"Чалко” компани Монголын нүүрс тээвэрлэлтэд ноёрхлоо тогтоов уу!

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

"Чалко” компани Монголын нүүрс тээвэрлэлтэд ноёрхлоо тогтоов уу!

"Чалко” компани Монголын нүүрс тээвэрлэлтэд ноёрхлоо тогтоов уу!

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-аас “Цагаан хад- Мөнхийн их” компанийн сайжруулсан шороон зам тавих саналыг дэмжсэн тогтоолыг өнгөрөгч есдүгээр сарын 30-нд баталжээ. Тус сумын ИХТ-ийн гаргасан энэхүү тогтоолыг харахад хятадуудад ээлтэй, эсрэгээрээ монголчуудад хохиролтой шийдвэр болж байна гэх хардлага төрүүлээд байна. Энэ талаар Ханбогд сумын ИТХ-ын дарга Т.Буян-Өлзийгөөс тодруулахад “Тус компанийн зүгээс оруулж ирсэн саналыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан. Боомтын зөвлөл, ажлын хэсгээс дэмжих санал оруулж ирсэн. Одоо ИТХ-ын тогтоолыг сумын Засаг дарга болон холбогдох албаныхан судалж, шийдвэрээ эцэслэнэ. Тусгайлсан замын төрийн өмчит компани барих, зөвхөн “Чалко” компанийн нүүрс тээвэрлэлт явна гэсэн” гэсэн тайлбар өглөө.

Монголын нүүрс тээвэрлэлтэд давуу эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж буй “Цагаан хад-Мөнхийн их” компани БНХАУ-ын төрийн өмчит “Чалко”-гийн хөрөнгө оруулалттай компани юм.

Тус компани өмнө нь битүүмжилсэн багийн /бөмбөлөг/ тээврийн зохион байгуулалтаар нүүрс тээвэрлэдэг байсан бол өнгөрсөн наймдугаар сараас зөвхөн “Чалко” компани өөрсдийн тусгай нүүрс тээвэрлэлтийг эхлүүлжээ. Өдөрт 30-40 машин нүүрс тээвэрлэлтэд явуулах болсон талаар албаны хүмүүс хэлж байна.

Засгийн газраас Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын Ганцмод боомтын захиргаа, БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийсэн байдаг. Энэ үеэр БНХАУ-ын төрийн өмчит  “Чалко” компанийн зүгээс нүүрс тээврийг нэмэгдүүлж, Гашуунсухайт-Ганцмод боомтод тусгай гарц байгуулах хүсэлт гаргасан байна.

Тус компанийн хүсэлтийг Монголын Засгийн газар тэр дор нь хүлээн авч, энэ талаарх чиглэлийг Ханбогд сумын ИТХ-д өгчээ. Нэг ёсондоо “Чалко” компани Монголын нүүрс тээвэрлэлтэд ноёрхлоо тогтоох боломжийг Монголын төр бодлого, шийдвэрээрээ дэмжсэн гэсэн үг.

Ханбогд сумын ИХТ-ын тогтоолын дагуу ийнхүү "Чалко" өөрийн гэсэн экспортын замтай болж, Монголын нүүрс тээвэрлэлтэд “эзэн” суух нь дээрээс чиглэлтэй нэгэнт шийдэгдсэн, бас ойлгомжтой асуудал болсон байна.

Харамсалтай нь, “Чалко” манай нүүрсний тээвэрлэлтэд ноёрхлоо тогтоосноор Монголын компаниуд үүд хаалгаа барьж, дампуурах дээрээ тулаад байна. Нүүрс тээврийн жолооч, нүүрс тээврийн дотоодын аж ахуйн нэгжүүдийн зүгээс “Чалко” компанид давуу эрх олгож, нүүрс тээвэрлэлтийг нь нэмэгдүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг “шахах” бодлогыг Засгийн газар авч байна гэж хардаж буй аж. Ингэж хардах нь ч үндэслэлтэй, Ханбогд сумын ИХТ-ын даргын тайлбараар бол.

Хэдийгээр дотоодын нүүрс тээврийн компаниудыг нэгтгэж, битүүмжилсэн багийн /бөмбөлөг/ тээврийн зохион байгуулалтад оруулсан ч өдөрт дөнгөн данган 2-3 машин нүүрс тээвэрт гарч байгаа аж. Гэтэл “Чалко” компани өдөрт 30-40 машин нүүрс тээвэрлэлт хийж байгаа гэхээр Монголын Засгийн газар мөнгө олохын тулд ёстой “Би үхэхээр чи үх” гэгч л болж.

Ам ангайх бүртээ л хувийн хэвшлээ дэмжинэ гэх мөртлөө эрх баригчид эсрэгээрээ Монголын компаниудаа алхам тутамдаа боож, хаах шийдвэр гаргах болсон. Үүний нэг жишээ нь энэ. Ингээд Монголын нүүрс тээвэр хятадуудаас хамааралтай болчихвол эдийн засгийн хувьд ч эрсдэлтэй юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж