ЗГ: "Эрэл"-ийн зээлийг төлүүлэхээр албадлагын арга хэмжээ авна

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

ЗГ: "Эрэл"-ийн зээлийг төлүүлэхээр албадлагын арга хэмжээ авна

ЗГ: "Эрэл"-ийн зээлийг төлүүлэхээр албадлагын арга хэмжээ авна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2022.10.05/ танилцууллаа. 


Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Хөгжлийн банкны ээлжит мэдээллийг танилцууллаа. Төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай холбоотой чанаргүй зээлийг үлдсэн хугацаанд эргэн төлүүлж, барагдуулах чиг үүргийг холбогдох сайд нарт өгсөн. Энэ хугацаанд эрчимтэй үргэлжилж буй ажил ч байна. Удааширч байгаа ажлууд ч бий. Өнгөрсөн нэг сарын хугацаанд нийт 140 орчим тэрбум төгрөг бэлэн мөнгөөр төлөгдөж, 2022 оны нэгдүгээр сараас хойш 800 тэрбум төгрөг эргэн төлөгдлөө. Ингэснээр Хөгжлийн банкны тэнцэл сайжирч, ирэх онд төлөгдөх хоёр ч бондын эрсдэл энэ хэмжээгээр багасч байна. Нийт 140 тэрбум төгрөг нөхөн төлүүлэхэд "Эрдэнэс Тавантолгой" компаниас 160 тэрбум төгрөгийн зээл төлөх учиртай бөгөөд эхний ээлжид 117.3 тэрбум төгрөгийг барагдууллаа. Үлдсэн 43 тэрбум төгрөгийг он гараад эхний улиралд багтаан төлөхөөр хоёр талаасаа тохиролцсон. Мөн "МИАТ" компани 10 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлээ бүрэн төлж барагдуулснаар Хөгжлийн банкинд өргүй болж байна.

"ЭРЭЛ" КОМПАНИЙН ЗЭЭЛИЙГ ТӨЛҮҮЛЭХЭЭР АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВНА"

ТОСК, НОСК-иас нийлээд нэг тэрбум гаруй төгрөгийг төлж барагдуулсан. Мөн "Хөтөлийн цемент шохой" ТӨХК болон "Эрэл" компанийн чанаргүй зээлүүдийг төлүүлэх, "Шинэ-Яармаг" хорооллын зээлийг нөхөн төлүүлэх тал дээр хүч тавин ажиллаж байна. Бидэнтэй Авлигатай тэмцэх газраас маш сайн хамтарч, дэмжин ажиллаж байна. Ойрын хугацаанд бодит үр дүн гарах байх.

Бид жилийн эцэст нэг их наяд төгрөг нөхөн төлүүлэх зорилго тавьж байна. Энэ хугацаанд "Эрэл" компанийн зээлийг төлүүлэхээр албадлагын арга хэмжээ авч, өмч хөрөнгийг хураан авч, хүчний байгууллагатай хамтарна. "Хөтөлийн цемент шохой" үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Тус компани өөрийн дотоод үйл ажиллагааг санхүүжүүлэх ачаалалтай байна. Энэ дундуур Хөгжлийн банкны зээлийг төлөхөд үйл ажиллагаа нь доголдох эрсдэлтэй учраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран Хөгжлийн банкинд ажлын хэсэг гаргаж, хэд хэдэн хувилбар дээр ажиллаж байна.

"НҮҮРСИЙГ БИРЖЭЭР ДАМЖУУЛАН ЗАРАХ ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ"

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Валютын нөөцийг хэлэлцлээ. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хоёр удаа хэлэлцэж, тогтоол гаргаж байна. Монгол Улсын тоон мэдээг харахаар экспортын хэмжээ өндөр мөртлөө түүнтэй нийцсэн хэмжээний валют орж ирж байна уу гэдгийг эхлээд нэлээн сайн анзаарсан. Тухайлбал, экспортын дүнг аваад үзэхээр 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортоор гаргасан гэсэн мэдээ байдаг. Энэ бол жишээ. Яг хэчнээн хэмжээний ам.доллар орж ирснийг судлахад 500-600 сая ам.доллар байх жишээтэй. Энэ зөвхөн нэг компанийн жишээ. Яагаад гурав дахин бага хэмжээний валют орж ирсэн бэ гэхээр хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, нүүрсээ урьдчилаад зарсан нэг хэсэг байна. Өмнө нь байгуулсан гэрээний дагуу. Нөгөө хэсэг нь 2018, 2019 онуудад зарсан нүүрс гарч байна. Гуравдугаарт, жишиг үнэ, гэрээний үнэтэй холбоотой зөрүүнүүд гарч байна. Энэ бүгдээс шалтгаалж нүүрсний нөхцөл байдлыг ил тод болгож, цэгцлэх тогтоол гаргасан.

Уурхайн ам дээрээс зарагдсан нүүрс нэг тонн нь 71 ам.доллар. Харин хил үнээр 129 ам.доллараар зарж байна. Тэгэхээр дунд нь 51 ам.долларын зөрүү гарна. Энэ нь тээвэрлэлттэй холбоотой. Монголын уурхайнууд аманд зарагдсан үнээр нүүрсээ зарвал тонн тутамд 71 ам.доллар, хил үнээр зарвал 129 ам.доллар. Тэгэхээр нэгдүгээрт, хил үнээр зарсан валют Монголын банкинд орох зохицуулалт хийж буй. Хоёрдугаарт, бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу л бүх зүйл хилээр тээвэрлэгдэж гарна. Энэ ондоо багтаж хийнэ. Гуравдугаарт, бүх нүүрсийг биржээр дамжуулан зарах тогтолцоонд шилжинэ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс энэ зохицуулалтыг эхлүүлнэ.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын нээлтийн үйл ажиллагаа болсон. Цаашаа гарах хилийн холболтын ажил дуусаагүй байна. Саяхан холбох цэгээ тогтоосон. Та бүхэн анзаарсан бол вагон дээр чингэлэгтэй нүүрс тавьсан. Миний хувьд долоо хоногт нэг цуваа явж, үйл ажиллагаагаа жигдрүүлснээр дахин дөрөв болно. Цаашид энэ тоогоо нэмээд явна.

Харин LRT төслийн ТЭЗҮ Эдийн засаг, хөгжлийн яаманд ирээгүй. Одоогийн мэдээллээр ТЭЗҮ боловсруулах өмнөх шатны ажлуудыг хийж байна гэдэг мэдээлэлтэй байна. Засгийн газраар өр үүсгэж, баталгаа гаргах ажлыг энэ удаагийн төсөвт тусгаагүй. LRT-ийн хувьд өмнө нь Азийн хөгжлийн банкны 200 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж чадахгүй буцаасан. Тэгэхээр үүн дээр  нэгдсэн шийдлээ гаргаж, албан ёсоор хийнэ гэвэл тэр зээлийг эргэн ярих боломжтой болов уу.

"ДӨРВӨН АЙМАГТ БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗАХИРГААНЫ САЛБАР БАЙГУУЛНА"

ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Засгийн газрын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны сайд бий болсон. Үүнтэй холбоотойгоор сайдын ажлын алба байгуулагдаж, улсын боомтын захиргаа аль түвшинд үйл ажиллагаа явуулах вэ гэдэг асуудлыг хэлэлцэж, ажлын албаны түвшинд шийдсэн байсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн сайд, Боомтын үндэсний захиргаа түүний дөрвөн салбар нэгж, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ гэсэн дөрвөн аймагт ажиллахаар боллоо. Эдгээр боомтууд хоёр том хөрштэйгөө ижил түвшинд харилцаа үүсгэж, хилийн хүндрэл бэрхшээлийг арилгахын төлөө ажиллана.

Шадар сайдын зүгээс Монгол Улсын стандартын асуудлаар хэлэлцсэн. Монголд 6524 стандарт мөрдөгдөж байна. Харин энэ чиглэлээр 12 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж