"Төгрөгийг цаас ч гэж хэлэхэд хэцүү боллоо"

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

"Төгрөгийг цаас ч гэж хэлэхэд хэцүү боллоо"

"Төгрөгийг цаас ч гэж хэлэхэд хэцүү боллоо"

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвсүрэн УИХ-ын гишүүдэд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Төв банкны ерөнхийлөгчийг "загнав".

Тэрбээр хэлэхдээ "Монголбанк нэгд мөнгөний бодлогыг тогтвортой байлгах, хоёрт ажлын байрыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулах ёстой. Гэтэл өнөөдөр төгрөг үнэхээр цаас ч гэж хэлэхэд хэцүү болчихоод байна. Сая Лхагвасүрэн ерөнхийлөгч тогтворжих тал руугаа орж байна гэж яриад байна. Юун тогтворжих вэ. Энэ чинь бүр хөөсрөөд, 3500 давчихаад байхад. Бид энэ их өсөлтийг жаахан ч гэсэн буулгах арга хэмжээ авч байна гэж хэл л дээ. Тогтворжино гэж юу яриад байгаа юм бэ. Өсөлтийнхөө таазанд хүрлээ гээд яриад байх юм. Юугаа яриад байгаа юм бэ” гэв.

Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш жилийн өмнөхтэй харьцуулахад 14.7 хувиар суларчээ.

Монголбанкны зарласан ханшаар, нэг ам.доллар жилийн өмнө 2850 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр (2022.10.05) 3352 төгрөг болж, "Найман шарга" валют арилжааны төв дээр хэдийнэ 3500 төгрөг даваад буй юм.

Төгрөгийн хувьд америк доллар, хонгконг доллар, канад доллар, австрали доллар, юанийн ханшийн эсрэг 7-14 хувиар суларсан бол иен, вон, фунт, евро, форинтийн эсрэг 2-8 хувиар чангарчээ.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны наймдугаар сард 3185.72 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 336.81, өмнөх сарынхаас 32.69 төгрөгөөр сулрав.

Түүнчлэн төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны наймдугаар сард 468.36 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.45, өмнөх сарынхаас 0.10 төгрөгөөр суларсан байна.

Төв банкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 52.61 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.89 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.71 төгрөгөөр чангарчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж