О.Энхтуул "Опал" жүжгийн гол дүрд дурласан

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

О.Энхтуул "Опал" жүжгийн гол дүрд дурласан

"Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр аравдугаар сарын 7-н00с "Хүн" театрт тоглох гэж буй. Найруулагч М.Батболд "Намайг анх Москвад Театр урлагийн их сургуулиа төгсөөд, эх орондоо ирэхэд Н.Ганхуяг багш маань энэ жүжгийг найруулах санал тавьж байсан. Энэ жүжгийг уншаад, бараг дипломоо хамгаалах гэж байсан. Гэсэн ч жүжгийн гол дүр олдохгүй байсан. Гол дүрийн Опалд хэн тоглохыг маш идэвхтэй хайж байгаад, сүүлд О.Энхтуул эгчид санал тавьснаар энэ бүтээлийг найруулах том шалтгаан болсон. Энэ жүжгийн өөрийнх нь хэлбэр жүжигчний ур чадвар дээр тулгуурладаг учраас маш сайн баг бүрдүүлэх шаардлагатай болсон. Тийм учраас гол дүрийн долоон жүжигчин маань тухайн дүрүүддээ яг тохирсон ур чадвартай, уран бүтээлчид" гэж өмнө нь онцолж байв.

Жүжигчин О.Энхтуул "Опал" жүжгийн гол дүрд тоглож буй. Тэрбээр "Би Герман улсад 15 жил амьдарч байна. Тайзан дээрээ 13 жил гараагүй юм байна. Өнгөрсөн хугацаанд эх орондоо ирж, кинонд тоглож байсан. Би энэ удаа залуу уран бүтээлчидтэйгээ хамтран театрын тайзнаа дахин гарах гэж байгаадаа баяртай байна. Сэтгэл маш их догдолж байна. Театрын аз жаргалыг мэдрэх гэж байна. Найруулагч М.Батболд маань надад анх энэ жүжигт тоглох санал тавьсан. Дэлхийн аль ч улс оронд хүн хүнээ хайрлах сэтгэл дутагдаж, ганцаардалд автаж байна. Амьдралын нандин харилцааг өгүүлсэн учраас энэ жүжигт маш их дурласан" гэж ярьж байв.

Жүжгийн хувьд "Опал" гэж сарны үнэт чулуу, хайрын чулуу гэгддэг учраас ийм ховор чулууны нэрээр нэрлэсэн тухай уран бүтээлчид хэлж байв. Жүжгийн гол дүрийг Ц.Төмөрбаатар, Н.Онон, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Ариунчимэг, Т.Сэргэлэн, О.Энхтуул гэсэн нийт долоон жүжигчин бүтээнэ.

“Орфей” театрын уран бүтээлчид энэ бүтээлээрээ өнөө цагийн хүмүүс бидэнд хамгийн ихээр дутагдаж буй итгэл найдвар, өөдрөг үзэл, уужуу сэтгэлийг түгээж, үзсэн хүн бүхний сэтгэл зүрхийг хайраар дулаацуулахыг зорьж буйгаа онцолж байв.

Та бүхэн жүжгийн тасалбарыг ticket.mn сайтаас авах боломжтой бөгөөд 120 мянга, 150 мянган төгрөгийн сонголттойгоор борлуулж буй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж