"Өрөө төлчихсөн гээд хариуцлагаас мултрах ёсгүй, ядаж ёс зүйн хариуцлага гэж бий" | News.MN

"Өрөө төлчихсөн гээд хариуцлагаас мултрах ёсгүй, ядаж ёс зүйн хариуцлага гэж бий"

"Өрөө төлчихсөн гээд хариуцлагаас мултрах ёсгүй, ядаж ёс зүйн хариуцлага гэж бий"

 

Хөгжлийн банкны хэрэг. Монголын санхүүгийн түүхэнд хамгийн их мөнгөн дүнтэй (1.8 их наяд төгрөг) энэ хэрэгт Ерөнхийлөгч асан, Ерөнхий сайд асан нар, УИХ-ын хэдэн хэдэн гишүүд оролцсон гэгдээд байна. Энэ хэрэгтэй эхнээс нь тулж ажилласан, анх задалж “шүгэл үлээсэн” Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа.


"Зээлээ төлье өө, төлөх график, хугацаа гаргая" гээд тухайн компанийн захирал чих нь зөөлөрсөн хүрээд ирнэ. Гэтэл харилцаад үзэхээр өнөөх маань үнэндээ шийдвэр гаргах ямар ч мэдэлгүй хүн болж таардаг. Зүгээр гарын үсэг зурдаг захирал. Араас нь жинхэнэ эзэн ирнэ ээ. Тэр компанидаа цаасан дээр бол эрхзүйн ямар ч хамааралгүй байх жишээтэй. Гэх мэт яриад дуусахгүй.

-Энэ ярилцлагаар бид Хөгжлийн банкнаас хэн хэдэн төгрөг завшсан тухай тоо баримтыг нэг их ярилцахгүй. Хэвлэлээр зөндөө гарчихсан. Та Хөгжлийн банкны захирлаар ажиллаад нэг жилийн хугацааг өнгөрөөжээ. Тэгэхээр өнгөрсөн нэг жилд чухам юу болов гэдэг түүхийг сонсмоор байна. Банкны захирлаар яаж томилогдсон бэ. Энэ банкины асуудлыг хэдийнээс мэддэг байв?

-Сангийн сайд С.Жавхлан 2021 оны нэгдүгээр сард ажлаа аваад, Сангийн яаманд ажилласан туршлагатай гээд намайг Санхүүгийн бодлогын газрын даргаараа тавьсан юм. Тэнд ажиллаж байхад Хөгжлийн банк гэдэг удахгүй тэсрэх нэг бөмбөг бий гэж дуулддаг л байсан. Хөгжлийн банкны захирлыг сонгон шалгаруулах гээд лист үүсгээд ажиллаж байтал сайд нэг өдөр дуудаад “Чамд улс төрийн янз бүр хамаарал сүлбээ байхгүй учраас тэндхийн юмыг засаж цэгцлэхэд яг таарна. Чи өөрөө оч” гээд 2021 оны 8 сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

-Заа ажлаа авлаа. Хүрээд ирсэн чинь Хөгжлийн банкны байгаа байдал нь ямархуу байх юм?

-Газрын захирлуудын дийлэнх нь намайг дэмжихгүй байгаа нь илт харагдсан, энэ нөхөр яах бол гэсэн байдалтай. Хэсэг ганцаараа шахуу ажилласан. Зарим мэдээллийн худал, үнэн нь мэдэгдэхгүй. Банкны бүтцийг нь шинээр зурж, Төлөөлөн удирдах зөвлөлд оруулж батлуулж явсаар байтал 9 сар гарчихсан. Банкныхаа менежментийн багийн удирдлагуудыг дийлэнхийг сольсон. Дараа нь банкны дүрмээ Засгийн газрын хуралдаанд оруулж өөрчлөх гэжхоёр сар зарцууллаа. Дүрмээ өөрчлөхтэй яг зэрэгцүүлээд Монголбанканд хүсэлт гаргаад Хөгжлийн банканд санхүүгийн шалгалт оруулж, өмнө хийгдсэн хамаг жонхууг баталгаажуулж авлаа. Ингээд л 2022 оны 1-р сарын дундаас эхлээд санхүүгийн мэдээллийг нь задалж, болохгүй бүтэхгүй бүхнийг олон нийтэд дэлгэх процессыг эхлүүлсэн юм.

-Наймдугаар сард томилогдоод, бүтэц, дүрмийг нь өөрчлөөд санхүүгийн шалгалтыг хийлгээд дуусгасан гэхээр овоо хурдтай явж дээ. Уг нь хүмүүс "Ажилтайгаа танилцах" нэрийдлээр уддаг биз дээ?  

-Санхүүгийн байгууллагууд, Сангийн яаманд ажилласан туршлагатай болохоор банканд шинээр танилцах юм их байгаагүй ээ.  Ажилтайгаа танилцана гэдэг нь минийхээр бол өмнө энэ банканд яг юу болов, зээлээ хэрхэн гаргаж байв, тэр айхтар чанаргүй зээлүүдийн түүх яаж эхэлсэн юм, энэ банк ямар үзүүлэлттэй байна зэрэг ойлголтууд л байсан юм. Багаа яаж бүрдүүлэх, хэнийг үлдээж хэнийг явуулах вэ гэдэг дээр бас жаахан цаг орсон л доо.

-Төрийн албанд орсон хүмүүсийг харахад хоёр янзын сонголт хийдэг. Нэг бол ажил хийдэг, нэг бол чимээгүй байж байгаад явчихдаг. Та яагаад энэ өр зээлийг төлүүлэх гээд зүтгэж эхэлсэн юм?

-Томилогдоод дөрвөн сарын хугацаанд чанаргүй зээлдэгчдийг дуудаж уулзсан юм. Дийлэнх нь арга саам сүвэгчлээд, бултаж булзааруулаад эхэлнэ. Шүүх дээр ч Хөгжлийн банкийг төлөөлж очсон манай хүмүүс өөрсдөө өр төлүүлэх асуудлыг сайн анхаарахгүй байгаа нь дуулдаад эхэлсэн. Урагшилж өгдөггүй. Ингээд зөвхөн шүүхдээд явбал хэзээ ч энэ банкны чанаргүй зээлийг шийдүүлж чадахгүй, банкаа дампууруулах юм байна гэж хатуу ойлгосон доо. Өр төлүүлэх өөр ямар хөшүүрэг байж болох вэ гэсэн нь олон нийтэд зарлаад, олон нийтийн дэмжлэг хүсэх. Чанаргүй, том зээлдэгч нар бүгд улстөрийн артай, олны танил хүмүүс учир анхаарал татахаас аргагүй. Зүгээр ч палхийтэл зарлачихаж болдоггүй, зарим эрсдэлийг тооцох ёстой байлаа. Юуны түрүүнд банкны тухай хуулиар харилцагчийн мэдээллийг нууцлах ёстой, гэхдээ манайх Банкны тухай хуулинд хамаарагддаггүй, өөрийн тусдаа хуультай учраас "болно" гэж дүгнэсэн. Бас манайх хадгаламж татаж зээл гаргаж ашиг олдоггүй, гадны эх үүсвэрээс санхүүжилт босгож зээл олгодог. Тиймээс улстөрийн артай том зээлдэгч нарыг зарлалаа гээд арилжааны банк шиг “итгэлцлийн” асуудал үүсэхгүй. Хамгийн гол нь нийтэд зарлахад улс төрийн янз бүр асуудал үүсэж, гадаадын хөрөнгө оруулагч талдаа буруугаар ойлгогдох, дараагийн зээлүүдээ алдах аюул байсан. Товчхондоо нийтэд зарлаж аз туршихгүй чимээгүйхэн хуучнаараа явсаар хана тулж дэлбэрээд сөнөх, эсвэл нийтэд зарлаж, сайн муугаа мэдэлцээд, зөв менежментээр өрөө төлүүлж, гадаадын спонсоруудтай ойлголцоод явах гэсэн хоёр сонголт байсан. Болгоно, чадна гээд сүүлийнхийг нь сонгосон.

-2022 оны 1-р сард болсон процесс руу оръё. Чанаргүй зээлдэгч нарын заримыг нь Иргэний шүүхэд өгчихөж. Бусад бултаад байгаа том зээлдэгч нар дээр өөр арга хэрэглэхгүй бол болохоо байж. Ингээд зарлахаар шийджээ. Зарлахаасаа өмнө Засгийн газартай зөвшилцсөн үү?

-Өөрөө шийдчихээд тулгаад хэлчихсэн л дээ. Ерөнхий сайд шууд дэмжсэн, намын зүгээс ч засгийн зүгээс бүх талаар бүрэн дэмжье гэсэн. Хөгжлийн банкны чанаргүй том зээлүүд бүгд цаанаа улстөрчидтэй холбоотой байсан, ямар нэг байдлаар хэн нэг нь тэднийг зарлах л чухал байсан. Ингээд 2022 оны нэгдүгээр сард хэвлэлийн хурал хийгээд чанаргүй зээлтэй компаниудыг зарласан. Тэр үед шуугих сэдэвгүй байсан уу, хэвлэл, олон нийтийн сүлжээгээр санаснаас илүү шуугиан тарьсан. Ажил удаашраад, огт хөдөлж өгөхгүй байсан учраас нийтэд зарлаж, олны анхааралд оруулж байж өр төлүүлэхэд ахиц дэвшил гарсан. Хуулийн байгууллагууд ч улам идэвх ороод, илүү их цаг хүч гаргаад эхэлж байгаа юм.

-Дуудаж уулзаад ч тоохгүй байсан зээлдэгч нар сандралдаад эхэлсэн гэсэн үг үү?

-Тийм. Тэгж байгаад л орхичихож биз гэсэн хандлагатай зээлдэгчид олон байсан. "Эрэлийн Эрдэнэбат нар нь төлөхгүй байхад би яагаад төлөх ёстой юм" гээд барьцах нөхдүүд ч байгаад байсан. Үйлдвэр барих зээл авчихаад хадгаламж зээлийн хоршоонд өгч хүүлэх, барилга барьж ашиг гаргаад л дур дураараа явцгааж байсан даа.

– Нэр нөлөө бүхий сэтгүүлчид оролцоод л, Төрийн ордонд нам, төрийн том дарга нар хэлэлцүүлэг хийгээд л, гэнэт бүгд Хөгжлийн банканд анхаарал хандуулаад л, Хөгжлийн банкны асуудал МАН-ын зорилго чиглэл маягтай болоод эхэлсэн?  

– Манай Лодой, Өнөрөө хоёр бол эхнээс нь дуустал маш зоригтой, идэвхтэй дэмжсэн дээ, сайн ажилласан, өөрсөд дээрээ ч гал авсан байх. Үнэхээр талархдаг. Бусад хүмүүс ч бухимдаад өөрсдийн сайн дураар дуу хоолойгоо илэрхийлж, өр төлүүлэх гээд хөдөлж эхэлсэн. Бас хамгийн түрүүнд МАН-ын удирдлагын зүгээс “Бид Хөгжлийн банкны асуудалд анхаарал тавина шүү” гээд мэдэгдсэн. Сарын өмнөхөн МАН 30-р их хурлаараа авлигын эсрэг том зорилт тавьчихсан байлаа. Тэр утгаараа МАН шинэчлэгдэж байгаа, шинэ замаар явж байгаа, залуучууд нь өөр болсон гэдгээ харуулахад нь Хөгжлийн банкны өр төлүүлэх процесс нэг чухал кэйс нь болж үлдэхээр байсан байх. Ямартай ч хуулийн байгууллагууд, улстөрийн болоод төрийн байгууллагууд бүгд энэ сэдэв рүү орж ирсэн.

-Олон хүн яарч сандран өрөө төлөөд эхэлцгээсэн. Зарим нь нэг УИХ гишүүд нэг өдрийн дотор хэдэн тэрбум төгрөг төлчихсөн. Танай дансанд маш их мөнгө цугларсан. Эднээс ахиад хоёр асуулт урган гарч байна. Нэгт, цугларсан тэр их мөнгийг төсвийн алдагдал нөхөх зэргээр улстөрчид өөр юманд зарцуулчихгүй байгаа? Хоёрт,танай банкныхан чанаргүй зээл төлүүллээ гээд бонус шагнал авсан уу?

-Өр төлөх процесс эхлэнгүүт Ерөнхий сайд надад анхааруулсан юм. "Их мөнгөний асуудал яригдаж байна. Элдэв хэл ам гарах вий. Эргэн төлөлтийн дансаа тусад нь байлгаарай" гэж. Тэгэхээр нь Монголбанканд Төрийн сангийн нэр дээр “Хөгжлийн банкны данс” гээд нээлгэчихсэн юм. Өмнө нь ийм данс огт байгаагүй гэсэн үг. Тэр данснаас мөнгө гаргахын тулд эхлээд Төрийн сан зөвшөөрөл өгнө, дараа нь Хөгжлийн банкны захирал гарын үсэг зурна. Дараа нь Монголбанкнаас зөвшөөрч байж арайхийж гарна гэсэн үг. Тэгэхээр улс төрийн шийдвэрт өртөхгүй гэсэн үг.

Хоёр дахь асуултанд гэвэл, манайд бусад банк шиг “Тусгай активын газар” гээд чанаргүй зээл төлүүлээд урамшуулал авдаг тогтолцоо уг нь бол байсан. Тэр журмыг нь би хүчингүй болгочихсон юм. Хэтэрхий өндөр дүнтэй мөнгөнөөс 2 хувийн шагнал гээд өөрсдөө аваад эхэлбэл асар өндөр хэмжээний урамшуулал болно. Нөгөө талаас олон нийт, хэвлэл мэдээлэл зэрэг олон хүчин зүйлийн дэмжлэгээр өрөө төлүүлчихээд өөрсдөө шагнал аваад суувал хэл амнаас гадна ёс зүйн асуудал гарах байх.

-Монголбанканд байгаа тэр их мөнгөнөөс хүү бодогдож танай банканд орж байгаа юм уу?

-Үгүй. Байршиж байгаагаас биш хүү огт бодогдохгүй байгаа. Би Төрийн сантай “Одоо хүү бодож өгөөч ээ” яриад л байгаа. Банкир хүний хувьд мөнгөө хүүгүй хадгалуулж байгаа гэхээр тэвчиж боломгүй санагддаг л юм. Гэлээ гээд өмнөх удирдлагууд шиг элдэв арилжааны банканд хадгалуулаад дахиад мөнгөө алдалтай биш дээ, зовлонтой асуудал. Ер нь Хөгжлийн банк чинь зээл төлүүлэхээс гадна өөрөө бас зээл төлдөг газар гэдгийг санах хэрэгтэй. Энэ мөнгөөрөө Хөгжлийн банк ирэх жил зээлээ л төлнө.

-Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийн ард улстөр, нийгмийн томоохон эрх мэдэлтнүүд байсан. Байгууллага болоод хувь хүнд өөрт чинь дарамт шахалт хэр их ирэв?

-Чанаргүй зээлдэгчдийн листээ гаргуулах нь механик ажилтай, би мэдээж ганцаараа дэвтэр дээр үзэг харандаагаар бичээд байхгүй шүү дээ. Хэвлэлийн хурлын өмнөх орой гэхэд л тэр листыг нөхдүүд хэдийнэ мэдчихсэн, сонсчихсон байсан. "Чанаргүй зээлийн листнээсээ манайхыг хасчих аа" зэргээр олон хүн утсаар залгасан. Тэдний нөлөөнд ороод аль нэгийг нь хассан бол бидний ажил хамаг итгэлээ алдаад бүх операци будаа болох байв. Хэнийх нь ч үгийг тоохгүй, зарлаад л хаячихлаа. Зарласны дараа дахиад баахан хүмүүс утасдаж загнасан. "Чи харилцагчдын нууцаа задаллаа" гэхчилэнгээр дарамт үзүүлэх санаатай байсан байх. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн, ингээд л өр төлүүлэх процесс шуударсан даа. “Содмонгол” компани хамгийн түрүүнд “сүүп” гээд л зээлээ төлсөн, УИХ-ын нэг гишүүний аавынх компани нь маш хурдан төлөх жишээтэй. Хажуугаар нь хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр худал үнэн баахан таамаг яваад, тэрийг би хийлгэсэн, улстөр хийж, албаар нүдэж байна гэх мэтээр зөндөө хардагдсаан.

-Танай зээлүүд төлөгдөөд эхлэхтэй зэрэгцээд зах зээл дээрх бэлэн мөнгө хомстчихов уу? Санхүүгийн байгууллагууд зээл гаргахгүй байх жишээтэй. Хөгжлийн банкны зээлээ төлөх гээд улстөрчид, бизнесмэнүүд зах зээлд гаргасан мөнгөө татсан байж болох уу?Ер нь хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө оруулаад хүүлсэн нь хэр олон байх юм?

-Тэр шалгалтуудыг бол Авилгатай тэмцэх газарт хийж байгаа. АТГ-ынхан Эрүүгийн цагдаагийн газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтраад Ажлын хэсэг байгуулж, бүгдийг нь шалгаж байгаа. Хэргийн мөрдөн байцаалт явагдаж байгаа болохоор би сонссоноо хамаагүй ярьж болохгүй. Ер нь зээлийг зориулалтын бус ашигласан гэдэг чинь мөнгө угаалт, тийм зүйлс байгаа гэж дуулдсан. Манай талаас хагас бүтэн сайнгүй хамт сууж зээлийн түүх, тухайн компанийн мэдээллийг нэг бүрчлэн тайлбарлаж өгөөд явж байгаа. Мөнгө мөртэй. Нэг бол Солонгос, Сингапурын казино руу явсан байдаг, нэг бол хотхон, барилга, үнэтэй машин болдог, эсвэл банк бус руу ороод үржсэн л байгаа. Манай монголчууд үнэндээ мөнгөө өсгөх, үрэх хэдхэн хувилбартай шүү дээ.

-Зээлийг нь буцааж төлүүлэхэд хүндрэлтэй асуудлууд хэр үүсэв?

-Зовлонтой явдал олон бий. "Зээлээ төлье өө, төлөх график, хугацаа гаргая" гээд тухайн компанийн захирал чих нь зөөлөрсөн хүрээд ирнэ. Гэтэл харилцаад үзэхээр өнөөх маань үнэндээ шийдвэр гаргах ямар ч мэдэлгүй хүн болж таардаг. Зүгээр гарын үсэг зурдаг захирал. Араас нь жинхэнэ эзэн ирнэ ээ. Тэр компанидаа цаасан дээр бол эрхзүйн ямар ч хамааралгүй байх жишээтэй. Гэх мэт яриад дуусахгүй. Зээл авсан зарим компанийн манайд барьцаанд тавьсан хөрөнгө нь хүртэл өөрийнх нь биш байна. Найзынхаа ч юм уу, хамаатан садан, ах дүүсийнхээ хөрөнгийг гуйгаад барьцаанд тавиулчихсан. Тэгээд АТГ-д дуудагдахаараа өнөөх барьцааны эзэн нь “би энэ зээлийг аваагүй шүү дээ” гээд бөөн хэрүүл маргаан болно. Ингэж заваарсаар баахан эзэн холбогдогчтой хэрэг болж байх шиг. Гэхдээ АТГ бол хялбархан ялгаж салгаад эхний ээлжинд 83 эзэн холбогдогчтой хэргүүдийг нэг кэйс болгож багцалчихлаа.

-Хөгжлийн банкны хагас жилийн тайлан сайн гарсан. Гадаад зээлдүүлэгч нараасаа давгүй үнэлгээ авсан гэж салбарын сайд нь хэвлэл мэдээллээр олон ярьсан. Өр төлүүлж байгаа процесс нь гадагшаа эерэг мессеж өгч чадаж байна уу? Өмнөх 2021 оны тайлангаар гадныхны үнэлгээ ямар байсан юм?

-Гадны санхүүгийн том байгууллагууд тухайн банкны аудитлагдсан баланс, зээлжих зэрэглэл тогтоодог агентлагуудын дүгнэлт гэсэн хоёр юмыг л голлож хардаг. 2021 оны төгсгөлийн баланс дээр KPMG олон улсын аудит орох ёстой байсан. Би "Та нар хэсэг хүлээгээч, бид жаахан ажил хийгээд үр дүн гарахаар нь аудитаа хийлгэе ээ" гээд хойшлуулчихсан юм. Хаширласан хэрэг л дээ, тухайн үед аудит орсон бол ямар ч дүгнэлт гарах байсан юм. Аудитаа хойшлуулаад тэр хооронд саяын өр төлөлтийн процессоо явуулаад, зарим төлбөр тооцоогоо төлөөд өнгөрсөн долоодугаар сард аудитаа хийлгээд гайгүй сайн үр дүн авсан. Аудитаар CAR буюу өөрийн хөрөнгийн үзүүлэлт нь 13 хувьтай гараад их аятайхан болсон. Ер нь энэ үзүүлэлт 8 хувиас доош байвал дампуурчихсан гэж үздэг юм шүү дээ. Гэтэл дээр хэлсэн Хөгжлийн банканд 2021 оны эцсээр Монголбанкнаас хийсэншалгалтад энэ CAR үзүүлэлт хэд гарсан гээч? 1.7 хувь. Олон улсын аудитын шалгалтын араас нь зээлжих зэрэглэл тогтоодог Standart and Poors, Fitch, Moody’s гээд гол гурван агентлагт хамаг юмаа тайлбарлаад KPMG-гийн хийсэн тайланг үзүүлээд “B” үзүүлэлт дээр нь барьж чадсан. Одоо өр төлөлтөө сайн явуулсан болохоор 2022 оныүзүүлэлт бол хамаагүй сайн гарна.

-Энгийнээр тайлбарлавал 1.7 хувь гэдэг чинь Хөгжлийн банкны нийт хөрөнгийн 1.7 хувь нь л үлдсэн байсан гэсэн үг биз дээ? Зээлэх ч мөнгөгүй болчихсон гэж ойлгох уу?

-Тэгж ойлгож болно. Хар утгаар нь хэлбэл хамаг юмаа тавиад туучихсан 1.7 хувь нь үлджээ гээд ойлгочихож болно.

-Одоо Хөгжлийн банк хэзээ ямар хэмжээний зээлийг гадагшаа төлөх ёстой юм бэ?

-Ирэх оны 10 сард Евро бондын төлбөрт 500 сая доллар, 12 сард Самурай бондын үлдэгдэл 200 гаруй сая доллар төлөх ёстой.

-Төлүүлсэн өр нийт мөнгөн дүн оны эцсээр хэд орчим болох бол? Энэ гадаад өрнийхөө хэд орчмыг Хөгжлийн банк төлж чадах вэ?

-2022 оны 12 сарын 31 гэхэд Хөгжлийн банкны дансанд нэг их наяд орчим төгрөг буюу гурван зуу орчим сая доллар цугларна. Хэрвээ тэгвэл 2023 оны 12-р сард төлөх ёстой 200 сая долларыг асуудалгүй хааж болно. Үлдсэн 500 сая долларын зарим хэсгийг нь хугацаанаас нь өмнө төлөөд үлдсэн хэсэг дээр нь “refinance” буюу хойшлуулах яриа хэлцлийг хийж болно бодож байна.

-Хөгжлийн банканд цуглуулсан зээл төлөлт нийт бэлэн мөнгө 800 орчим тэрбум төгрөг болсон гэсэн. Бэлэн мөнгийг нь авчихлаа. Үлдсэнийг нь яаж барагдуулах юм?

-Бид янз янзын арга хэрэглэж байна. Мөнгөгүй болчихсон нөхдүүдээс үл хөдлөх хөрөнгийг нь үнэлээд өрийг нь төлүүлж эхэлсэн. Одоогоор 100 тэрбум орчим төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгө болгоод бүртгээд авчихлаа. Ийм хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй болчихсон банк байгаа юм уу, бүү мэд. Дээр нь “Шинэ яармаг цогцолбор хороолол”-ын өр болох 80-аад тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөхүүд нэмэгдэнэ. Ахиад “Модун”, “Пирамид орд” компаниудын үл хөдлөхүүд орж ирнэ гээд тооцохоор нэмж 100 тэрбум төгрөгийн үл хөдлөх манай өмчлөлд орохоор байгаа.

-300-гаад тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг одоо хэрхэх юм? Хөгжлийн банкныхан өөрсдөө зарах юм уу? Эсвэл улсад тушаах юм уу?

-Манайх санхүүгийн байгууллага, үл хөдлөх хөрөнгийн бизнес хийгээд явах нь угаасаа утгагүй зүйл. Тиймээс аль болох хурдан борлуулаад мөнгөө гаргаж авах ёстой. Манай банканд энэ үл хөдлөхүүдийг борлуулах хүний нөөц ч байхгүй, туршлага ч байхгүй, ноцолдох зав ч байхгүй. Элдэв хардлага төрүүлэхгүйн тулд эхнээс нь зөв явуулж, Хөгжлийн банкны захирал хэн ч байлаа гэхэд тэр хүнээс хамааралгүй механизмд оруулах шаардлагатай. Ямар ч байсан хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтарна. Борлуулах явцад бүх процесс нь ил тод, хүнээс хамаардаггүй систем бий болсон байх хэрэгтэй. Тэгээд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй “Үл хөдлөхийн холбоо” гэдэг байгууллагатай гэрээ байгуулахаар ярилцаж байна. "Танай холбоо өөрсдөө зохион байгуулаад бүртгэлтэй компаниудаараа манай үл хөдлөхөд үнэлгээ хийж зараад, ашгаа аваад яв. Харин бидэнд мөнгийг маань гаргаж өг" гэх юм. Хэрвээ ингэхгүйгээр өөрсдөө дуудлага худалдаа зохиовол хардлага сэрдлэг, хэл амыг нь дийлэхээ болиод ёстой жонхуу болно. Манайх мэргэжлийн холбооны ажилд хяналт тавиад лявна. Төрийн байгууллагынхан мэргэжлийн холбоодоор ажлаа хийлгэдэггүй гэсэн шүүмжлэл их явдаг шүү дээ. Өгөөд үзье. Том хэмжээний хөрөнгийг зарж борлуулж байж мэргэжлийн холбоонууд өөрсдөө дотроо сайжирна, хийх ажилтай болно, нээлттэй байдал нь ихэснэ гэж хувьдаа би хараад байгаа.

-Бэлэн мөнгө ч байхгүй, үл хөдлөх ч байхгүй, үйлдвэр компани барьсан хүмүүсээс хэрхэн яаж өрөө авах юм?

-Үйлдвэрийг нь авахаас өөр замгүй болж байна. Ямар зүгээр хаяад явалтай биш. Энэ хамгийн хэцүү асуудал. Үйлдвэрүүдийг нь бид авлаа гэхэд ахиад нэг мэдэхгүй бизнес рүү манай банкныхан орж байна гэсэн үг. Дутуу баригдсан үйлдвэрт нь бид ахиад хөрөнгө оруулалт хийж дуусгалаа гэхэд тэр үйлдвэрийг хэн ажиллуулах вэ, ямар технологитой юм, түүхий эдээ хаанаас авах, боловсруулсан бүтээгдэхүүнээ хаана зарах вэ гээд түмэн асуудал үүсэж байгаа.

-Одоо тэгээд яах вэ? Үйлдвэр байгуулдаг холбоотой хамтралтай нь биш дээ. Гарцаа яах харж байгаа юм?

-Жишээ нь Бэрэн компанийн гангийн үйлдвэр дээр яръя. Хэрвээ Хөгжлийн банк энэ баригдаж дуусаагүй үйлдвэрийг авахаар болбол хүний нөөцийн асуудлыг шийднэ, авч явах менежментийн багийг тохирно гэсэн үг. Түүхий эдээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс авах уу, өөр газраас авах уу гэдгээ бас шийднэ. Бүтээгдэхүүнээ зарах газартайгаа гэрээлнэ. Эрдэнэт үйлдвэртэй ч юм уу. Энэ бүхнийг тохирсны дараа л энэ үйлдвэрийг өрөнд нь үнэлж аваад явна даа.

-Хөгжлийн банк гангийн үйлдвэр ажиллуулах юм уу? Тэр нь төрийн өмчит компани болно гэж үү? Тэр үйлдвэрийг нь аваад зарчихаж болохгүй юм уу?

– 60-70 хувь нь баригдсан үйлдвэрийг аваад зарах гэвэл хэн ч авахгүй. Авах байсан бол тэд аль хэдийнэ зараад өрөө төлчихсөн, ингэж цаг хугацаа алдаад заваарч явахгүй л байсан. Дутуу үйлдвэрээ их үнэ тооцож өгчих гээд, цаашаа эд авч явж чадахгүй юм чинь хурааж авч чадахгүй гэж боддог бололтой юм билээ. Үнэндээ биднээр шийдүүлэх гээд түлхээд байгаа хэрэг. Энэ хэцүү ажил, гэхдээ манайх хийж чадна, өмнө хэлсэн шиг энэ үйлдвэрийг тойрсон бүх хэлцлүүдийг тохирч гэрээлж аваад Хөгжлийн банкнаас ахиж хөрөнгө оруулаад явна. Үйлдвэрийг дуусгаад үнэ цэнийг нь өсгөчих юм бол IPO хийгээд цаашаагаа явахад асуудалгүй гэж харж байгаа.

-Гурван бүлэгт хуваачихаж болмоор харагдлаа. 1-т бэлэн мөнгөөр нь зээлийг нь төлүүлсэн. 2-т үл хөдлөх, үйлдвэрийг нь авч зээлийг нь төлүүлсэн. 3-т зээлээ бүүр юу ч үгүй үрчихсэн, одоо улаан мөнгөгүй болчихсон нөхөд гээд. Энэ нөхдөөс яаж өрөө олж авах юм бэ?

-Тэр сүүлийн бүлгийн нөхдүүд бол үнэндээ цайчихсан хүмүүс. Өөрийнх нь нэр дээр юу ч байхгүй. “Улаан чих байна, авбал ав” гээд сууж байдаг. Жишээлбэл, Эрэлийн Эрдэнэбат гээд хүн байна. Манай дээр хэдэн тоног төхөөрөмж, 19-р хорооллын жижигхэн газрыг тавиад зээл авчихсан. Тэр том газартай үйлдвэрийнхээ бусад газруудыг өөр банканд барьцаалчихсан. Тэгээд “Манай компанийн хувьцааг бүхлээр нь өрөндөө ав” гэх зэргээр сонин юм ярина. Ийм хүмүүс дээр бол АТГ, хууль хүчнийхэн ажиллаад явдаг газарт нь явуулах байлгүй дээ.

-АТГ дээр сүүлд 83 хүн очсон, хамгийн их дүнтэй, олон томчууд орооцолдсон санхүүгийн хэрэг болж байна. Энэ 83 дотор дээрх гурван бүлгийн бүх хүн багтсан гэсэн үг үү. Хэзээ шийдэгдэж дуусах бол?

-Гурван бүлгийн хүмүүс бүгд байгаа. Дээр нь Хөгжлийн банкны зээл олгох процесс дээр байсан хүмүүс, хяналтаа тавих ёстой байсан манай банкны хүмүүс ч бий. Хэрэг хэзээ шийдэгдэж дуусахыг бол би мэдэхгүй, хууль хяналтынхан бол бүлэг бүлгээр нь прокурор, шүүх рүү оруулж ирэх сурагтай байна лээ. Манай банкныхан хохирогчоор нэхэмжлэл гаргаад, хуулийн байгууллагын гаргаж өг гэсэн бүхий л баримтыг гаргаж өгч хамтраад явж байна.  Энэ 83 хүн дотроос шүүх хурлаа хүлээхгүйгээр өр төлбөрөө барагдуулах гээд хичээж байгаа хүмүүс бий. Жишээлбэл “НВЦ” компанийнхан “Шинэ хөрөнгө оруулагчаа олсон, эндээсээ зээлээ төлөөд явна аа” гээд уулзсан. Өөр улсууд ч байна, жишээ нь банкийг хохироочхоод, хэрэг үүсээд, нийгэмд бөөн шуугиан болонгуут “Өрөө төлчихлөө ш дээ. Одоо яах гээд байгаа юм” гэх маягтай хүмүүс ч байна. Банкны маш их мөнгөн дээр тоглоод, ББСБ, хоршоонд эргэлдүүлж мөнгө хүүлж байснаа хэрэг үүсэнгүүт “за за төлчихье” гээд зүгээр яваад өгнө гэдэг бол байж болшгүй зүйл. Үүнд мөнгөнөөс гадна ядаж шударга ёс асуух ёстой биз дээ. Мэдээлэлд ойрхон, давуу боломжоо ашиглаад Хөгжлийн банкнаас бага хүүтэй зээл авч, бусад бизнестэй өрсөлдөөд явж байсан УИХ-ын гишүүдээс ч шударга ёс нэхэх ёстой. Хуулийн хариуцлага биш юмаа гэхэд ёс зүйн хариуцлага гэж баймаар юм.  Хөгжлийн банкны хэрэг бол зүгээр өр төлүүлэх процесс шиг наанаа харагдаж байгаач гэлээ цаанаа бол нийгмийн суурь харилцаануудыг хөндсөн ноцтой хэрэг шүү.

-Н.Мандуул гэдэг хүн энэ албан тушаалд насаараа байхгүй. Нэг сарын дараа дэвшээд эсвэл халагдаад явчихаж магад. Өөрийн чинь дараа энэ ажлууд цаашаа зөв үргэлжилнэ гэх итгэл үнэмшил байна уу?

-Төрийн өмчийн компаниуд дээр тулгардаг хамгийн гол асуудал энэ. Байгууллагын институци, систем, соёл зэргийг бүрдүүлж чадаагүй, нэг хүнээс хамаарсан байдалтай явсан учраас Хөгжлийн банкдампуурах дээрээ тулсан гэж хувьдаа хардаг.Тэгээд аль болох хүнээс хамаардаггүй системийг бий болгох гээд үзээд л байна. Хөгжлийн банкны зээл олголт, зээл олгохын өмнөх судалгааны процессууд, хянах явцын шалгалт зэргийг бүгдийг ил онлайн болгоод database үүсгэсэн. Өгсөн зээлийн хэрэгжилтийг хянахын тулд улиралдаа ядаж нэг удаа очдог байх дотоод дүрэм зохиогоод батлуулчихлаа. Дээр ярьсан үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулахдаа тендер зарлаж биш хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлье гэхчилэн санаачилгууд гаргаад хэрэгжүүлээд эхэлсэн.

-Сүүлийн нэг жил Мандуул гэдэг хүн маш идэвхтэйгээр энэ зээл төлүүлэх явцыг удирдаад явжээ. Дарамт, стрессийг олныг үзсэн гэж ойлголоо. Гэсэн мөртлөө яагаад ингэж улайртлаа зүтгээд байна вэ? Энэ романтизм уу, эсвэл жинхэнээсээ уур нь хүрээд байсан юм уу?

-Би гадаадад санхүүгээр олон удаа сурч боловсрол эзэмшсэн. Хэдэн жил гадаадад амьдарсан. Нөгөө “250К долларын цалингаа орхиод ирлээ” гэдэг шиг тэнд ажиллаж, амьдрах бололцоо байсан уу гэвэл байсан. Жуниороор ажиллах эхлэл цалин гээд жилийн 100к долларын санал авч байсан. Гэхдээ хүний хамгийн сайхан амьдрал бол эх орондоо л сайхан амьдрах юм билээ, надад лав ийм л сэтгэгдэл үлдсэн. Гэтэл эх орон маань хүн амьдрахад маш хэцүү болчихлоо. Би бас ч гэж гайгүй ажил хийж яваа хүн. Гэтэл над шиг хэмжээний хүн ч амьдрахад амархан биш байна. Энэний хамгийн гол шалтгаан нь авлига.

Хөгжлийн банкны ганцхан жишээнээс харахад энэ тэндээс нь шомбодоод, сүүлдээ бүр давраад бүгдийг нь идэж уугаад, байгуулагдсанаас хойш найрлачихсан байгаа юм. Бүгдийг дарж нуулгүй гаргаж ирээд, тохирсон шийтгэлийг нь оноогоод явах хэрэгтэй. Хүний муу үзэх гээд байгаа юм биш, маш олон нийгмийн менталит цаана нь яваад байгаа. Угаасаа ингэж идээд уугаад явж байдаг, угаасаа л ийм биздээ гэсэн бүтэн тоглоомын дүрэм, нийгмийн менталит тогтоогоод өгчихсөн байна шүү дээ. Нийгэм нь ч тоодоггүй, улс төрчид нь ч амташчихсан. Энэ байж болшгүй зүйл, үүний тулд олон нийтийн дэмжлэг, хэвлэл мэдээллийн дэмжлэг маш чухал. Ядаж л Хөгжлийн банкны энэ шуугианы дараа УИХ-ын гишүүд нь төрийн өмчит банкнаас зээл авдаггүй л болмоор байна. Лодой, Өнөрөө хоёрт бол би их талархалтай байгаа. Бүгдээрээ мэдээд байгаа хэрнээ хэн ч гаргаж ирж ярьдаггүй, энийг ярьж болохгүй, тэр хүний нэрийг хэлж болохгүй гээд байх юм бол нийгмийг улам л бугшруулна. Би өөрөө мөнгө идэж ууя гэж бодсон бол ингэж өөр дээрээ лай хураагаад, энэ банкны хамаг бузар булайг дэлбэлээд явахгүй аль болох чимээгүйхэн өмнөх ах нарын дүрмээр явна биздээ. Гэтэл би одоо 40 нас хүрч байна. Идэвхитэй амьдрах, залуу байх нас дуусахад 10-20 жил үлдлээ. Энэ үедээ ажиллахгүй бол хойч үедээ юу үлдээх үү. Хүүхэд “Ааваа та нар юу хийж байсан юм бэ” гэж асуувал юу гэх үү. Дараа нь “ингэчихдэг байж”, "тэгчихдэг байж дээ" гэж харамсаж сууснаас одоо ингээд өөр дээрээ гал аваад явж байсан нь дээр. Нийтээрээ нэг асуудлыг шүүмжилдэг ч тэгээд дараагийн сенсаци гараад мартагддаг. Хөгжлийн банкны хулгайтай эвлэрч мартаж болохгүй. Нийтээрээ хэлэлцээд, шахаж шаардаад зассан тийм кэйс болоосой гэж хүсдэг.

Ярилцсан С.Содбаатар, Г.Анхбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. PRADHAN 2022-10-06 102.89.47.211

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла.

Avatar

DR. PRADHAN 2022-10-06 197.211.58.24

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Зочин 2022-10-06 139.5.216.96

Браво , сүүпер байлаа. Жавхлан сүрхий залуу гаргаж ирж чаджээ

Avatar

Уншигч 2022-10-06 202.179.25.58

Зарим нэг талаараа цаг сайжирч байна л даа, 5 жилийн өмнө бол шударга ажиллах ямар ч боломжгүй ажлаас шууд чөлөөлөгддөг байлаа, Амжилт, эрүүл энхийг хүсье!

Avatar

Зочин 2022-10-06 202.131.243.186

ЗӨВ СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУС ОЛОН БАЙГАА. ТЭДНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ГЭЖ ХАРЖ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2022-10-06 202.179.15.130

АМЖИЛТ ХҮСЬЕ. МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ.

Avatar

Lhkamaa 2022-10-06 202.55.180.226

яасан сүрхий залуу вэ? амжилт хүсье… Татварын мөнгөөр төлүүлье гэж огт ярьсангүй. Наад хэдэн балиар нөхдөөрөө өрийг нь төлүүлээрээ. Дэмжиж байгаа шүү

Avatar

Иргэн 2022-10-06 202.21.104.234

Сэтгэлд хүрсэн сайхан ярилцлага болжээ. Зээлээ зориулалтын бусаар ашиглаж, зээлээ төлсөн гэх этгээдүүдэд дахин Хөгжлийн болон хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгохоос насан туршид нь татгалздаг болох хэрэгтэй. Зээлийн мэдээллийн санд ЁС ЗҮЙГҮЙ зээлдэгч гэсэн бүртгэлийг бий болгох …

Avatar

Жирийн иргэн 2022-10-06 202.131.227.82

Амжилт хүсье

Avatar

Зочин 2022-10-06 103.80.211.111

Амжилт

Avatar

Ьлл 2022-10-06 103.229.121.167

Жавхлангийн сугны үс байна гэж ойлголоо эзэн Жавхлан нь ард иргэд аж ахуйн нэгжүүдээ унагаж байгаа жинхэнэ коммунист арга барилтай нөхөр

Avatar

Гарьд 2022-10-06 37.120.238.234

Чи бодвол зээлдэгчдийн суганы үс биз хахахахах

Avatar

зочин 2022-10-06 192.82.81.36

БАНКНЫ САЛБАРТ САЛХИ ОРУУЛСАН МАНДУУЛ БУСАД САЛБАРТ ЯГ ӨӨР ШИГЭЭ ЗАЛУУСЫГ ГАРГАЖ ИРЖ МОНГОЛЫН ЭНЭ ИХ БАЛИАР ЗҮЙЛИЙГ ХАМТААР ӨӨРЧЛӨХ ЗАЛУУСЫГ НЭГТГЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХУУЛЬ ЦАГДАА ШҮҮХЭД САЙН ЗАЛУУС ОЛОН БАЙГАА. ИЙМЭРХҮҮ ТЭСРЭЛТ ХИЙГЭЭРЭЙ. АМЖИЛТ

Avatar

Зочин 2022-10-06 202.21.98.10

Ямар мундаг мэдлэг чадвартай, сэтгэлтэй залуу вэ. Яг зөв цагтаа зөв албан тушаал дээр очсон байна.Ийм залуучууд олон байвал энэ бугшсан нийгмийн бузар булай илчлэгдэж шинэчлэгдэнэ.Ийм ажилдээ сэтгэлээсээ ханддаг, шуналын дэв болоогүй эх орон ирээдүй хойч үеэ боддог залуучуудыг л дэмжиж, зохих албан тушаалыг хашуулж байвал энэ нийгэмд ахиц дэвшил, өөрчлөлт гарна. Тэрнээс хоосон толгойлсон, хов жив ярьсан, шуналд автсан юу ч хийхээс буцахгүй нөхдүүд хэрэггүй ээ. Баяр хүргье.Амжилт мятаршгүй байг

Avatar

Цэрэнхүү 2022-10-06 119.40.98.177

Бүх салбарт Мандуул шиг мундаг залуучууд ажиллаасай баяр хүргэе ер н намаас хамааралгүй эх орныхоо төлөө ажилламаар байна Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж