловсрол бол олон талын мэдлэг. Тийм ч учраас бид хийж буй системээрээ дамжуулан олон талын мэдлэгийг олгохоор зорин ажилладаг. Бидний хийж хэрэгжүүлж байгаа ажлууд нь боловсролын салбарыг бүрэн цахимжуулах зорилготой томоохон төслүүд юм. Энэ салбарын цахим шилжилтэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын баяртай байна. Боловсролын салбарт ажиллаж, сурч байгаа багш, ажилтан, сурагч, оюутан дүү нартаа чанартай, шинэлэг системийг ашиглуулахаар манай баг ажилладаг… гэлээ.
Ярилцсан: Я.Содномцог
Гэрэл зургуудыг Ё.Буянбилэг
Холбоотой мэдээ