Олон нийтийн сүлжээнд хичээлдээ явахаар автобус даган гүйж байгаад авто осолд орсон охины бичлэг цацагдсан. Энэ хэрэг энэ оны тавдугаар сарын 5-нд гарчээ.
Ослын улмаас хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас хэргийг Эрүүгийн цагдаагийн газар шалгасан байна. Гэвч цагдаагийн байгууллага "Зорчигчийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан" гэж үзэн, хэргийг хаажээ. "Нийтийн тээврийн "Blue bus" компани осол гаргасан жолоочийн цалинг 30 хувиар бууруулж, гурван сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй" гэсэн мэдээллийг албаныхан өгөв.
Хэргийг тодруулбал, 2022 оны тавдугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Зүрх уулын замд "Блю Скай" компанийн автобусны жолооч есөн настай явган зорчигчийг автобусны араас гүйж яваад гэмтэхэд ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгажээ.
Хэргийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа хангаагүй үндэслэлээр 100 мянган төгрөгөөр торгож, таван оноо хасч, хохирогч хүүхдэд 2.6 сая төгрөгийн эмчилгээний зардал төлж шийдвэрлэжээ.
Хотын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний дагуу нийслэл төсөвтөө 420 тэрбум төгрөг суулгасан. Түүний дийлэнх хэсгийг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зарцуулна гэж хотын дарга Д.Сумъяабазар ам гарсан билээ. Хугацаа нь дууссан нийтийн тээврээ шинэчлэхээс илүү жолооч нарын харилцаа хандлага, соёлд анхаарал хандуулах цаг болсныг иргэд хэлж байгаа юм.
Холбоотой мэдээ