Монголын багш нарын баярт итгэж зориулав

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

Монголын багш нарын баярт итгэж зориулав

Монголын багш нарын баярт итгэж зориулав

(Хэл бичгийн ухааны доктор Ph.D, Утга зохиол судлаач, зохиолч П.Батхуяг агсны нийтлэлийг
нийгэмд нэхэн сануулж байна)

Нийгэм солигдсоны дараа зориудаар зарим ажил мэргэжлийн нэр хүндийг унагаах шаардлага бий болжээ. Өнгөрсөн нийгмийн хуучин үнэт зүйлс тэдэнд саад тушаа болж байв. Хуучирсан гэж харагдуулах туйлын хүсэл ч байлаа. Олны дунд БАГШ хэзээд нэр хүндтэй. Тэдний үг сургаалаар бүгд хүмүүждэг. Тэд болсон болоогүй ёс суртахуун, хүн чанар ярьдаг. Гэтэл энэ нийгэмд хэн ёс суртахуунгүй байна вэ?

Амжилт, эрх мэдэл, албан тушаалд хүрнэ гэж ухаарч ойлгосон харанхуй хүн сүүдрүүд бий болов. Ингээд л гай саад болж мэдэх БАГШ гэдэг уламжлалт ойлголтыг үгүй хийхээр шийджээ. Бүхий л сурталчилж болох сувгаар багш нарыг хоцрогдсон, бүдүүлэг, харанхуй, жинхэнэ ёс суртахуунгүй мэтээр харуулж эхэлжээ. Харин тэдний оронд мөнгө санхүүчин, заль мэхчингүүдээ “САЙН ХҮН”-ий дүрд тоглуулав. Дээр нь ажил мэргэжлийг ашиг орлоготой, орлогогүй гэж ангилах аргачлал бүтээв.

Хүн ирээдүйд авьяас сонирхолоо бус, ашиг орлого харж ажил мэргэжлээ сонгох хачин байдлыг түгээн дэлгэрүүлж, багш хийвэл ийм ядуу амьдарна гэж бараг л арын уулын арван таван толгойтой атигар хар мангас шиг нэг шинэ дүр БОДЛОГОТОЙГООР бий болгожээ. “Хар, багш нар гэдэг чинь мангасаас ч ядуу амьдарч байна. Чи ингэж амьдрахыг хүсч байна уу?” гэсэн аймшигтай тулгалт олон хүүхдийн хүсэл мөрөөдлийг хааж байлаа. Одоо ч ялгаагүй.

Нэг багш хэн нэгэн хүүхдийн эцэг, эхээс чихрийн цуглуулга авчээ. Бас нэг багш “Баярлалаа” гээд, өгсөн дугтуйтай мөнгийг нь халааслачихжээ. Бөөн сүр дуулиан. Зурагт радио, сонин сэтгүүл орон даяар мэдээлнэ. Зөвтгөх аргагүй үйлдэл мөн боловч цаана нь өнөө шинэ төрөлтнүүдийн “Бид бол ариун цагаан, авлига авдаггүй, ард түмэн та нарынхаа төлөө нуруугаа тахийж, хуруугаа мойнийтол зүтгэж байна. Гэтэл энэ муусайн БАГШ нар авлига аваад" гэж сайн нэрийг нь баллах замаар саар үйлдлээ нуух арга байлаа. Одоо ч байна.

Эсвэл тэсвэр алдсан нэг багш хүүхдийн чих мушгижээ. Энэ бол манай нийгэм дэх хүний эрхийн хамгийн ноцтой асуудал. Гэтэл цаана нь тэд хүний толгой авч л байна. Шударга бус алхам бүхнээ шунал хүслийн ад дэвтэй замаа нуух өнгөрсөн он жилүүдийн хар өдрүүдийн золиосонд багш нар голдуу хэлмэгдсэн гэдэг. Одоо ч хэлмэгдсээр байна. Мэдээж олны дотор сайнтай, муутай. Багш л гэхээр Дашзэвэгийн Сэнгээгийн энхийн цагаан тагтаа биш. Цэндийн Дамдинсүрэнгийн “Чөтгөр” шиг юмнууд бий.

Эд хараад инээдэг, өнгө хараад өлийдөг багш миний амьдралд бишгүй л тааралдаж байлаа. Даанч бараг л багш бүхэн тиймэрхүү зан байдалтай мэтээр олонд итгүүлэхийг олон жил хүсэв. Шалтгаан нь ердөө л БАГШ гэдэг нэрийг муугаар тодруулж, баг зүүсэн амьдралаа бусдаас нуух. Шулуухан үнэнийг хэлээд буруудсан ч хамаа алга. Өнөөдүүлийн зарим арга нь дэндүү нарийн. Улам ч нарийсч байна.

Эцэг, эхчүүдийн гэнэн толгойг “Зөвхөн тоо бодуулах нь баян цатгалан, эрх мэдэлтэй амьдрахын үндэс мөн” гэсэн суртал ухуулгаар угааж байлаа. Одоо ч угааж байна. Үржүүлж, хуваагаад л байвал үржиж хуваагдаад л байна гэсэн хатуу бодолтой, шинэ үе нийгэмд хүч түрэн орж иржээ.

“Ямар багш хамгийн сайн бэ? Тоо боддог л багш” гэсэн санаатай дөвийлгөсөн ухуулга суртал бусад мэргэжлийн багш нарыг шууд л хоёрдугаар байр руу шахжээ. Учир нь нийгэм-түүх, хэл-уран зохиол гэсэн ямар ч хэрэггүй хичээлүүдийн ямар ч хэрэггүй багш нар нэг их ёс зүй, зан заншил, хүн байхын талаар “хуцдаг”. Тэр муу хүн чанарыг чинь ямар идэж уух уу, зарж үрж, ашиг хонжоо олох уу? Яг ийм бодолтой ирээдүй өнөөдөр олон багш нарын өмнөөс хараад сууж байна. Тэдний харц хүүхдийнх учраас бодол санаа нь илхэн байдаг. Заримдаа зүрх үхэх шиг л болдог.

Өнгөрсөн жил 8-р ангийн хүү “Бусдаас илүү сайхан амьдарч байвал ямар аргаар байх нь хамаагүй” хэмээн инээмсэглэн зогсоод хэлж билээ. Ямар ч арга хамаагүй. Энэ хүүгийн үгүүлбэр биш. Харин өнөөдүүлийн амнаас халамцуу үедээ гэр зуураа унагаадаг гэм хортой үгүүлбэр. Нэгэн цэцэрлэгийн багш хүүхдүүддээ аав, ээжийгээ гэртээ юу хийдгийг нь дуурайх даалгавар өгчээ. Нэг хүү жүжиглэж байна. Гэртээ орж ирээд, ширээнийхээ ард суугаад, өврөөсөө мөнгө гаргаж ирээд, гараа нулимаад л тоолоод суусан гэдэг. Өөр юу ч хийгээгүй гэнэлээ. Зарим хүний амьдрал мөнгө тоолох дээр л оршин тогтнож байна.

Өнөөдүүлийн нэг хэсэг нь цүнх барих, нам дагах дамжаанд сураад завгүй учраас БАГШ аав, ээжийнх нь үнэн нүүр царай, жигшмээр байдал, амьдрал тэмцэл, үнэн худлын тухай ярилгүй, алгебр томъёо, анатоми физик л бодуулж байх ёстой.

Сайн багш нар хүүхдүүдэд хайр сэтгэл, үзэн ядалт, шударга үнэн, хайрлан энэрэхийн утга учир гэсэн дэмий зүйл ярьж, муу нөлөө үзүүлнэ. Ширээ тойруулж суулгаад, тоо бодуулж, гол нь чимээгүй л сууж сурах, чимээгүй л бодож сурах гэсэн алсын зорилготой, алсын тусгалтай Хойд Солонгосын пуужин шиг юм олон жил багш хүүхэд хоёр руу зэрэг харваж байна. Харвасаар ч байна.

Төсөл амжилттай хэрэгжлээ гээд дарга нэртэй өнөөдүүл гуагалаад байдаг шиг бодлого үнэхээр амжилттай хэрэгжжээ. Эхлээд багш муу нэртэй байх. Хүүхдүүд тийм муу нэртэй, луу данстай, дээрээс нь атгаалжин хар мангас шиг арчаагүй ядуу юмнуудад хэзээ ч итгэхгүй. Итгээд л эхлэх юм бол бидний босгосон хуудал хуурмагийн “их цагаан хэрэм” нураад, өөрсдийг минь дарж алж мэднэ. Тиймээс БАГШ гэдэг нэрийг БАГС болтол нь үнэгүйдүүл.

Чухам чин сэтгэлээсээ баяр хүргэе. Сэтгэл зүрхний боловсролгүй сэтгэн бодогчид, итгэл үнэмшлийн суурьгүй “салаавч” үзүүлэгчдээр дүүрэв. Ингэх гэж л энэ олон жил боловсролыг бантан, багш нарыг тантан болгов.

БАГШ гэдэг нь одоогийн ойлголтоор үйлчилгээний ажилтан. Харин бизнесийн түгээмэл суурь зарчмаар бол үйлчлүүлэгч ХААН. Сурагч нь ХААН, багш нь үйлчилгээний ажилтан. Тэд заах ёстой, заавал ойлгуулах ёстой, таны хүүхэд тааруу сурах ёсгүй. Таны хүүхэд тааруу сурж байгаа нь таны, эсвэл хүүхдийн буруу биш. Гагц багшийн буруу. Учир нь багш гэдэг чинь үйлчилгээний нэг муу ажилтан. Ийм л үнэлэмж, ийм л ойлголт өнөөдөр газар авч байна.

Хөрөнгө чинээтэй өнөө ёс зүйгүй “дээшилсэн” бүлгийн эцэг, эхчүүд багш нарыг яаж хардаг, яаж харьцдагийг би гадарлана. Уншиж байсан ном зохиолд газрын эзэн, тайж ноёд, хөрөнгөтнүүд л хөөрхий боол зарц нараа тэгж хардаг, харьцдаг гэж бичсэн байдаг байж билээ, хөөрхий.

Урьдын цагт бол “Оньсыг тайлан эрдмийн хаалгыг нээж өгч та” гээд жолоочоос, жолоодогчийг хүртэл төрүүлсэн” энэ тэр гээд бишгүй магтсан. Мэдээж магтуулах сайхан. Хүндлэл хүлээх сайхан. Үнэндээ ч одоогийнх шиг БАГШ БАГС биш, БАГШ байлаа. Гэтэл өнөөдөр хэн дуртай нь тэднийг өөрийнхөө дуртай өнгийн будганд дүрээд юу дуртайгаа сараачихыг хүсч байна. БАГШААР БАГС хийгээд үнэт зүйлгүй, мөн чанаргүй, амь чанаргүй, ХҮН гэгдэх ч хүйтэн биетэй, нойтон санаатай тооны машинууд олноор үйлдвэрлэхийг санаархаж байна. Үйлдвэрлэж ч байна.

Хэдхэн хоногийн өмнө хөршийн франц эр толгой сэгсрэн асууж билээ. “Яагаад танайхаар дүүрэн Америк, Хятад, Солонгос сургууль дүүрэн байгаа юм бэ. Та нар хүүхдүүдээ Монгол байлгахыг хүсдэггүй юм уу” гэв. Хэлэх үг олдохгүй, зүрх сэтгэл хэчнээн хөндүүр байсан гэж санана. Гаднын хүн гарцаагүй үнэнийг олж хараад гайхсандаа асуусан хэрэг.

Тийм ээ, тэд өөрийн үр хүүхдүүдээ МОНГОЛ байлгахыг хүсэхгүй. Учир нь удахгүй тэд бөөнөөрөө энд биш тэнд очиж амьдарна. Харин энд тэд биш бид муу нэртэй хэдэн багш үнэн шударгыг хайсаар гагцхүү хардах сэтгэлээр л хангалуун хоцорно. Бод доо, 1990 оны гял цал АРДЧИЛЛААС минь одоо юу үлдэв. Ганцхан хардах эрх.

ЖИЧ. Харин ТЭД гээд байгаачуулыг та бид өдөр бүхэн зурагтаар өнгөтөөр хардаг билээ.

ЭЦЭСТ НЬ ЯДАЖ Л ХАРДАХ ЭРХ ҮЛДЭЭСЭН АРДЧИЛАЛ ЧАМДАА БАЯРЛАЛАА.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ (1974-2022)

Монголын багш нарын баярт итгэж зориулав. 2020 он

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж