Увс аймгийн Өмнөговь сумын малчид Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эсэргүүцэж, үймээн тарьж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ. Бичлэгийг харахад манай монголчууд үнэндээ л “харанхуй”, мэдээ, мэдээлэл уншдаггүй юм байна. Тэгээд бүр хүүхдээрээ хүртэл бамбай болгож л байдаг…!
Төрийн ордонд суугаа хэд нь “харанхуй” байхад уулын мухарт хонь хариулж яваа нь аргагүй ч биз. Зарим нь улстөрчдийн гар, хөл болж, гадаад, дотоодын захиалга, даалгавраар, зарим нь ач холбогдол, утга учрыг нь сайн таньж мэдэлгүй амьтан хүний үгэнд хууртаад явж байгаа байх.
Үндсэндээ Монголын эдийн засагт нэг чухал бүтээн байгуулалт эхлэх бүрт ийм нэг эсэргүүцэгчид, эх орончид олширдог нь гэм биш болсон. Төрийн ордныхон, төрийн бус байгууллагынхан, хэвлэлийнхэн, хэдэн малчид гээд. Ядаж байхад тэдний үгийг үнэн гэж итгэх хүмүүс яасан ч олон юм бэ. Ер нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг, зөвхөн энэ төсөл ч биш, эрчим хүчний тусгаар тогтнол эдийн засагт ямар чухал болохыг иргэдэд таниулах хэрэгтэй болж. Атомын цахилгаан станц гэхээр Чернобылиэр ойлгодог, төсөөлдөг хүн Монголд олон. Ямар сайндаа л зургаан хуруутай ямаагаар биднийгээ айлгаж байх билээ. Иймээс л иргэддээ эрдэмтэд судлаачид, мэргэжилтнүүдийн үгийг сайн сонсгомоор байна.
Муу ёрлож байгаа ч юм биш шүү, энэ өвөл лаа, шүдэнзээ ахиухан бэлдэхэд илүүдэхгүй байж мэдэхээр. Спикер нь хүртэл тэнгэрийн байдлыг шинжээд, энэ өвөл зуд турхан болж магадгүй гэж “айлдах” болсноос дүгнэвэл. Нөгөөтэйгүүр мэргэжлийнхэн Улаанбаатар эргээд ерээд ондоо очно гэж анхааруулж буй нь сүрдүүлэг бүр биш юм. Нэн ялангуяа баруун аймгууд болон нийслэлчүүдэд хүнд “үе” ирж магадгүй нь бодит үнэн.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ жилдээ яаж ийгээд “аргалаад” өвөлждөг юмаа гэхнээ ирэх өвөл яах вэ. Энэ асуудал ахиад давтагдана. Сүүлийн жилүүдэд шинээр эрчим хүчний салбарт том хөрөнгө оруулалт, томоохон төслүүд хэрэгжээгүй. Атал цахилгаан, дулааны хэрэглээ жилд 6-7 хувиар тогтмол нэмэгдэж байгаа гэх. Хэрэглээ нь жилээс жилд нэмэгдэж, эсрэгээрээ үйлдвэрлэдгийнх нь тоо “өсөөгүй” нөхцөлд хэзээ нэгэн цагт улсаараа таг харанхуй, тас хөлдөх нь бодит аюул, бодит үнэн болсон. Тэр тусмаа аргалчих амархан асуудал лав биш, Б.Чойжилсүрэн хэчнээн мундаг менежер, бизнесмен байлаа ч гэсэн. Тэгээд ч алийн болгон аргалж, чаргалах төдийгөөр явж, айл амьтнаас “гал гуйж” амьдрах билээ.
Монгол Улс жил болгон дунджаар 400 тэрбум төгрөгийн эрчим хүч Орос, Хятадаас худалдаж авдаг. Үндсэндээ баруун аймгууд галаа Оросоос гуйдаг бол “Оюутолгой” Хятадаас эрчим хүчний хамааралтай. Оросуудын хувьд хөрш орнуудтайгаа харилцах харилцаандаа хамгийн түрүүнд анхаардаг зүйл нь эрчим хүчний геополитик. Тиймээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл энэ олон жил оросуудын эрчим хүчний геополитикээс болж гацсаар ирсэн. Н.Азизовын өнөөдрийн сүрдүүлэгтээ бидний зөвшөөрөлгүйгээр Эгийн голын цахилгаан станц баригдахгүй шүү л гэсэн байна лээ .
Багануурын цахилгаан станцыг барих ажил бас яалаа. Баахан хужаа нар орж ирэх нь гэж улстөржсөөр байгаад унагаж авсан. Одоо улаанбаатарчууд лаагаа бэлдэх үү, нүүрсээ түлэх үү дээрээ тулчхаад сууж байна. Уг нь 2015 ондоо хэрэгжээд эхэлсэн бол аль хэдийнэ ашиглалтад орсон, “галаа яаж манах” вэ гээд толгой гашилгах зовлонгүй л байв. Барих-ашиглах-шилжүүлэх тус концессын гэрээний дагуу Монгол Улс сохор зоос төлөхгүйгээр цахилгаан станцтай болчих байсан төсөлд Ц.Даваасүрэнгээс эхлээд гай болсон хүмүүс цөөнгүй. Эрчим хүчний сайд байсан хэрнээ “Багануурын цахилгаан станц байршил, техникийн шийдэл талаасаа асуудалтай. Зуны улиралд төслийн хоёр генератор бүрэн чадлаараа зэрэгцээ ажиллавал манай бусад станцууд зогсоход хүрнэ” гээд сууж байсан хүн шүү дээ. Ганц Багануурын цахилгаан станцыг гацаасан юм биш, “Тавантолгой”-н цахилгаан станцын төслийг ч нураасан. Одоо болохоор нүүрсний станцууд тэг зогсвол Улаанбаатар хөлдөх эрсдэлтэй гээд “ширэн нүүрлээд” сууж байна. Ийм л хүмүүс төрийн ордонд, хууль яриад, бодлого тодорхойлох жишээний.
Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайд байхад улсаараа тоггүй болж байсан удаатай. Буруутан нь хөөрхий нэг "сохор" шувуу болж таарсан.
Украин-Оросын дайнаас хойш дэлхий орвонгоороо өөрчлөгдөж байна. Геополитик, эдийн засаг, эрчим хүч, хүнс, технологи гээд бүхий л салбарт энэ дайн сөргөөр нөлөөлөх болсон. Мэдээж, хаяа залгаж амьдарч буйн хувьд Монгол ч дайны үр дагавраас болж багагүй хямрах шинжтэй. Тэр тусмаа шатахуун, эрчим хүчний хувьд эрсдэлтэй байдал хэдийнэ бий болсон. Иймээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг цаг алдалгүй барих ёстой. Хамгийн гол нь газар усан доогуур орно гэх “эвлүүлэг” бол жинхэнэ тархи угаалт болохыг орон нутгийнханд ойлгуулах хэрэгтэй. Урдаас хятад, танк орж ирнэ гэсэнтэй адилхан пропаганда шүү гэж. Ядахнаа "Тайшир", "Дөргөн"-ийн усан цахилгаан станцын үйл ажиллагааг үзүүлчихмээр байна.
Монголд ердөө есөн дулааны цахилгаан станц байдаг гэх. Эдгээр эрчим хүчний станцууд техникийн аюулгүй, найдвартай байдлыг хангах нөөц чадалгүйгээр ажиллаж байгааг салбарынхан нь олон жил анхааруулж буй. Гээд монголчууд олон хавар нэгэндээ гэдэг. Тэр хавар ядаж л энэ өвөл биш байгаасай даа.
Нэг станц доголдоход улсаараа хязгаарлалтад ордог. Иймээс Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцаа барья, атомын жижиг оврын цахилгаан станцтай болъё. “Тавантолгой”-н цахилгаан станцаа яаралтай барьж ашиглалтад оруулъя гэсэн санал санаачилга, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт болгоныг дэмжих хэрэгтэй.
Үнэндээ эрчим хүчний төслүүдийг эсэргүүцээд байгаа хүмүүсийн тайлбар их шог. Газар усан доогуур орно л гэнэ. Галав юүлэх шахуу юм байх. Нутаг усны малчид бэлчээргүйднэ гэнэ. Тэгвэл Тайшир, Дөргөний усан цахилгаан станцаас болж хэчнээн малчин бэлчээргүйдэж, хаана ямар газар усан дор орсон гэх баримт нотолгоо байна уу. Ядаж байгаль ингэж, сүйдлээ гэсэн баримт, нотолгоогоо дэлгээд улстөржвөл үнэмшилтэй сонсогдох байх. Атал эрдэмтэд эсрэгээрээ усан цахилгаан станц байгальд хоргүй гэдэг. Хортой байсан бол дэлхийн улс орнууд хэдийнэ татгалзчихсан байх байлгүй. Эцэст нь Эрдэнэбүрэн болоод эрчим хүчний төслүүдийг зогсоох сонирхолтой “эх орончид” манай гэхээсээ баавгайн тал байх шүү, шулуухан хэлчихэд.
Холбоотой мэдээ