Хятадын Коммунист намын ХХ их хурал энэ сарын 16-ны өдөр болно. Эрх барих төрийн дээд албан тушаалд хэн очих талаар олон таамаг гарч байна.
Улс төрийн товчооны Байнгын хороо нь долоон гишүүнтэй бөгөөд Хятадын хамгийн чухал заавар, шийдвэрийг гаргаж, хэлэлцээрийг хийдэг.
Намын их хурал дөхөхийн хэрээр тус хороо анхаарал татаад буй. “Евразиа” группын үүсгэн байгуулагч Иан Бреммерийн таамагласан дүр зураглалыг энэхүү нийтлэлээр онцолж байна.
ХАЛАА СЭЛГЭЭНИЙ ДҮРЭМ
Байнгын хорооны гишүүн 68 ба түүнээс дээш насандаа дахин томилогдохгүй, 67 насандаа юм уу түүнээс залуу бол томилогдож болохоор 2002 онд журамласан. Энэ дүрмийг хятад ханзаар “долоо дээш, найм доош” гэж нэрлэдэг. Түүнчлэн 2006 он гаргасан түр журамд албан тушаалтнууд нэг албан тушаалд хоёроос илүү сонгогдож болохгүй гэж заасан. Нэг албан тушаалд хоёр удаа дарааллан сонгогдоно гэдэг нь тухайн хүн 10 жил ажиллана гэсэн үг юм.
Тэгвэл өдгөө 69 настай Ши Жиньпин намын ерөнхий нарийн бичгийн даргаар гурав дахь удаагаа сонгогдох нь эдгээр хэм хэмжээг зөрчсөн явдал болох аж. Гэхдээ Ши Жиньпинээс өмнөх таван удирдагчийн ихэнх нь 68 нас хүрснийхээ дараа удирдах албан тушаалд дахин томилогдож байжээ. Тодруулбал, Ху Жинтао, Хуа Гуофэн нар л ингэж томилогдоогүй. Тэр энгийн нэг гишүүн бус ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн утгаараа үргэлжлүүлэн сонгогдох нь тэгтлээ ер бусын зүйл биш аж.
Ши Жиньпинээс бусад жирийн гишүүний хувьд цаашид хэн үлдэх, хэн суудлаа орхих нь ойлгомжтой болоод буй. Тодруулбал, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд 67 настай Ли Көчян, Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны дарга 67 настай Ван Ян, Коммунист намын нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичиг 67 настай Ван Хунин, Сахилгын хяналтын төв комиссын нарийн бичгийн дарга 65 настай Жао Лэжи нар бүгд Байнгын хороондоо үлдэнэ. Тэгвэл Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга 72 настай Ли Жаншу, Төрийн зөвлөлийн ахлах дэд ерөнхий сайд 68 настай Хан Жэн нар тэтгэвэртээ гарах болж байна. Тэдний оронд 59 настай Ху Чунхуа, 62 настай Чен Миньэр нар томилогдох төлөвтэй байна.
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян 2023 оны гуравдугаар сард болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар албан тушаалаасаа бууна, ахин сонгогдохгүй гэдгээ мэдэгдсэн. Ван Ян түүнийг залгамжилж болзошгүй байна. Ши Жиньпин дарга Залуучуудын холбооны фракцаас өөрийн холбоотноо томилох магадлалтай. Гэвч түүний холбоотнуудын хэнд нь ч дэд ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлага байхгүй.
Үндсэндээ Ван Ян, Ху Чунхуа хоёр хамгийн өндөр магадлалтай. Ши Жиньпиний хувьд Ван илүү тааламжтай сонголт байж болох юм.
Байнгын хорооны шинэ бүрэлдэхүүний бараг тал хувийг өрсөлдөгч тал бүрдүүлэх бол Ши Жиньпиний жинхэнэ холбоотон хоёр л хүн байна. Тэр нь Жао Лэжи, Чен Миньэр нар юм. Шанхай хотод дэгдсэн Covid-19-ийг буруу менежментээр зохицуулсаны улмаас нэр хүндээ алдсан Ли Цян зэрэг хүнд орон зай байхгүй болно. Гэхдээ нэг онцлог нь Байнгын хороог долоо бус есөн гишүүнтэй болгож өөрчлөх магадлалтай аж. Хорооны гишүүдийн хэмжээ өөрчлөгдөж болдог.
Ван Ян, Ли Көчян, Ху Чунхуа, Чен Миньэр зэрэг шинэчлэлийг дэмжигч дуу хоолой гарч ирснээр Байнгын хорооны тэнцвэрийг өөрчилж магадгүйг “The diplomat” хуудас онцоллоо. Тэд Хятадын эдийн засгийг илүү либералчлах, прагматизм руу чиглүүлэхэд нөлөөлж чадаж магадгүй юм.
ШИ ЖИНЬПИНИЙ ЭРХ МЭДЭЛ
Ши дарга дээд албан тушаалтнуудын эгнээг өөрийн үнэнч хүмүүсээр дүүргэх эсэхийг олон нийт харж байна. Намын удирдлагын бүтэц нь Ши насны хязгаарыг зөрчиж, өөрчлөхөд хэр бэлэн байгаагаас хамаарна гэж “Think China” сэтгүүлд саяхан нийтэлжээ.
“10 жилийн өмнө Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болсноосоо хойш Ши Жиньпин улс орны дүр төрхийг эрс өөрчилсөн. Эрх мэдлийн төлөөх тэмцлийн өнцгөөс харвал Ши нэлээд амжилттай хэвээр байна. Тэр өөрийн хүмүүсийг сандал суудалд суулгаж, өрсөлдөгчдөө зайлуулахын тулд кампанит ажил эхлүүлсэн. Ши Жиньпин 2018 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хязгаарлалтыг цуцалсан. Тэр цагаас хойш хамтын дарангуйлал нь хувь хүний дарангуйлал болж хувирсан” гэж АНУ-д суугаа Хятадын хүний эрхийн хуульч Тэн Бяо хэлжээ.
Ши Жиньпин Хятадыг дэлхийн тавцан дахь томоохон гүрэн болгоно гэж амласан, олон ч талаар амжилтад хүрсэн гэж “Bloomberg” мэдээллээ. “Хятад улс сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ-ыг гүйцэх эдийн засагтай, хамгийн том тэнгисийн цэргийн флоттой болж, дэлхий даяар олон тэрбум ам.долларын дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулсан. Нөгөөтэйгүүр цахим орчинд тавих хяналтаа чангатгаж, олон нийтийн шүүмжлэлийг таслан зогсоож, лалын шашинтнууд зонхилдог Шинжаан зэрэг цөөнхийн бүлгийн гишүүдийг баривчилж, Хонгконгийн ардчиллын хөдөлгөөнийг дарж байна” гэжээ.
Ши Жиньпин дахин сонгогдлоо гэхэд түүний хамгийн гол төлөвлөгөө бол Коммунист намыг сэргээх явдал юм. Тэрбээр Мао Зэдуны соёлын хувьсгал, цэвэрлэгээний дараа намаасаа татгалзахын оронд намаа сэргээхэд өөрийгөө зориулсан гэжээ.
Коммунист нам нь эмх замбараагүй байдал давтагдахаас сэргийлж чадах цорын ганц байгууллага юм. “The economist” сэтгүүлд нийтэлснээр Мао улс орноо нэгтгэж, Дэн Сяопин цэцэглэн хөгжихөд нь үүрэг гүйцэтгэсэн бол Ши Жиньпин түүнийг нь дахин агуу болгоно гэжээ.
“Ши өмнөх үеийнхэн шигээ АНУ-ыг үл тоомсорлодоггүй. Тэр бол реалист хүн бөгөөд АНУ-д эдийн засаг, цэрэг арми, соёлын асар их хүч чадал бий гэдгийг ойлгодог” гэж “Politico” агентлаг онцолсон байна.
Хятад улс сүүлийн үед дотооддоо болон гадаадад чамгүй олон асуудалтай тулгараад буй. Тус улсын эдийн засгийн өсөлт удааширч, 2022 оны эхний хагас жилийн ДНБ-ий өсөлт 2.5 хувь болж буурсан. Гэтэл жилийн зорилтот үзүүлэлт нь 5.5 хувь байжээ. Залуучуудын ажилгүйдлийн түвшин долдугаар сард 19.9 хувьд хүрсэн. Энэ нь 2018 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Зарим шинжээч эдгээр асуудлыг Ши Жиньпиний гурав дахь таван жилийн бүрэн эрхэд нөлөөлөхгүй гэж үзэж байна.
Дашрамд дурдахад, Хонгконг дахь Бээжинг дэмжигч улстөрч Там Иу Чун намын их хурлын дараа хилийн хоригийг зөөлрүүлж магадгүй гэж хэлжээ. Тэрбээр Хятад дахь эх сурвалжаас энэ мэдээллээ авсан гэв. “Хонгконгийн одоогийн баримталж буй Covid-19-ийн бодлого Хятадынхаас эрс ялгаатай ч Бээжингийн хилийн хоригийг хөнгөвчлөх шийдвэрийг хүндэтгэж байна” гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: THE DIPLOMAT, THE WEEK, DW, THE STANDARD
Холбоотой мэдээ