Цөвүүн цагийн төр, цөхөрсөн иргэд…

Хуучирсан мэдээ: 2022.10.06-нд нийтлэгдсэн

Цөвүүн цагийн төр, цөхөрсөн иргэд…

Цөвүүн цагийн төр, цөхөрсөн иргэд…

Ахмадын баяраар эмнэлгүүд төв талбайд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулав. Хөөрхий настнууд маажигнасаар очицгоов. Эмнэлгийн тусламж авахдаа байнга царайчилж, загнуулж, зандруулдаг тэдэнд нэг удаа ч болов инээмсэглэсэн царай, эелдэг үйлчилгээ үзүүлсэн болохоор дуртай очсон нь тэр. Н.Энхбаярыг “хаан” байхуйд бодож олсон “нээлттэй хаалга”-ны өдрийг одоо хэр нь төрийн байгууллагууд энэ мэт хийх авай. Зүй тогтлоороо бол нэг өдөр хааж, бусад өдөр нээгдмээр. Төр тагнуулын байгууллага шиг, иргэд тагнуулч шиг болоод уджээ.

…Автобуснаасаа хоцорсон охин амжих суух гээд дагаж гүйсээр мөргүүлсэн хэрэг гарчээ. Охин буруутав. Жолооч цалингаа хасуулав. Төрийн холбогдох байгууллагын шийдвэр энэ. Охин эрүүл мэндээрээ хохиров. Хэрэвзээ иргэдээ боддог үйлчилгээтэйсэн бол охин бэртэхгүй, жолооч цалингаа хасуулахгүй.

…Авлигатай тэмцэх газрын ХОМ-ээ худал мэдүүлсэн албан хаагчийг цалингийн хувиар торголоо, албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг хүргүүллээ гэсэн мэдээлэл гарах бүрт гайхдаг байлаа. Бүхэл бүтэн дүүргийн төсвийг захиран зарцуулж буй этгээд цалингийн 20-хон хувиа хасуулаад хөрөнгө, орлогоо худлаа мэдүүлсэн нь дээр биз дээ. Энэ мэтчилэн "авлига авсныг тоглоолоо", "тэдэн төгрөг авсан нь тогтоогдсон гэхчилэн зарлаад л байдаг. Гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтооно гэсэн Үндсэн хуулийн заалттайсан. Анзаараад байхад энэ байгууллага их олон шидтэй. Авлигатай тэмцэх, нийгмийг соён гэгээрүүлэх, хэрэгт холбогдогчийг нийгмээр яллуулж, цагаатгуулах, өөрсдийнх нь санаснаар шийдээгүй тохиолдолд олон нийтээр зүхүүлэх гээд ажиллагсад нь Жигжид бурханаас ч олон мутартай гэлтэй.

Хамгийн сүүлд тэдний бас нэгэн авъяас илэрсэн нь өр барагдуулах. Авлигатай тэмцэх газар өнгөрсөн есдүгээр сарын 28-ны байдлаар эрүүгийн хэргийн улмаас учирсан 2.4 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн аж. Алга ташууштай. Тэрхүү албан мэдээлэлд нь, “Хөгжлийн банкны 48 зээлдэгчээс 766.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ”гэж ч байх шиг. Гоё тайлбарлаж байгаа юм шүү. Угтаа бол төрийн албан хаагчдын учруулсан хохирол бололтой юм. Төрийг “хүчирхийлж”, түүнээсээ таашаал авсан нөхдийг сургаад өгч гэж ойлгоно уу, албан тушаалтнууд хууль бусаар ийм их мөнгө завшчээ гэх үү өөрсдөө мэд. Ямартай ч АТГ мундаг байна аа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг татан буулгавал яасан юм бэ гэж бодмоор. Гэтэл энэ байгууллагын үндсэн чиглэл нь авлигатай тэмцэх. Энэ төрлийн индексийг харахаар ухарсаар байна. Дэлхийн 180 орноос 87-р байрт орж авлигын индекс эрх баригчдыг гарч ирсэнээс хойш шууд 16 байраар хойшилж 103-т орсон. Өнгөрсөн жил 111-р орсон байх жишээтэй. Сүүлийн хоёр жилд байрандаа тогтсон гэж манайхан хөөрөөд л байдаг. Авлига гаарсан гэж намар, хаврын чуулганаар УИХ-ын дарга гаслаад л харагддаг. АТГ бол ердөө жишээ.

…Ер нь Монголын төрийн байгууллагууд их элдэвтэй. УИХ хууль тогтоох байгууллага атал хянан шалгах хороодуудтай. Гүйцэтгэх засаглал гэчээд УИХ-аа удирдаад байх жишээтэй. Дарханы замаар жишээлбэл, Зам тээврийн хөгжүүлэх яам нь нэрээ солимоор. Батлан хамгаалах гэчээд байлдагчдынхаа ам нас, эрүүл мэндэд халдаад байх. Эсвэл ажил хийлгээд зараад байх. Гэтэл жинхэнэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих яам нь ажилгүйдэлд тэтгэмж олгоод байдаг. Нийгмээ хамгаална гэчээд халамжаар хямруулах жишээтэй. Ингээд бодохоор шинээр байгуулсан цахим хөгжил, эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулсан нь буруудчих шиг.

Хамгийн сүүлд иргэдээ "орлогогүй болгоно" гэдгээ эрх баригчид зарлав. Намын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан “Орлоготой иргэн” хөтөлбөрийг удахгүй ирэх жилээс хэрэгжүүлэх нь. Түүгээр барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чаддаггүй иргэдэд “Итгэлийн зээл”-ийг олгох агаад Монголбанк мөнгө зээлийн бодлого боловсруулж байгаа аж. Сайхан санаа. Гэхдээ “ул” яриад буусан сайдын мэдэгдээд байсан шиг шинээр бий болсон компанид зээл олгоно гээд байсан нь энэ бололтой. ЖДҮ-ийг дэмжих сан, Хөгжлийн банкны жишээнээс харвал өөдтэй зүйл болох нь юу л бол. Үүгээр зогсохгүй төр ирэх жилээс хувийн хэвшилтэй өрсөлдөж эхлэх нь. Төр оролцож, хяналт, шалгалт нэрийдлээр махны үйлдвэрүүдийн хаалгыг барьж, үйл ажиллагаанд нь нөлөөлсний гайгаар Хятад руу экспортлосон 9800 тонн мах муудсан учраас буцааж байх жишээтэй.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн үйл ажиллагаанаасаа нэмэлт орлого олж, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эрхийг нээсэн эрх зүйн шинэчлэл хийх цаг болсон гэж үзэж байна. Төсвийн байгууллагууд орлого олж цалингаа нэмэх эрх зүйн орчин боломжийг бүрдүүлэх, улмаар татварын бааз суурийг өргөтгөн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулах явдал гэж үзэж байна” гэсэн юм.

Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх ёстой байгууллагууд орлого олж эхлэх нь. Иргэд, аж ахуйн нэгж асуудлаа шийдүүлэхийн тулд, төрийн үйлчилгээг хямд, шуурхай, хүртээмжтэй авахын тулд татвар төлж тэднийг цалинжуулдаггүй бил үү? Татварын бааз суурийг өртгөтгөн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх гэхээр өнөөдөр авч буй татвараа улам нэмэгдүүлэх  л тухай хэлээд байна. Татвар нэмэгдэхээр орлого буурна л гэсэн үг. Эцсийн дүндээ “орлоготой иргэн”, “татварын таатай орчныг бүрдүүлнэ” гээд байсныхаа яг эсрэг л бодлого боловсруулаад байх шиг. Авлигын төгс модуль гээч энэ биш гэж үү? Хүмүүсийн өрөвч сэтгэл дээр дөрөөлөн нялх хүүхдээ тэврэн гуйлга гуйж мөнгө олоод архи аваад уучирдаг, уусан архиных нь шилийг тушааж зүсэм талх авсан эхнэр, хүүхдээ "Би архи уухгүй бол яаж амьдрах байсан юм бэ" гэж өвчигнөдөг архичин шиг л Монгол төр аашилж байна.

Төр улам эрх мэдлээ нэмэгдүүлж, данхайж, бизнес рүү хүртэл дайрах тухай л ярьдаг боллоо. Төрийн бодлого царцжээ. Тэднийг ямар нэгэн шийдвэр гаргах тоолонд иргэд барайдаг боллоо. Төр асуудлыг хүчээр шийдэх гэж оролдох тоолонд л аливаа зүйл зөв голдирлоо алддаг нь жам болон тогтов. Тиймээс төрийг аль болох цомхон бүтэцтэй, ухаалаг шийдэлтэй байхыг хүн төрөлхтний туулсан замнал харуулдаг. Харин манайд яг л эсрэг яваад байх шиг. Монголыг улам бүр өрсөлдөх чадваргүй болгож, иргэдийн туйлдуулж, аж ахуйн нэгжээ сөхрүүлэх л санаачлагыг тэд гаргах болжээ. Тиймээс тэмцэнэ, хөгжинө, хянана, цагдана гэсэн бүтцүүдээ үгүй хийчихвэл бүх зүйл болчих гээд байх шиг.

Нийгэмд гэмт хэрэг, ядуурал, өвчлөл, авлига эндэгдэл өргөжин хүрээгээ тэлсээр. Иргэдийн эрх чөлөө, бизнесийн орчин, цалин, орлого хумигдан хорчийсоор.  Төрийн байгаа бодлогын царааг илтгэх үзүүлэлт бүхэн базаахгүй гарч байна. Харин иргэдийн гал цог буурч, царай  барайсаар…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж