Хуучирсан мэдээ: 2022.10.06-нд нийтлэгдсэн

А.Очирболдын ТУРШИЛТ

А.Очирболдын ТУРШИЛТ
Ган төмрийг мяндсан утас мэт холбон, бурхны хөргийг урлажээ. Бурхны мэлмийгээс гэрэл цацрах агаад ойртон харвал толины тусгалд өөрийгөө олж харна. Нийгмийн стресс бухимдалтай энэ цаг үед бидэнд өөрийнхөө дотоод ертөнц рүү нэг өнгийж харахыг санал болгож буй мэт сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлэх аж.
Цацрах гэрэл, сүүдрийн ойлт яг л сахиусан тэнгэрийнх шиг үзэсгэлэнтэй…Нэг тийм гүн гүнзгий, анир чимээгүй, хязгааргүй хоосон орон зайд умбах мэт.
Үзэсгэлэнгийн танхимын гол хэсэг зэвэрсэн төмрөөр хүмүүний дүрсийг холбон нэгэн цул болгон гагнажээ. Хүн төрөлхтөн бие биеэсээ хэт хамааралтайгаар амьдарч, гинжин хэлхээг үүсгэнэ. Ингэхдээ хүний амьдралыг гол утга учир алдагдаж буйг чангаар хашгирна. Нийгмийн бүхий л муу муухай шалан дээр хар толбо болон үл арилна.
Уран барималч архитектурын шийдлийг оруулж, шулуун шугамуудыг дөрвөлжин куб дүрсэнд оруулж өгснөөрөө онцлог. Ингэхдээ төмөр, хар лак ашигласан нь өвөрмөц.
Уран барималч А.Очирболдын нэрийн хуудас бол "Ухамсар" бүтээл. Тиймээс эдгээр бүтээлд ухамсрын философи, хэлбэр дүрс шингэсэн байв. Тэрбээр хүний ертөнцөд тайлагдашгүй нууц гэж бий. Тэр нууцыг хүн хэзээ ч тайлж чадахгүй гэдгийг энэ удаагийн үзэсгэлэнгээрээ өгүүлэхийг хүсчээ. Мэдээж ямарваа уран бүтээл хоёр талтай байдаг. Түүний уран бүтээлийг өнөөгийн нийгэм цаг үетэй холбон тайлбарлах нь ч бий гэдгийг хүлээн зөвшөөрнө.
Тэр энэ удаагийн үзэсгэлэнгээ туршилт гэв. Тиймээс ч түүний үзэсгэлэн, уран бүтээл нь нэргүй. Тэр үргэлж шинийг эрэлхийлдэг уран бүтээлч. Одоо ч уран бүтээлийн эрэл хайгуулаа хийж яваа.

Тэрбээр "Учир нь Монголын галерейд янз бүрийн бодис асгаж, уран бүтээл хийхийг зөвшөөрдөггүй. Гэтэл "Бий контемпорари арт" галерейгаас замын хар лак хайлуулахыг зөвшөөрсөн учраас өмнө нь бодож байсан бүтээлээ туршилт маягаар хийсэн. Уг нь хүн гайхашруулахаар том танхимд хийвэл сүртэй харагдана.

Гэвч урлагийг тэгж дэмжих компани, хувь хүмүүс алга. Мэдээж "Ухамсар" бүтээлийн дүрснүүд явж байгаа ч миний хэлэх гээд буй санаа бол туршилт" гэсэн юм. Үнэхээр түүний үзэсгэлэн дахин давтагдашгүй. Тэрбээр өмнө нь гүзээ, соронз, төмөр ашиглаж байсан бол энэ удаа хар лакыг уран бүтээлдээ туршжээ. Түүний туршилт амжилттай болсон бөгөөд тэр гагцхүү хэрхэн цааш нь үргэлжлэх бол гэдэг асуултын хариултыг эрж хайна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж