Түгжрэлээс гарах иргэдийн шилдэг саналыг дугуйгаар шагнана гэв

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

Түгжрэлээс гарах иргэдийн шилдэг саналыг дугуйгаар шагнана гэв

Түгжрэлээс гарах иргэдийн шилдэг саналыг дугуйгаар шагнана гэв

Нийслэлийн автозамын түгжрэлийг арилгах түүхэн шийдвэр гаргаж, олон тэрбум төгрөгийн төсөв батлуулснаа Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн онд танилцуулсан. Үүнээс хойш 10 сар өнгөрөх хугацаанд нийт есөн багцын ажлын явц үргэлжилж байгаа ч дорвитой ажил хэрэг болж үр дүн гарсан нь ховор. Хугацаа өнгөрч, 420 тэрбум төгрөгийн сураг түгжрэл арилгах хөтөлбөртэй хамт замхарч, үүний оронд сууриар нь бус, түр аргацаах хэлбэрээр шийдэж байгаад иргэд бухимдаж байгаагаа илэрхийлж буй.

Тухайлбал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч өөрийн цахим хуудастаа иргэдээс санал авч, хамгийн их хандалт авсан саналыг унадаг дугуйгаар шагнана гэлээ.

Энэ нь олон хүний дургүйцлийг хүргэв. Учир нь нийслэлд тусгайлан төсөвлөж өгсөн ажилд гаргалгаа олохдоо ийнхүү арга ядсан мэт аашилж байгаа нь зохимжгүй гэж үзжээ. Угтаа нийслэл хотын он, оны төсөвт түгжрэл бууруулах багц хөтөлбөр, зохицуулалт тусгаж их хэмжээний төсөв батлуулдаг. Гэвч дорвитой үр дүн гардаггүй учрыг оны эцэст нийслэлийн иргэдийн автомашин өссөнтэй холбон тайлбарладаг. Энэ удаа ч мөн дээрх жишиг давтагдах магадлалтай.

Нийслэлийн төсвөөр хийгдэх ажлууд тодорхой судалгааны дагуу бодит ажил болдгийг албаны хүмүүс онцолсон. Тиймдээ ч түгжрэл бууруулах 420 тэрбумын тодорхой хэсэг судалгаа, зөвлөгөөд чиглэж буй юм. Сүүлийн жишээ гэхэд Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж нь Авто замын түгжрэлийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих гадаадын зээл тусламжид шаардагдах техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээний ажилд тендер зарласан.

Хоёр удаа зарлагдсан уг тендерийн хугацаа дууссан ч оролцогч тал дахин байгаагүй юм.

Энэхүү зөвлөх үйлчилгээ Монгол Улсад хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа гурван том олон улсын төслийн хүрээнд гэрээ байгуулах, олон улсын тендерийн баримт бичиг бэлтгэх зэрэг ажлыг гүйцэтгэх юм байна. Тухайлбал, хөнгөн галт тэрэг (LRT), шинэ тойрог зам зэрэг төслүүдийн хүрээнд олон улсын тендерийн баримт бичиг боловсруулах, дээрх төслүүдийн ТЭЗҮ-г хууль, эрх зүй, олон улсын стандартын дагуу хийж боловсруулсан эсэх зэргийг анхаарах аж.

Ийнхүү төсвийн мөнгөөр үргүй зардал гаргахаар төсөвлөсөн нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа ч нийслэл төсөвтөө заавал гүйцэтгэгч олохоор ийн тендерүүдээ зарласаар байна. Харин эдгээр олон тэрбумын ажлууд үр дүнгээ үзүүлж хараахан эхлээгүй тул иргэдийн төлөөлөгчид нь дараагийн гаргалгааг хайж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж